Б.Гантулга: Сүхбааатар аймагт коммунист дарангуйлал тогтлоо
    2017 оны 04 сарын 12 нд
    593ee55ef5cefeddd1c420056da5d4ac.jpg

    Сүхбаатар аймагт улс төрийн уур амьсгал ширүүхэн өрнөж байна. Аймгийн иргэд Үндсэн хуулиар олгогдсон сонгох эрхээ эдэлж ардчиллыг сонгожээ. Гэтэл МАН-ын гишүүд иргэдийн сонголтыг уландаа гишгэж дураараа аашлах болжээ. Энэ тухай аймгийн намын дарга асан Ж.Батсуурь хэлэхдээ, Манай аймагт үүссэн нөхцөл байдалтай танилцахаар ирсэн намын дарга С.Эрдэнэ, УИХ дахь АН бүлгийн дэд дарга Ж. Батзандан нарт баярлалаа. Сүхбаатар аймгийн ИТХ 33 төлөөлөгчтэй үүнээс 17 АН-аас сонгогдож, 16 МАН-аас сонгогдсон. Бид өнөөдрийг хүртэл Засаг даргаа батламжуулж чадахгүй дээрээс нь хуралдаа сууж чадахгүй өнөөдрийг хүрлээ. МАН төлөөлөгчид 16 хүн хууль зөрчиж хуралдаж ажлаа явуулж байна. Нэг үгээр хэлбэл, эдгээр нөхдүүд хууль бус үйлдэл хийж байна. Улс төрд ийм хүчирхийлэл байж болохгүй. Бид сөрөг хүчин болж гишүүдийнхээ өмнө нээлттэй, шинэчлэгдсэн нам болохын төлөө сүүлийн есөн сарын хугацаанд бүхий л чадлаараа ажиллаж байж өнөөдрийн амжилтад хүрсэн. Би өнөөдөр шинэчлэлийн үйл хэргийг үргэлжүүлэхийн төлөө, залуу хүчирхэг ирээдүйн намын лидер болох М.Идэрбатдаа намын даргын ажлыг хүлээлгэж өглөө” гэсэн юм.

    Ардчилсан намын дарга С.Эрдэнэ болон УИХ дах АН-ын бүлгийн Ж.Батзандан нар ҮБХ, аймаг,сум, дүүргийн намын хорооны дарга нарт баяр хүргэж “Батламж” гардуулсан юм. Мөн намынхаа шинэчлэлийн төлөө дотоод сонгуульд гар бие оролцож идэвхи зүтгэлтэй ажилласан гишүүдээ Ардчилсан намын дээд шагнал Эрх чөлөөний одон, Лиш одон, Ардчилсан намын ахмад зүтгэлтэн одонгоор шагнаж урамшуулсан юм. Энэ үеэр Сүхбаатар аймгийн АН-ын гишүүн Б. Гантулгатай цөөн хэдэн хором ярилцлаа

     

    Б.Гантулга: Сүхбааатар аймагт коммунист дарангуйлал тогтлоо.

    -Суулт зарлаж эхлээд хэд хонож байна вэ?

    - Суулт зарлаж эхлээд 14 хонож байна. Анх бид долуулаа эхэлсэн одоо нэг нь гадуур ажлаа амжуулаад зургаа нь суултаа үргэлжлүүлж байна. Бидний хувьд бол ямар нэгэн албан тушаалын төлөө биш ард түмнийхээ сонголтыг хүндэтгэхийг шаардаж тэмцэж байна. Өнөөдрийн аймгийн Засаг дарга нь манай намын хүнд ялагдчихаад түүнийгээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь маш бүдүүлэг хэрэг. Шүүхээр биднийг гэм буруугүй гэдэг нь тогтоогдсон. Сонгуулиас хойш 57 удаа шүүх хурал боллоо. Шүүх хуралд орж буй хүмүүс нь фээсбүүк дээр лайк дарсныхаа төлөө гэмтэй буруутай хүн шиг байнга шүүхэд дуудагдаж байна. Нэг үгээр хэлэхэд Сүхбааатар аймагт коммунист дарангуйлал тогтож байна гэж ойлгож болохоор байна.

    - Шударга үнэний төлөө тэмцэж буй та бүхэнд баярлалаа. Зорилго нь биелэх цаг ойртож байгаа болов уу. Хэдийгээр хоёр өөр нам ч гэлээ нэг нутгийн хүмүүс шүү дээ?

    - Бидний зорилго биелэхэд ойрхон байгаа гэдэгт итгэж байна. Шударга үнэн хэзээд ялдаг шүү дээ. Угаас энэ жалга довны намчирхах үзэл Ардчилсан нийгэм рүү шилжихээс өмнө байсан. Гэтэл өнөөдөр ийм цаг үед, тодруулбал МАН засгийн эрх барих үед ахиад дэлгэрээд гараад ирнэ гэж огт бодсонгүй. Бид энэ тэмцлээ хийхдээ ард иргэдийг турхираагүй, тайван замаар хийж байгаа. Өнөөдөр төрийн 80 гаруй албан хаагчыг халсан. Хамгийн туршлагтай олон жил ажилласан хүмүүсийг халж оронд нь гудамжнаас хүн авчраад Тамгийн газрын дарга болгож байна. Бид ийм л шударга бус зүйлийн төлөө тэмцэж байгаа юм.

    - Та бүхний суултад хөндлөнгөөс саад учруулах гэж оролддог гэсэн?

    - Бид шударга ёсыг л шаардаж байгаа. Төрийн дуулал хонхны дуугаа сонсоод сууж байхад бидний тогийг тасалдаг. Зурагт хуудсуудыг урдаг хэдэн хүн бий. Удирдлагуудын явуулга л даа. Элдэв шийдвэр гаргаж хөөнө. Мөн бидэнд тусалж байгаа хүмүүст дарамт шахалдаг үзүүлдэг. Бидний тавьж байгаа гол шаардлага бол Дарьганга сумын 1900 сонгогчдын эрх ашгийн хүндэтгэж ИТХ-ын төлөөлөгчийн түр үнэмлэхээ авсан хүний эрхийг баталгаажуулаад өгөөч гэж л хүсч байгаа юм. Гэтэл МАН –ын нөхдүүд маань хоног өдөр алдаж, аргацаах гэж увайгүйтэж байна.