Дарханчууд дараах зарчмаар ялалтад хүрнэ
    2017 оны 04 сарын 19 нд
    6eb36f827bc14fdcc8769f71fe0d982f.jpeg

    Ардчилсан намын дарга С.Эрдэнэ Дархан-Уул аймгийн Ардчилсан намын хорооны өргөтгөсөн хуралдаанд оролцлоо. Ардчилсан намын шинэчлэлийн ажлын хүрээнд удирдлагын бүтцийн 17,800 сонгуульт албан тушаалтныг нийт 152,000 гишүүний саналаар тодруулсан. Ийнхүү шинэчлэгдсэн АН-ын удирдлагын бүтцийг батламжлах, цаашдын зорилт үйл ажиллагааны талаар санал бодлоо солилцох ажил үргэлжилсээр байгаа билээ. Тэгвэл дарханчууд шинэчлэгдсэнээр дараахь есөн зарчмыг хэрэгжүүлж, 2017, 2020 оны сонгуулиудад амжилт гаргана гэв. 

    Тодруулабал, 

    1. Бодлогын нам: Улс орныхоо болон Дархан-Уул аймгийнхаа хөгжлийн стратеги бодлогыг тодорхойлоход жинтэй хувь нэмэр оруулдаг оюунлаг шинжлэх ухаанч байхыг зорилго болгоно.

    2. Хөжгил шинэчлэлийн түүчээ: Нийгэм эдийн засгийн бүх салбарт хөгжил дэвшлийн манлайлагч нь болж, хуучинсаг, хоцрогдмол байдлыг халах, шинэчлэлийн төлөө тууштэй тэмцэх болно.

    3. Эв нэгдэл: Өвөг дээдэс маань олон зууныг дамжуулан үе үеэрээ бидэнд сургаал болгон захиж буй эв нэгдэл, хамтран ажиллах зарчмыг намынхаа суурь зарчим болгоно. 

    4. Итгэл хүлээж, итгэл даадаг нам: Улс орон, иргэдийнхээ ашиг сонирхолыг нэн тэргүүнд тавьдаг байх зарчим, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ ухамсарлах нь бүх шатны намын байгуулагуудын суурь зарчим болно.  

    5. Ил тод нээлттэй тунгалаг байх зарчим: Манай намын үйл ажиллагаа, түүний дотор санхүүгийн орлого, зарлага нь гишүүддээ олон нийтэд ил тод байх нь Монголын төрийг авилгал, хээл хахууль, албан тушаалын наймаа, олигархуудын шууд нөлөөллөөс ангид байлгах боломжийг олгоно.

    6. Хариуцлагын тогтолцоо, шударга зарчим: Бүх түвшинд эрх үүргээ мэддэг, ойлгодог байх зарчмыг мөрдлөг болгож тооцдог байх, шийдвэр, үйлдлийг хариуцлагыг шударга, зарчимтай байх ёс зүй намын бүх шатанд хэрэгжих ёстой. 

    7. Боловсон хүчний бодлого, мерит зарчим: Намын боловсон хүчний мэдээллийн нэгдсэн санг бий болгох,боловсон хүчнийг бэлтгэх чадваржуулах сургалтыг зохион байгуулах, төрийн албанд намаас нэр дэвшүүлэх хүмүүсийг боловсрол, чадвар, намын ялалтад оруулсан хувь нэмрийг тооцож дэвшүүлдэг шудрага зарчим /мерит/ыг баримтлана.

    8. Залуу нам, Залгамж халаа: Намын боловсон хүчний бодлогын суурь зарчим бол бүх үеүүдийн холбоог бэхжүүлэх, намын дэргэдэх ахмадын, залуучуудын байгууллагуудын хамтын, ажиллагаа холбоог хүчирхэгжүүлэх замаар бүх шатны намын байгууллагуудын чадамж, төлөөллийн зарчмыг хангана.

    9. Дотоод зохион байгуулалт, ардчилал: Төрийн тулгуур болсон улс төрийн хүчнний хувьд дотоод зохион байгуулалт сайтай нам болно. Энгийн гишүүд анхан шатны намын байгуулллагынхаа байр суурь,  бодлыг бодлогодоо тусгах чадвартай, шууд ардчиллын зарчмыг мөрдлөгө болгосон олон түмний нам болно гэсэн есөн зарчмыг хэрэгжүүлж ажилласнаар ялалтад хүрнэ гэсэн юм. Өргөтгөсөн хуралдааны дараа Ардчилсан хувьсгалын төлөө зүтгэж явсан зарим гишүүдийг Ардчилсан намын дээд шагнал “Эрх чөлөөний одон”, “Ардчиллын ахмад зүтгэлтэн”, Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны дээд шагнал “Лиш одон” зэргээр тус тус шагналаа.