Хилларигийн эхэлж, тэвчиж ирсэн амьдралын замнал
    2015 оны 05 сарын 01 нд
    699d02545a743af487ad0e88c5e27b9b.jpg

    Ирэх жил болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялах магадлал хамгийн өндөр хүн бол Хиллари Клинтон гэдгийг олон судалгаа, санал асуулга харуулж байгаа. Хэрэв олны таамаглаж байгаачлан Хиллари ирэх оны сонгуульд ялвал АНУ-ын түүхэн дэх анхны эмэгтэй төрийн тэргүүн болох юм. Сонгуульд нэр дэвших, эсэх нь удтал олны дундах маргаан байсныг эцэслэн тэрээр Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших болсноо өнгөрсөн сард зарласан юм. Нэгэн үе АНУ-ын тэргүүн хатагтай байсан Хиллари Клинтон 2008 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр намаасаа өрсөлдсөн ч Барак Обамад ялагдсан юм. Америкууд энэ эмэгтэйн туулсан зам, улс төрийн карьерийн талаар сайн мэддэг гэлцдэг. Гэхдээ дэлхий нийт Хиллари Клинтон гэх эмэгтэйг Төрийн нарийн бичгийн дарга, тэргүүн хатагтай гээд албархуу байдлаар нь л мэддэг.

    Хиллари Клинтоны амьдрал

    Хиллари 1947 онд Чикаго хотын жирийн нэгэн гэр бүлд мэндэлжээ. Түүний бага нас бусдын адил аз жаргалтай, тоглож наадсан үе байсангүй. Учир нь, Хилларигийн эцэг тун хатуу, яхир хүн байв. Бөс бараа, нэхмэл эдлэлийн том худалдаачин байсан түүний эцэг бүгд найрамдахчуудын үзэл бод­лыг ягштал баримтлагч хүн байв. Хиллари сурлага сайтай, онц сурдаг байсан ч эцэг нь түүнийг нэг ч удаа магтаж үзээгүй байна. Нэгэн удаа Хиллари эцэгтээ онц дүн авснаа харуултал “Ийм хялбархан, амархан хичээл үзэж байгаа юм чинь аргагүй” гээд гэрээр нэмэлт хичээл зааж эхэлсэн байна.Эцэг нь сул дорой байдалд тун дургүй байсан тул охиноо эрчүүдээс дутахгүйгээр биеэ авч явах тэсвэр хатуужил суулгасан байна. Тэрээр нэгэн удаа “Аав минь мөнгөө хэмнэхийн тулд шөнийн цагаар халаалтаа салгачихдаг байсан. Коллежид ороод би өөрийн амьжиргааны мөнгийг өөрөө олдог байлаа” хэмээн ярьсан байпаг. Хиллари эцгийгээ дарангуйлагчийн шинжтэй, сэтгэлийн догдлолоо ил гаргахыг тэвчдэггүй хүн байсан тухай ч ярьсан байдаг. Эцгийнх нь энэ байдал түүнд нөлөөлж, Хиллари хатуу, сэтгэл хөдлөлөө ил гаргах чадвар муутай хүн төлөвшсөн гэдэг. Эцгийнхээ шахалтаар олон цаг хичээл үзэх болсон Хилларигийн ойрын хараа муудаж, есөн настайгаасаа эхлэн шил зүүх болжээ. Тэрээр 13 настайдаа Бүгд найрамдах намаас парламентын сонгуульд нэр дэвшсэн Барри Гоүлдватерын сонгуулийн сурталчилгаанд анх оролцож, анхны цалингаа авч байв.

    Түүний амьдралын хором бүрт боломж тохиож байв. Коллежоо төгссөний дараа түүнд маш том боломж ирсэн нь төгсөлтийн баяраараар Сенатын өмнө үг хэлж, илтгэл тавих байв. Тэрээр илтгэлдээ Вьетнамын дайныг эсэргүүцсэн оюутнуудын үгийг дайн хэлсэн нь олон хүний гайхшралыг төрүүлэхээс гадна талархлыг хүлээв. Төгсөлтийн баярын маргааш түүний илтгэл бүрэн эхээрээ “TIME” сэтгүүлд хэвлэгдэж байжээ. Үүнээс хэдэн сарын дараа тэрээр Йелийн Хуулийн сургуульд элсэн орж, оюутнууд ч түүнийг таньдаг болсон байв.

    Түүний амьдралд санамсаргүй боломжууд ч бас тохиож байв. Хиллари Билл Клинтонтой танилцаж, найзлах болов. Тэд хамтдаа улс төрөөс “амьсгалж, найз залуу Билл нь Арканзас мужид нэр дэвшиж, ялалт байгуулав. Түүний амьдралд санаанд оромгүй эргэлтүүд ч бас байсан юм. Нэгэн өдөр Билл Клинтон түүнд гэрлэх санал тавьснаар Биллтэй гэрлэх үү, Арканзас дахь карьераа үргэлжлүүлэх үү гэдэг сонголт гарч ирэв. Түүний найз нөхөд, гэр бүл Хилларигийн бодож байснаас эсрэг зөвлөгөө өгч, карьераа дагахыг зөвлөж байв. Гэхдээ тэрээр өөрийн зүрх сэтгэлээ дагахаар шийдэж, Биллтэй гэрлэх сонголтыг хийсэн байна.

    Тэрээр бүх л амьдралынхаа туршид тууштай байж ирэв. Хиллари 20 гаруй жилийн турш Билл Клинтоны сонгуулийн мөрийн хөтөлбөрийг дэмжиж, кампанит ажлыг нь удирдсан юм. Өөрөөр хэлбэл, Билл Клинтоны амжилт тэдний хамтын хичээл зүтгэл байв.

    Түүний амьдралд хүнд үеүд ч их тохиолдож байв. Хилларигийн сонгосон эрх хүн нь өөр бүсгүйтэй бэлгийн харьцаанд орсон гэх цуурхал нэг биш нэлээд хэдэн удаа тархав. Эхний удаагийнх буюу Женнифер Флауэрстэй орооцолдсон гэх дуулианыг Хиллари үгүйсгэж өөрийн биеэр тайлбар хийж, үүнийг гүтгэлгэ хэмээн нэрлэж байв. Хоёрдахь удаад мөн л Моника Левински хэмээх бүсгүй Билл Клинтонтой амрагийн холбоотой хэмээн цуурхал тарав. Тэрээр үүнийг мөн л үгүйсгэж, нөхрийнхөө талд зогсч түүнд итгэж байв. Гэвч Билл Клинтон өөр бүсгүйтэй амрагийн холбоотой байснаа хүлээн зөвшөөрсний дараа тэрээр салах талаар хүртэл бодож байв.

    Амьдралд хоёрдахь боломж гэж байдаг. Тэрээр нөхөртөө хоёрдахь боломжийг олгож, уучилж эвлэрэв. Хэдий өөр хүнтэй амрагийн холбоо үүсгэсэн ч нөхрөө уучилж чадсан тэрээр Билл Клинтоны нэр хүндийг сэргээхэд тусалж байв. Үүний хажуугаар тэрээр өөрийн улс төрийн карьераа ч эхлүүлсэн байна. Ингээд Нью-Йоркоос АНУ-ын сенатад сонгогдов. Түүнчлэн сонгуульд нэр дэвшихээр өрсөлдсөн ч, Барак Обамад ялагдав. Гэвч ялагдсан хүнийхээ албанд Төрийн нарийн бичгийн даргаар ажилласан Хиллари өөртөө ч мөн хоёрдахь боломжийг олгож, сарын өмнө Ерөнхийлөгчид дахин нэр дэвшихээ зарласан юм.

    Хиллари Клинтоныг өмнө нь Ерөнхийлөгчид нэр дэвшиж байхад түүнийг Шекспирийн алдарт жүжгийн баатар “Хатагтай Макбет”, Францын үндэсний баатар Жанн д’Арктай зүйрлэн бичиж байлаа. Эхнийх нь Шотландын эзэн хаан болтлоо дэвшсэн цэргийн жанжин нөхрийнхөө нөмөр нөөлгөнд нэр алдрын оргилд хүрсэн ч амьдрал нь эцэстээ эмгэнэлтэйгээр төгссөн бүсгүй, нөгөө нь Франц орныхоо төлөө амь хайргүй тулалдаж ард түмнийхээ сэтгэлд мөнхөрсөн баатарлаг эмэгтэй. Ямартай ч, улс төрийн карьераа эхлүүлж амьдралаа дөнгөж эхлүүлж байгаа Хиллариг хожим хүмүүс эдгээрийн алинаар дурсахыг таашгүй. Гэвч амьдралын баялаг түүхтэй тэрээр тэмцлийн хүчинд өнөөдрийн зэрэгт хүрч, дэлхийн нөлөө бүхий эмэгтэй болтлоо явж чаджээ. 

    www.itoim.mn

    Б.Сувд-Эрдэнэ