С.Эрдэнэ: Ардчилал бол Монголын тусгаар тогтнолын баталгаа
    2017 оны 04 сарын 22 нд
    77d90d7df3eeac789b342e7c31cdf7e5.jpg

    Ардчилсан намын дарга С.Эрдэнэ төвийн болон зүүн бүсийн аймгуудад ажиллаж, намынхаа гишүүд, дэмжигчидтэй уулзсан бол Баруун бүсийн уулзалтаа Өвөрхангай аймгаас эхлүүллээ.

    Өвөрхангай аймгийн Ардчилсан намын дарга Л.Энхбат намын хорооны өргөтгөсөн хурлыг нээж үг хэлэхдээ “Ардчилсан намын шинэчлэлийн хүрээнд Дотоод сонгууль явагдсан. Уг сонгуулиар Өвөрхангай аймгийн АН-ын 6000 гаруй гишүүн шинэчилсэн бүртгэлдээ хамрагдаж, сонгуульдаа идэвхитэй оролцлоо. Энэхүү сонгуулиар Өвөрхангай аймгийн АН-ын гишүүд надад итгэл хүлээлгэж сонгосон. Өнгөрсөн 27 жилийн хугацаанд Өвөрхангай аймагт Ардчилсан нам нэг ч удаа олонхи болж байсангүй. Энэ нь Өвөрхангай аймгийн ард олон Ардчилсан намын гишүүд та биднийг эв нэгдэлтэй, хариуцлагатай, хүчтэй, зохион байгуулалттай, бодлоготой нам болохыг шаардсан шаардлага хэмээн харж байна. Иймээс бид бүхэн өнөөдрөөс эхлэн зохион байгуулалттай, бодлоготой нам болж 2020 онд Өвөрхангай аймагт бүх шатны сонгуульдаа ялалт байгуулсан Ардчилсан нам болохын төлөө хамтдаа зүтгэе гэж та бүхнийг уриалж байна” гэлээ.

    Түүнчлэн Ардчилсан намын дарга С.Эрдэнэ намын гишүүддээ хандан үг хэлэхдээ “Ардчилсан нам гишүүн төвтэй нам болсон. Бид Ардчиллын үзэл санааг хойч үедээ түгээн дэлгэрүүлэх шаардлагатай байна. Монголд Ардчилал үгүй болбол Монгол Улсын тусгаар тогтнол үгүй болно. Өөрөөр хэлбэл, Ардчилал бол Монголын тусгаар тогтнолын баталгаа. Ардчилсан хувьсгалаас өмнө төрийн эрхийг МАН барьж байсан гэх боловч үнэн хэрэгтээ гадны хараат улс байсан. Олон сайхан аавын хөвгүүдээ, Ерөнхий сайд нараа хүний нутагт хороолгож байсан гашуун түүх бидэнд бий. Бид дахин ийм гунигт байдалд орохгүйн тулд Ардчиллаа коммунимтуудаас хамгаалж, хөгжүүлэх шаардлагатай" гэсэн юм. Аймгийн намын хорооны өргөтгөсөн хуралдааны дараа намын залуу лидерүүдэд ҮБХ-ний батламжийг гардуулав. Мөн намын зарим гишүүдийг Ардчилсан намын дээд шагнал “Эрх чөлөөний одон”, “Ардчиллын ахмад зүтгэлтэн”, Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны дээд шагнал “Лиш одон” зэргээр тус тус шагналаа.