Баянзүрх дүүргийн Ардчилсан намын хорооны анхдугаар хуралдаан боллоо
    2017 оны 04 сарын 14 нд
    eb495d9fffb343a8049d78d2825c5222.jpg

    Өнөөдөр Баянзүрх дүүргийн Ардчилсан намын хорооны анхдугаар хуралдаан болж тус хуралдаан дээр ҮБХ-ны гишүүдийн “Батламж”-ийг намын дарга С.Эрдэнэ болон дүүргийн засаг дарга Д.Пүрэвдаваа нар гардуулж өгсөн юм. Баянзүрх дүүргийн Ардчилсан намын хуралдааныг намын дарга С.Эрдэнэ нээж үг хэлэхдээ:

     

     “Намын хорооныхоо анхдугаар хуралдааныг хийж байгаа Баянзүрх дүүргийн Ардчилсан намын  гишүүд та бүхэндээ чин сэтгэлийн халуун мэндчилгээг өргөн дэвшүүлье. Ардчилсан намын шинэчлэлийн давлагаа амжилттай үргэлжлэн, бид шинэчлэлийнхээ хүрээнд олон ажлыг хийж Ардчилсан нам Монголын улс төрийн түүхэнд шинэ бүхнийг эхлүүлж түүчээ нь болж явааг дуулгахад таатай байна. Бид анх удаа бүх гишүүдийнхээ саналаар намын даргаа сонгож, намын  гишүүд анхан, дунд шатны намын удирдлага, удирдах бүрэлдэхүүнээ сонголоо. Бид шинэчлэлийнхээ хүрээнд намынхаа дансыг шилэн болгож нэр дэвшигчдийн дэнчинг ил тод нээлттэй зарлаж, санхүүгийн ил тод байдлыг бий болгож чадлаа. Ардчилсан нам анх удаа хөрөнгөтөн олигархуудын халааснаас гарч намын залуу лидерүүд цаашид хэн нэгний санхүүгийн дарамтан дор ажиллахгүй байх нөхцөлийг бүрдүүлж чадлаа. Ингэж чадсанаар бид аль нэг фракцын дарамт шахалтан дор шийдвэр гаргахгүй зөвхөн гишүүдийнхээ үгийг сонсож ажлаа хийдэг гишүүдийн нам болсоноо зарлаж байна.”  хэмээв.

    Харин Баянзүрх дүүргийн Ардчилсан намын Д.Пүрэвдаваа “Ардчилсан нам маань шинэчлэл хийж дүрмийн шинэчлэлээ албан ёсоор дээд шүүхэд бүртгүүлсэн. Энэ дүрмийн хүрээнд аймаг, сум, дүүрэг, нийслэлийн намын дарга нар бүх гишүүдээсээ сонгогддог журамтай болсон. 2012-2016 оны хооронд нэг баг болон ажиллаж ардчилсан үзэл баримтлалыг түгээн дэлгэрүүлэх их үйлсэд хамтдаа зүтгэсэн журмын нөхөд та бүхэндээ энэхүү индэр дээрээс талархаж явдагаа илэрхийлмээр байна. 27 жилийн өмнө Ардчилсан нам анхдугаар хуралдаанаа хийж байсан өдөр манай дүүрэг анхдугаар хуралдаанаа эхлүүлж байгаад баяртай байна” гэв. 

    Ийнхүү хуралдааны үеэр намын залуу лидерүүд ҮБХ-ний батламжаа гардан авч намын зарим гишүүдийг Ардчилсан намын дээд шагнал “Эрх чөлөөний одон”, “Ардчиллын ахмад зүтгэлтэн”, Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны дээд шагнал “Лиш одон” зэргээр тус тус шагналаа.