Нам бол Монгол хүн Монгол хүнээ мохоох зэвсэг биш
    2015 оны 10 сарын 28 нд
    fa44305f56b66b7054e9460997ed2d7c.jpg

    Сонгуулийн жил ойртсоноос болсон уу, эсвэл Төрийн ордонд хэдэн жил ажилласнаас болсон уу бүү мэд сүүлийн үед зарим нэг залуус улс төрийн талаар зөвлөгөө авъя гэж асуудаг болов. 

    Гэхдээ зөвлөгөө авч, юм асууж буй хүмүүс ерөнхийдөө хоёр төрөлд хуваагдаж байна. 

    Нэг дэх хэсэгт багтаж буй залуус сурах мэдэхтэй холбоотой асуулт асууж, ярьж хөөрөх юм. Тэдний хувьд дэлхийн шилдэг сургуулиудад хэрхэн элсэж орох тухай, сургуулийн хэв маяг, шилдэг сургуульд сурахын тулд ямар тактикаар бэлтгэх гээд зөндөө юм асууна. Бололцоогоороо хэлнэ, мэддэг чаддаг хүмүүстэй нь холбохыг хичээнэ. Тэдний нэг жишээ бол Баярбат гэж залуу бий. Өвөрхангайд сургуулиа дүүргээд, ШУТИС-ийн бакалаврт хэдэн жил сурч байгаад бие дааж шахам герман хэл үзээд хоёрхон жилийн дотор дориун болгоод амжиж.

    Улмаар ХБНГУ-д тэтгэлгээр суралцаж байгаа. Нөхөр Германд суралцах хугацаандаа Англи хэлийг бие даагаад тун чамбай эзэмшиж. Саяхан хичээлийн амралтаараа Бостонд ирээд хэл усаа сайжруулангаа Харвард, MIT зэрэг сургуулиудаар явж орчинтой нь танилцаж буй нэгэн. Асууж байгаа асуултууд нь няхуур, өөртөө итгэлтэй бас зорилготой. Өөртөө өндөр шаардлага тавьдаг, түүндээ хүрч буйгаа харуулж байгаа түүн шиг залуус Монголд олшрох учиртай. 

    Ийм залуусын хувьд нэгдүгээрт мөнгө чухал биш. Учир нь тэтгэлэг авах хэмжээнд хангалттай өөрийгөө боловсруулж, бэлтгэж, хүний гар харалгүй санхүүгийн дэмжлэг олоод авчихдаг. Зорилгоо зөв тодорхойлж, түүндээ хамаг анхаарлаа хандуулсан хэний ч өмнө бэрхшээл болгон өөрийг нь хурцлах даваа болж харагддаг. Даваа ахих тусам улам өндөрсөх ч, далай гатлах тусам улам өргөсөх ч өөртөө итгэх итгэлийг нь өрдөж, онцын төвөг учруулахгүй улам л өнгө оруулна. 

    Харин Баярбат болон түүнтэй ижил төрлийн хүмүүсээс тэс өөр асуулт асуудаг хүмүүс байна. Тэр нь “Аль намд элсвэл зүгээр вэ?” гэж аминчлан асуух хүмүүс байна. Тэднийг би дараагийн бүлэгт хамааруулж байна. Энэ нь сайн муу гэсэн үг огтоос биш, зүгээр л “дараагийн” бүлэгт тооцож болох. 

    Тэд “Би намд элсэх бодолтой байна, аль нь зүгээр вэ?” гэж асууна. Зарим нь соёлтой, болгоомжтой тойруу замаар асууна. Зарим нь шуудхан л тэр нам нь надад тийм юм санал болгож байна, нөгөөх нь ингэж байна гэх маягаар өөрийгөө “би”-д тодотгож ирээд л тайлбарлана. Тийм асуулт асуусан залууст би нэг ч удаа “тэр намд элс”, “энэнд нь битгий элс” гэж хариулж байгаагүй. Хэдий би өөрөө аль нэг намын гишүүн ч “манай намд ор” гэж хэн нэгэнд, хэзээ ч тулгаж байсангүй. 

    Намд элсэнэ гэдэг улс төрийн үйл хэрэгт “хариуцлага үүрэх”, “тодорхой нийгмийн хязгаарлагдсан орон зайд хөл тавих” шинэ алхам юм. 
    Шинээр намд элсэх гэж буй залуусаас би нэг асуулт асуудаг. “Чи үнэхээр намд элсэж байж өөрийнхөө ирээдүйг тодорхойлох гэж байна уу?” гэж. Тодорхой байр суурьтай хариулт өгөх хүн ховор. 

    Гэвч үнэхээр аливаа намд элсэх гэж буй хүмүүст би өөрийн бодлоо хэлье. Магадгүй бүхний сэтгэлд яв цав нийцэх албагүй ч ийм асуултад тэнцвэртэй зөв хариулаад өгчих хүн тэр бүр тохиолдоод байдаггүйг харгалзан бодлоо хуваалцахаар шийдэв. 

    Улс төрийн намд элсэхийн тулд хамгийн түрүүнд “улс төр”-ийн намын тухай тодорхой ойлголттой, цэгцтэй мэдлэгтэй байх ёстой. Одоогийн Монголын улс төрийн байдлыг ажвал аль нэг нам нь улс төрийн сонгодог соёлоор “цэвэр” онолын замналаар явж байгаа нь бараг байхгүй. Угаасаа тийм боломж ч мөхөс. Иргэдийн зүгээс улс төрийн намуудад итгэх итгэл суларч буй талаарх судалгаануудаас харахад намуудын төлөвшил түүхэн хөгжлийнхөө шалгарлын шатанд элдэв сорилт туулан сажилж явна. Монголд байгаа улс төрийн намууд одоохондоо удирдагч, түүнд нөлөө бүхий байр эзлэх нөхдүүдээс шалтгаалж, зарим талаар дотоодын зөрчилд идэгдэж өвчнөөр бол ужгирсан байдалтай байна. 

    Улс төрийн намуудад цэвэр үзэл бодол, үнэт зүйлээ дагаж “элсэж” байгаа залуус олон л байх. Гэвч хэн нэгэн дарга даамлын, нөлөө бүхий улс төрчдийн татаас, дэмжлэгээр, “цүнх баригч”-аар тодрох нь олонтаа.


    Эндээс үүдээд намд элсэх залуусыг багаар бодоход таван янзаар тодорхойлж үзье. 

    Нэг. Үзэл санааны манлайлагч залуус: Энэ төрлийн залуус бол өөрийн үнэт зүйл, баруун зүүний намын ялгааг ойлгодог. Тэд өөрийн итгэл үнэмшлээ онолын хувьд ойлгодог, практик дээр төсөөлөх чадвартай. Тэдний хувьд аль нэгэн намд элсэхдээ хэн нэгэн даргыг бараадаж, эрх мэдэлд шунаж шийдвэр гаргадаггүй. Хэдийгээр түүний анхаарал хандуулж буй намын үзэл баримтлал нь бодит амьдрал дээр орвонгоороо хөрвөж, нийгэмд бухимдал дагуулж байгаа ч гэлээ тухайн намын өнөөгийн зураглалаас илүү алсын төрхийг нь тодорхойлох гэж тус намыг сонгодог. Дотор нь ороод зөв хандлага бий болгоно гэсэн итгэлтэй ийм залуус өдрийн од мэт. Түүний дэмжиж буй нам ялсан, эсвэл ялагдсанаас үл хамаарч эргэлт буцалтгүй, тууштай сонголт хийнэ.

    Алт нэгэн даргыг баримжаалахаас илүү тус намын үнэт зүйл, шинэ хандлага, улс төрийн эрүүл соёлыг бүтээхийг эрмэлзэнэ. Ийм залуус аливаа намд олноор орж ирэх тусам бүтээлч, ажил хэрэгч, эрүүл хандлага төлөвшинө. Хэдий одоогоор хумсын толионы төдий эрх мэдэлгүй байгаа ч хандлага зөв залуусын хувьд шальдар булдар асуудалд гомдоллоод байдаггүй. Ийнхүү сонголт хийж буй залуусын хувьд өөрийн “TRUE NORTH” буюу жинхэнэ үзэл баримтлалаа олчихсон байдаг. Тэдний хувьд эрх мэдэл, ирээдүйн өндөр албан тушаалд санаархаж болох боловч үнэт зүйл, баримтлал нь харьцангуй эрүүл хандлагатай.

    Тэд эрх ашгийн эрэмбийг гадарлана, сайн муу, болох болохгүйг ялгана. Дарга тушаасан бол үг дуугүй биелүүлэгчид биш учраас албан тушаал, эрх мэдлээс илүү бодит хүлээн зөвшөөрөгдөлт, ёс суртахуунлаг манлайлал хамгаас чухал гэдгийг ойлгодог. Тэдний хувьд хэн нэгнээс ямар намд орохоо асуудаггүй шиг үнэт зүйлийн баримжаагаа арав таван төгрөгөөс сольдоггүй.

    Харин эрүүл, менторын түвшинд тэд санал солилцох нь мэдээж. Өдрийн од мэт ийм залуус цөөхөн. Тэд алга ташуулахаас илүү хүлээн зөвшөөрөгдөх хуулийг баримталдаг.

    Хоёр. Шүтэн бишрэгч, шүгэлдэгч залуус. Тэд хэн нэгэн үлгэр дууриалал бүхий улс төрийн нөлөөтөн, аль нэгэн зөв гэж бодсон хүнээ дагаж, заримдаа тэднээр дамжиж намд ордог. Нэг намд орчихсон бол “өөрийн тал”, “айлын тал” гэсэн сэтгэхүй суучихдаг. Улс төрийн үзэл баримтлал, хандлага, үнэт зүйлийг бол өөрийнхөө сонгосон зам зөв гэдэг хүрээгээр л хэмжинэ. Өөрийн алдааг хүлээн зөвшөөрөхөөс илүү бусдын сул талыг дөвийлгөнө.

    Тэд өөрийн намын үйл хэргийг урагшлуулахын тулд хүнлэг байдал, ёс суртахууны хил хязгаарыг  хэзээ ч зөрчихөд бэлэн байдаг. “Цагааныг хараар буд” гэж дарга нь тушаавал “Мэдлээ гүйцэтгэе!” гээд л гарч одно. Өөрийн талдаа оноо авч л байвал бусдын сайн сайхныг юман чинээд ойшоохгүй.

     Өөрийн алдааг хүлээн зөвшөөрөхөөс илүү бусдын сул талыг дөвийлгөнө.

     

     

    Тэдэнд бодит эрх мэдэл, алба тушаалд хүрч л байвал хүн ёсны жудаг лөөлөө л байна. Тэд “манай, миний” гэж бодсон талаа хамгаалахын тулд хэрэгтэй үед хамгийн чанга хагширч чаддаг. “Боорло” гэсэн газар нь боорлож, “болно” гэсэн цагт нь юу ч болсон дуугаа хураадаг. Улс үндэстний том эрх ашгийн дээгүүр хувийн өчүүхэн амбиц, бүлгийн ноёрхлоо баталгаажуулахын тулд хэрэгтэй бүхнийг хийнэ.  

    Хурган заль, худал баашлалтыг элдэв өнгө, чимгээр хачирлаж хамгийн мундаг “эх оронч”-ийн дүрийг амилуулж чадна. Шүгэл үлээхэд шуурхай эгнээнд жагсдаг эдгээр залуус Монголын улс төрийн өнөөгийн, шинэ цагийн төрхийг тодорхойлж байна. Аан тийм, элдэв янзын “шилдэг” тодруулдаг санал асуулгад тэдний зураг тэргүүн нүүрэнд гардаг. Түүгээр ч үл барам өөрөө өөртөө санал өгөхийг, “like”дараад дэмжээд өгөхийг хүсэгчид бол ерөнхийдөө энэ массыг бүрдүүлэгч гол анги. Эрүүл ухаанаар бод л доо, жинхэнэ манлайлагчид бол үйл хэргээгээ, хийж буй ажлын цараагаараа олонд танигдах буюу бусдад хүлээн зөвшөөрөгддөг. Жинхэнэ лидерүүд цаасан дээр, зурагт хуудсаар биш, цахим ертөнцөөр биш амьдрал дээр тодорч байдаг. Тэд хиймэл амжилтын төлөө кампанит ажил зохиож пиар хөөцөлдөггүй.

    Гурав. Мөнгө төвтэй залуус. Энэ залуусын хүрээ харьцангуй өргөжөөгүй ч ойрх ирээдүйд хүчээ авах төлөвтэй байна. Ихэвчлэн эцэг эхийнхээ эрх мэдлийн үргэлжлэл болон “тодорч” байгаа гэгээнтнүүд. Тэд бага залуу наснаасаа өндөр боловсрол эзэмших, магадгүй мөнгөөр дутахгүй өндийх завшаанаар өлгийдүүлж өссөн. Тэд муу хүмүүс биш ч асуудал шийдэх арга барил нь тогтворгүй.

    Ихэвчлэн бэлээр, бэнчнээр далайлгаж, эрх сүрээр тойглож бусдыг өөрийн эгнээндээ нэгтгэдэг. Эхнээсээ өндөр эрх мэдэлд хүрээд эхэлчихсэн эдгээр залуус аль нэгэн намд элсэнгүүтээ гэрлийн хурдаар карьер хийж чадаж байна. Толгойн эгнээний хяналтын самбарыг эзэгнэхийг ч хүсэж буй тэд. Гол нууц нь санхүүгийн хүч бололцоо нь тэднийг Монгол шиг нээлттэй, нийгмийн тулгар хөгжилтэй оронд товч зайд брэндинг хийх боломж олгож байна. Капиталист, аристократ имижтэй эдгээр залуус олон биш ч тодорхой хүрээнд, тоотой хэдхэн байгаа. Тэд бүгд бэртэгчид биш, тэдний тархи Монголд хэрэгтэй. Харин зарим нь мөнгөөр далайлгасан муйхар соёлоо эртхэн шиг засах ёстой.  

    Дөрөв. Нийтлэг эгнээнийнхэн. Тэд хувь заяандаа найддаг. Болж буй үйл явцын өрнөлд өөрөө тодорхой байр суурь баримтлахгүй ч аль нэгэн намд ч ямар нэгэн байдлаар элсээд амжсан. Хүчтэй том ноён нуруу, улс төрийн үзэл баримтлал байхгүй ч нэг нийтлэл уншаад л тархи нь угаагдах магадлал өндөр. Өдөр тутам өөрт нь үзэгдэж, харагдаж, мэдрэгдэж байгаа барометрээр өөрийн хэмжээний “улс төр”-ийн үзэл нь төлөвшиж яваа хүмүүс. Тэд намд орсон нь зөв юм байна. Аль нэг талд нь гараад явж байхад, ямар нэгэн бүлэгт хамаатай байх нь хэтдээ элдэв боломж нээх үүд байж мэднэ гэсэн хийсвэр итгэлдээ хөтлөгдөж явдаг хэсэг.

    Монголын найман настай балчраас ная гарсан ахмадуудад байдаг улс төрийн ерөнхий санал шүүмж тэдний хувьд хандлага нь болно. Мэдээж шар хэвлэл, сошиал медиа, өдөр тутмын сонин сэтгүүлийн хэрээний мэдээлэл гол цэнэглэгч нь болно. Улс төрийн онол, сүүлийн үеийн ном зохиолоос илүү нийгэмд байгаа бодит дүрүүдээс үлгэр жишээ авч сайн муугийн хил хязгаарыг хэмжинэ. Өөрөө шинээр зохиохоос илүү, бодлоо чансаатай нэрэхээс илүү гоё санагдсан нэг эшлэлийг тэр дорхноо авч өөрийн цахим самбартаа байршуулна. Өөрийн гоё гоё зургийг янз янзаар авч “сошиал имиж” бүрдүүлж, “Like”-аар кайф авахыг чухалчилна. 

    Тэдний хувьд популистуудын яриад байгаа үнэн ч юм шиг, заримдаа худал ч юм шиг санагдах ч нэг их өөрийн байр сууриа ил цагаан дэлгээд байхгүй. Гэхдээ дотны хүрээндээ бол шаггүй “улс төрч” нь болж амжина. 

    Тав. Хамхуул мэт залуус. Тогтсон үзэл баримтлалгүйн дээр, тодорхой зорилгогүй. Тэдний зорилгыг мөнгө, зарим нэгэн хүний богино зайны улс төр шийдэж байдаг. “Утсан хүүхэлдэй”. Тэдний хувьд  нам солино, фракциа өөрчилнө гэдэг бол байх л асуудал. Ганц нэг уншсан сонссон юмаа өөрөө үзсэн туулсан мэт өнгө оруулж ярина. Хөнгөн хийсвэрийн дээр тэдний хувьд улс төр хамгийн “ашигтай”, амархан тоглож болмоор тоглоом шиг санагдана. Хүсвэл тэд “бизнес” хийлээ гээд ямар нэг шалтаг хялбархан олоод улс төрийн холбоотнуудаа хаяад ч явж чадна. Дургүй нь хүрвэл шал өөр юм яриад харайлгаж явна. Гэм зэмгүй, цайлган ч гэмээр ийм залуус улс төрийн үзэл хандлагын талаар оновчтой байр суурьтай болох эрмэлзэл байдаггүйн дээр ихээхэн урлагийн сэтгэлгээтэй байдаг.  

    Эдгээр таван ангилал бол ямар нэгэн онол, үзэл баримтлал биш бөгөөд зөвхөн нэг хүний л ажиглалт. Гэхдээ хол зөрөхгүй л болов уу. 

    Дээрх ангилалд шударга ёс алдагдсаныг мэдэрсээр байж, түүний төлөө дуу хоолойгоо зориулж чаддаг түмний олонхыг оруулсангүй. Ихэнх залуусын хувьд улс төр онцын чухал биш, нийгэм эрүүл байх, нүдэн дээр нь шударга ёс амьд байх, хууль ёс бат бэх байхыг хүсдэг. Тийм залуус хэзээ ч улс төрлүү улангасан дайрдаггүй учраас дээрх таван ангилалд орох албагүй. Мэдээж улс төрөөр ирээдүйгээ тодорхойлохоос илүү бизнес хийхийг хүсдэг, баялаг бүтээхийг эрмэлздэг, эрдэм шинжилгээ, судалгаа гээд нийгмийн бусад талбарт “бодитой” ажил хийхийг хичээдэг бүтээлч залуусын тухай ярьвал дахиад олоон шинэ сэдэв. 

    Гол нь дээрх дурдсан төрлийн залуусын хэн нэгнийг нь сайн муу гэж ялгахыг хүсэхгүй байна. Угаасаа л аль аль нь байж энэ нийгэм бүтэн болж байгаа хойно. Харин хаана ч юу ч хийсэн аливааг чин сэтгэлээсээ бүтээдэг, үнэнч, шударга, хүнлэг, юмны эерэг талыг олж хардаг, түүний төлөө тууштай зогсож чаддаг залуус олон байвал Монгол маань хөгжинө. 

    Дээрх таван бүлэгт хамааруулсан залуусын аль алинд нь сайн ч хүн их бий, саар үйлтэн ч байж л таарна. Гол нь ерөнхий төлөв, өргөн хандлагаараа шинэ үеийн залуус бид өөрчлөгдөх хэрэгтэй байна. 

     Хүнлэг тал нь олон, бүтээлч тал нь түлхүү, сайн нь саараасаа алд дэлэм чадалтай байх учиртай.

     

     

    Мэдээж энэ үеийн залуусыг бүтээгч нь энэ нийгэм өөрөө. Боловсролын тогтолцоо, гэр бүлийн хүмүүжил, нийгмийн нийтлэг үнэлэмж, үнэт зүйлийн цогцолбор, зах зээлийн нүргээн дундаас өнөөдрийн залуус өндийж байна. 

    Хүссэн ч эс хүссэн тэд Монголын маргааш. Хүнлэг тал нь олон, бүтээлч тал нь түлхүү, сайн нь саараасаа алд дэлэм чадалтай байх учиртай. Ажил хэргийн анкетаар бол, авсан гавьяа шагналаар бол Монголын залуус бүгдээрээ Зукербергиэс дутахгүй мундгууд. Одоо гол нь амьдрал дээр батлах, өрсөлдөх чадвараа харуулах цаг. 

    Дүгнээд хэлэхэд, “аль намд элсэх вэ” гэдэг асуулт бол “би эр хүн үү, эм хүн үү?” гэж асууж буйтай агаар нэг. Үзэл бодол чинь хаана юм, үнэт зүйл чинь аль байна, тэр баримжаагаараа л намаа сонго. Хэрвээ сонгох бол шүү дээ. Шаардлагагүй бол өөрийгөө битгий тамла. Өөрийгөө хэн гэдгийг мэдэж байж, хэн болохоо төсөөлж байж явах замаа сонго. Гэвч ямар ч нам сонголоо гээд намаас дээгүүр улсын эрх ашиг байх ёстойг, үндэсний язгуур эрмэлзэл байх учиртайг бүү март.

    Сонгосон нам чинь үзэл бодлын чинь л ялгарал болохоос биш, Монгол хүн Монгол хүнээ мохоох хэрэгсэл биш. Харыг цагаанаар, цагааныг хараар будах будаг ч биш. Аль нэг намын батлах өвөртөллөө гэдэг шат ахих нэр бүр ч биш. Үхэн хатан тэр намдаа амь амьдралаараа дэнчин тавь гэсэн үг огт биш. 

    Дашрамд дурдахад дээр өгүүлсэн бүхэн улс төрийн ертөнцөд зангуугаа татан хөдөлж буй хүн бүхэнд зүгээр л дотроо мэдээд авахад илүүдэхгүй болов уу гэсэн зөвлөмж юм. Чухам өөрийгөө алин болохыг анзаараад засч залруулах зүйл байх аваас тусгаад авна биз. Үгүй бол уншихгүй байхад л болно.Энийг бичиж буй нь хүмүүсийг нийгэмд ил тодоор олон хэсэгт хувааж, талцуулах биш хийрхлээр өвчилсөн нийгмийнхээ өвчний оношийг эрт дээр нь ойлгож, илааршуулах гэсэн оролдого.

    Монголын тэгш өндөрлөгийг олон аймаг, зуу зуун сумдад засаг захиргаагаар хуваадаг. Харин оюун тархийг нь өч төчнөөн нам, өдрийн нэг мэндэлдэг фракцаар бүү хатингаршуул. Олон ургалч үзэл бидний тэгш эрхийг баталгаажуулдаг ч ардчиллаар түрий барьж анархизмд бүү авт. Монголын түүхийг аль нэгэн намыг харьяанд бүү оруул. Монголын бахархлыг намыг “харьяаллаар” бүү үлгэ. Монголын өнгөрснийг намчины нүдээр бүү хар, Монголын маргаашийг улс төрчийн харцаар биш, Монгол хүний тэмүүллээр хар. 

    Хилийн дээс алхахад чинь аль нэг намын Монгол гэж үзэхгүй. Алив нэг Монгол байна л гэж угтана. Үйл явдал, үзэгдлийг мөн чанараар нь харж, үнэний шалгуур цаг хугацааг давах хэмжүүрээр шийдвэр гарга. Сонголтоо хийсэн бол сонголтдоо үнэнч, туйлбартай бай. Үнэнч байна гээд үнэнийг гуйвуулах адаг ажилд хэзээ ч бүү авт. 

    Эцэст нь хэлэхэд аль нэг намын туг биш алтан соёмбот Монголынхоо далбааг өндөрт өргөж яв. 

    Жич: Энэ бичвэрийг уншаад боорлох хүн ч гарна, бодох хүн ч гарна. Алин боловч хандлагын өөрчлөлтийн төлөө бичсэн үг бүрийнхээ төлөө би хариуцлага хүлээнэ. 

    Үнэт зүйлийн тухай дараа бичнэ. Өнөөдөртөө ингээд төгсгөе. 

    Сүхбаатарын Эрдэнэболд 
    Кэмбриж, Харвард 
    2015.10.27