С.Эрдэнэ: Иргэдийн саналыг 20 мянган төгрөгөөр худалдаж аваад хүүхдийнх нь дөрвөн жил авах байсан 960 мянгыг хасчихлаа
    2017 оны 04 сарын 25 нд
    3b5013b43cbd796c63543f4ecc90f259.jpg

    Ардчиллын цэнхэр тугийг өндөрт мандуулсан Завхан аймгийн Ардчилсан намын хорооны өргөтгөсөн хуралдаан болж өндөрлөлөө. Өргөтгөсөн хуралдааныг нээж Завхан аймгийн засаг дарга Д.Батсайхан “Завхан аймгийн Ардчилсан намын хороо өнгөрсөн сонгуулиудад амжилттай сайн оролцож, нэг баг, нэг зүрх сэтгэлтэйгээр сонгуульд ялалт байгуулсан. УИХ-ын 17,18-р тойрогт бид хоёр нэр дэвшигчээ гаргаж хос морьтой, хос гишүүнтэй болж чадсан аймаг юм. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 41 суудлын төлөө Ардчилсан намаас 41 нэр дэвшигч өрсөлдөж оролцсоноос 24 нэр дэвшигч ялалт байгуулж Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд Ардчилсан нам олонхи болж чадсан. Энэ ялалтын эзэд нь намын гишүүд та бүхэн юм. Сумдын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд Завхан аймгийн хэмжээнд 441 мандатын төлөө 441 нэр дэвшигчээ өрсөлдүүлснээс 289 гишүүн маань ялалт байгуулж, энэ амжилтаараа бид 24 сумаас 23 суманд Ардчилсан нам ялж ардчиллын цэнхэр тугаа атгасан ийм амжилтын эзэд болсон. Багийн Иргэдийн нийтийн хурал, багийн Засаг даргын сонгууль ид явагдаж байна. Өнөөдрийн байдлаар 115 багаас 69 багт нь Ардчилсан намаас нэр дэвшигчид ялалт байгуулаад байна. Энэ ялалтын буухиа цаашид үргэлжилнэ гэдэгт эргэлзэхгүй байна” гэв.

    Завхан аймгийн Ардчилсан намын гишүүдэд хандан Ардчилсан намын дарга С.Эрдэнэ хэлэхдээ “Өнөөдөр 21 аймгаас Завхан аймаг ганцаараа ялалт байгуулж эрхээ авч үйл ажиллагаагаа явуулж байна. Завхан аймгийн Ардчилсан намын явуулж байгаа үйл ажиллагаа, амжилт бүтээлд аль ч аймаг хүрч ажиллаж чадсангүй. Сөрөг хүчин засгийн эрх авснаас хойш яг ямар ажил хийсэн юм бэ. Тэд өнөөдөр зөвхөн үгүйсгэх, харлуулах, гүтгэх аливаа асуудлыг хүчингүй болгох ажлыг хийж байна. Сөрөг хүчнийхэн өнгөрсөн онд ямар гоё чихэр шиг үгээр сонгуулийнхаа мөрийн хөтөлбөрийг чимж сонгогчдын толгойг эргүүлж байв. Тэр цагаас хойш Монгол Улс эдийн засаг, хөгжлийн хувьд нэг алхам урагшилж чадсан уу. Бид нэг алхам урагшлах битгий хэл арав хорин алхамаар хойш ухарч байна. Засгийн эрхийг авсан нам нийгмийн сайн сайхан, иргэдийн амьжиргааны төвшинг дээшлүүлэхийн тулд ажилладаг. Гэтэл өнөөдөр коммунистууд Ардчилсан намын хийсэн бүхнийг харлуулахын төлөө л ажиллаж байна. Сонгуульд мөнгөөр саналаа өгсөн иргэд хорин мянган төгрөгөөр саналаа өгснийхөө төлөө дөрвөн жил авах байсан хүүхдийн хорин мянган төгрөгөө хасууллаа гэж харамсч байна. Бидэнд хорин мянган төгрөг өгснийхөө төлөө хүүхдийн маань дөрвөн жил авах байсан 960,000 төгрөгийг луйвардлаа гэж шогширч байна. Түүнчлэн Монгол Улсын зээлжих зэрэглэлийг хоёр хувиар бууруулсан. Монгол банкны удирдлагын хариуцлагагүй мэдэгдлээс болж долларын ханш хэдхэн хоногийн дотор хэд дахин өсч иргэд хохирч, долларын саятнууд хөлжсөн. Ингээд тоочоод байвал коммунистуудад бүтээсэн гэхээсээ илүү нураасан зүйл олон юм” гэлээ.

    Өргөтгөсөн хуралдааны дараа Ардчилсан намын дарга С.Эрдэнэ Завхан аймгийн засаг дарга Д.Батсайхан нар Ардчилсан намын ялалтад үнэтэй хувь нэмэр оруулсан Завхан аймгийн Тосонцэнгэл, Баянхайрхан сумдын хороог “Эрх чөлөөний одон”- гоор шагнаж намын зарим гишүүдийг Ардчилсан намын дээд шагнал “Ардчиллын ахмад зүтгэлтэн”, Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны дээд шагнал “Лиш одон” зэргээр тус тус шагналаа.