Р.Бумцэнд: Ардчилсан намын шинэчлэл гишүүдэд төдийгүй жирийн иргэдийн талархалыг хүлээж байгаа
    2017 оны 04 сарын 17 нд
    296f6758d2b2f8d4c8851b3771ce2074.jpg

    -Ардчилсан намын дээд шагнал Эрх чөлөөний одонгоор шагнуулсанд баяр хүргэе?

    - Баярлалаа. 27 жилийн өмнө анхны цуглаан болоход Монгол Улсын төрийн шагналт зохиолч Д.Пүрэвсүрэн, Т.Галсан бид гурав Залуучуудын ордны өмнө айж ичилгүйгээр очиж Ардчиллын үйл хэрэгт гар бие оролцож байсан түүхтэй. Түүнээс хойш өдийг хүртэл 27 жилийн туршид оюутан залууст Ардчиллын үнэт зүйлийг ойлгуулж дэлгэрүүлэхийн төлөө ажиллаж байна даа.

    - Чухам яагаад Ардчиллыг дэмжих болсон юм бэ?

    - Тухайн үеийн сэхээтнүүд бид энэ нийгэм цаашаа хөгжихөө больж мухардалд оржээ гэдгийг харсан хэрэг л дээ. Тухайн үеийн социалист тогтолцоотой улс гүрнүүд эхнээсээ нурж унаж байсан. Үүнийг бид олж харсан учраас залуучуудаа дэмжихээр гар нийлж ажиллаж эхэлсэн.

    - Багш хүн болохоор залуусыг“сэрээж” чадна гэдэгтээ итгэлтэй байсан байх?

    - Би улс эх орныхоо ирээдүй хойч болсон залуусаа ийм нийгэмд амьдруулахгүй гэж зүтгэсэн учраас хаалттай нийгмийн үед ажил, маьдралаа алдана гэж айлгүйгээр Ардчиллыг дэмжсэн. Бидний нөхөд тухайн үеийн нийгмийн соён гэгээрүүлэгч, сэхээтнүүд байсан учраас энэ давуу талаа ашиглаж залуучуудад Ардчиллын үнэт зүйлсийн талаар маш их ухуулаг хийж байлаа.

    - Ардчилсан намын ололттой, алдаатай талууд нь юу гэж хардаг вэ?

    - Хүн гэдэг өөрөө эрх чөлөөтэй байх гэж л амьдардаг. Ардчилал бол эрх чөлөө гэдгийг тунхагласан нийгэм. Дарангуйлагч нар эрх чөлөөг хүн төрөлхтөнд тийм амар өгөхгүй. Маш их тэмцэл, алдаа оноо унаж босохын заагийг туулж байж Ардчилал ирдэг юм. Цаашдаа ч ийм л байх болно.

    -Та намынхаа шинэчлэлийг хэрхэн дүгнэж байна вэ?

    -Манай нам бол шинэ бүхний түүчээ гэдгээ шинэчлэл дээр харууллаа. Ардчилсан намын шинэчлэл гишүүдэд төдийгүй жирийн иргэдийн талархалыг хүлээж байна. Манай намын журмын нөхөд маш зоригтой эхэллээ. Шинэчлэл цаашаа үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна. Намд цус сэлбэлт маш ихээр хийгдэж байна. Мэдлэг боловсролтой залуучууд Ардчилалыг дэмжиж дуу хоолойгоо өргөж намын лидер болохоор үзэл бодолдоо үнэнчээр зүтгэхээ илэрхийлж байхыг харах сайхан байна. Бид одоо өнгөрснөө харах биш ирээдүйгээ харж дэлхийн жишигтэй хөл нийлүүлэн алхах ёстой.