Говийн бүсийн уулзалтууд өндөрлөлөө
    2017 оны 04 сарын 17 нд
    20ae68ac2b28ae36ebf753424e9e9bbd.jpg

    Ардчилсан намын дарга С.Эрдэнэ Говийн бүс дэхь ажлаа дуусгаад өнөөдөр өглөө нийслэлд ирлээ. Тэрээр Дорноговь, Говьсүмбэр аймагт ажилласныхаа дараа Өмнөговь, Дундговь аймагт ажиллажээ. Тодруулбал, Өмнөговь аймгийн Ардчилсан намын хорооны өргөтгөсөн хуралдаанд оролцож, удирдлагын бүтцэд сонгогдсон хүмүүсийг батламжилсан юм. Өмнөговь аймгийн Ардчилсан намын дарга Р.Сэддорж намын хорооны өргөтгөсөн хуралдааныг нээж үг хэлэхдээ,

    “Ардчилсан намд шинэчлэгдсэнээр намын гишүүдийн идэвхи сэргэж, үүнийг дагаад залуучуудын оролцоо нэмэгдэж байгааг харахад таатай байна. Манай нам мэдлэг боловсролтой, оюунлаг залуусаас бүрдсэн гишүүн төвтэй нам болж чадлаа. Өмнөговь аймгийн Ардчилсан намын ҮБХ-ны 10 гишүүн, 15 сумын намын дарга , аймгийн намын хорооны 150 гаруй гишүүдийн бүрэн эрхийг батламжиллаа. Мөн 2016 оны орон нутгийн сонгуульд Өмнөговь аймгийн Хүрмэн, Ханбогд, Сэврэй сумын Ардчилсан нам амжилттай оролцож ялалт байгуулсан учраас дээрх сумдын дарга нар улиран сонгогдож байгаа юм” гэв.

    Ардчилсан намын дарга С.Эрдэнэ “Миний бие та бүхнийхээ саналаар Ардчилсан намын даргаар сонгогдсон. Ардчилсан намын эхлүүлсэн шинэчлэлийн ажил гишүүн бүрт хүрсэн нь явсан газар бүрт харагдаж байна. Гишүүдийн идэвхи ийн сэргэж байгааг харахад сайхан байна. Бид шинчэлэлээ ингээд зогсоохгүй ээ. Цааш нь тууштай үргэлжлүүлэх болно. Манай нам шиг гишүүн бүрээ цахимаар бүртгэсэн, гишүүдээрээ шийдүүлдэг, гишүүн төвтэй нам өнөөдөр Монгол Улсад байхгүй. Өнөөдөр намын данс шилэн болсон. Та бүхэн намын санхүүгийн мэдээллийг ил тод, нээлттэйгээр харж болно. Би энэ намын даргын ажлийг хүлээж авахдаа ганц тамга л хүлээж авсан. Гэсэн хэдий ч Ардчилсан намыг зөвхөн “Ардчилал” гэсэн ганц фракц байлгахын төлөө аль нэг фракц, олигархын халаас руу гүйж ороогүй юм. Манай нам дэндүү олон талцал, гишүүдээсээ тасарсан байдлаасаа болж түүхэндээ нэг ч удаа олонхи болж чадаагүй. Бид зөвхөн олуулаа л болж байсан. Өнөөдрөөс эхлээд бид гишүүн төвтэй нам болсон учраас 2020 онд ялалтынхаа цэнхэр тугийг дангаараа өргөх болно. Та бидний хийх хамгийн эхний ажил бол Ардчилсан ерөнхийлөгчийн буухиаг таслахгүй байх юм шүү.” хэмээн Өмнөговь аймгийн намын гишүүддээ захив.

     

    Дараа нь С.Эрдэнэ дарга Дундговь аймагт ажиллаж, аймгийн намын хорооны өргөтгөсөн хуралдаан оролцлоо.

    Тэрээр “Бид дотоод асуудлаа шийдвэрлэж “Ардчилсан нам” гэх ганцхан фракцтай боллоо. Биднийг ийн нэгдэж байгааг эрх баригчид хараад зүгээр суусангүй. Аль болох харлуулах гэж хичээж байна. Мөн сонгуульд худал амлалт өгч иргэдийг төөрөгдүүлж, залилан мэхлэх замаар ялснаа үйлдлээрээ баталж байна. Хүүхдийн мөнгөний 60 хувийг 2019 онд багтааж бүгдыг нь өгнө гэсэн боловч, үүнийгээ цуцаллаа. Үлдсэн 40 хувийг нь бэлэн болон хүнсний талон хэлбэрээр өгөх гэнэ. Богд хаан боорцог шидэж байгаа мэт ард түмнийг ингэж доромжилж басамжилж болохгүй. Энэ хуурамч худал бүхэн 2020 оноор дуусгавар болох болно. Улс орны хөгжлийн бодлогыг тогтоож, эдийн засгийг сэргээх үүрэг хүлээж засгийн эрх авсан МАН боловсролгүй, боловсон хүчингүй баг бүрдүүлж халаасаа зузаатгахын төлөө ажиллаж байна. Үүний золиос нь ард түмэн болж байгаа нь харамсалтай. Өнөөдрийн комнистуудад үнэ цэнэтэй нэг ч зүйл алга. Тэд албан тушаал, эрх мэдлийн төлөө улайран дайрч байна. Сангийн сайд Б.Чойжилсүрэн Монгол Улсын эдийн засаг бараг дефолт болсон гэж зарласнаараа улсын зээлжих зэрэглэлийг хоёр хувиар бууруулсан. Үүнийхээ дараа ОУВС-гаас авсан зээлээрээ Ардчилсан намын үед гаргасан бондын өрийг дарлаа гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр худлаа мэдээлэл цацсан. Ардчилсан намын үед гаргасан бондын мөнгөний эргэн төлөлт 2018 оноос эхлэж төлөгдөх юм. Ардчилсан намыг хоёр сонгууль дуустал босч ирэхгүйгээр уналаа гэж МАН бодсон байх. Бид есөн сарын дотор шинэчлэлээ хийж, намынхаа дансыг шилэн болгож, олигархуудаасаа салж чадлаа. Өнөөдөр Ардчилсан нам гишүүдийн нам болсон” гэлээ. Ийнхүү Ардчилсан намын дарга С.Эрдэнэ говийн бүс дэхь томилолтоо дуусгаад өнөөдөр Багануур, Төв аймагт ажиллах юм байна.