Баянхонгор аймгийн Баацагаан, Жаргалант сумын намын хороог “Эрх чөлөөний одон”гоор шагналаа
    2017 оны 04 сарын 24 нд
    0b5ae12c2fbd0abf50a8721891fefb2c.jpeg

    Баянхонгор аймгийн Ардчилсан намын хорооны өргөтгөсөн хуралдаан өчигдөр болж өндөрлөлөө. Тус хуралдаанаар дотоод сонгуульд ялалт байгуулсан аймаг, сумын намын дарга нарыг батламжилж, ҮБХ-ны гишүүдэд батламж гардуулж өгсөн юм.

     

    Тодруулбал, Үндэсний бодлогын хорооны 15 суудал, шинээр сонгогдсон 12  сумын намын хорооны дарга нарыг батламжилж тамга тэмдгийг нь хүлээлгэн өглөө. Түүнчлэн ялалт байгуулсан зургаан сумын дарга улиран ажиллахаар болсон юм. Мөн тус аймгийн Баацагаан сумын намын хороо болон Жаргалант сумын намын хороодыг  “Эрх чөлөөний одон”-гоор шагнасан юм. Дээрх сумдын намын хороод нь Монголын Ардчилалд үнэтэй хувь нэмэр оруулж сонгууль бүрээр сумаа ялалтад хүргэдэг учраас энэхүү хүндтэй шагналын эзэн болжээ.


    Баянхонгор аймгийн Ардчилсан намын дарга Д.Ширмэн “Ардчилсан нам 2012-2016 онд засаг барихдаа Баянхонгор аймагт дэд бүтцийг сайжруулах тал дээр маш сайн анхаарч ажилласан. Аймгийн төвийн гудамж талбайг гэрэлтүүлэх, засмал зам, цэцэрлэгт хүрээлэн гээд залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газруудыг ихээр бий болгосон. Манай аймагт боловсрол, эрүүл мэндийн асуудал хүнд байсан цаг үед бид ажлаа хүлээж авч байсан. Бид аймгийнхаа боловсролын системд анхаарал тавьж ажилласнаар манай аймгийн боловсролын систем чанаржсан гэдэгтэй маргах хүн үгүй биз. Мөн эрүүл мэндийн салбарыг хөл дээр нь босгосон гээд хийж дуусгасан, хийж дуусгах ажлууд олон байна. Бид Засаг барьсан дөрөвхөн жилдээ ямар их бүтээн байгуулалт хийснийг аймгийн иргэд мэднэ. Баянхонгор аймгаа илүү хөгжүүлэхийн тулд 2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд амжилттай оролцож 2020 онд олонхи болохын төлөө өнөөдрөөс хичээх хэрэгтэй гэдгийг онцлон хэлмээр байна” гэсэн юм.
    Хуралдааны дараа Ардчилсан намын дарга С.Эрдэнэ Баянхонгор аймгийн Ардчилсан намын дарга Д,Ширмэн болон бусад албаны хүмүүс Ардчилсан намын зарим гишүүдийг  Ардчилсан намын дээд шагнал “Эрх чөлөөний одон”, “Ардчиллын ахмад зүтгэлтэн”, Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны дээд шагнал “Лиш одон” зэргээр тус тус шагналаа.