С.Эрдэнэ: Шинэ цагийн коммунистуудын эрин үе дуусах цаг удахгүй
    2017 оны 04 сарын 26 нд
    149af157dc61800b561f746cf7f4b3dc.jpg

    Хөвсгөл аймгийн Мөрөн хотод тус аймгийн Ардчилсан намын хорооны өргөтгөсөн хуралдаан боллоо. Хуралдааныг нээж Хөвсгөл аймгийн Ардчилсан намын дарга Ш.Идэрбаясгалан “Ардчилсан намын шинэчлэл улс орон даяар өрнөж Монголын улс төрийн түүхэнд онцгойлон тэмдэглэгдэн үлдэх их үйл хэргийг эхлүүллээ. Шинэчлэлээр намын бүх шатны дарга, намын сонгуульт гишүүдийг бүх гишүүдээсээ сонгож дуусаад намын хорооны анхны хурлаа хийж байна. Бид намаа шинэчлэх их үйлсэд гар бие оролцож том түүхийн гэрч болж байна гэдгээ ойлгох хэрэгтэй. Ардчилсан нам бол Монгол Улсын хөгжлийн түүхийг тодорхойлогч улс төрийн хүчин байна гэдэгт итгэж түүний төлөө Ардчиллын зуун цагаан буяныг мянган цагаан буян болгохын төлөө нэгэн зорилготой гар гараасаа бариад нэгэн зүгт харж урагшилъя” гэлээ.

     

    Үүний дараа Ардчилсан намын дарга С.Эрдэнэ Хөвсгөл аймгийн Ардчилсан намын гишүүддээ хандаж “Ардчилсан намын ялагдлын хамгийн том шалтгаан бол бид эрх чөлөөт нийгмийг бүтээж өнөөдрийн өндөрлөгт авчирсан гэдгээ залуучуудад болон дунд үеийнхэнд ойлгуулахаа мартжээ. Бидний энэ анзааргагүй байдлыг овжин ашигласан коммунистууд тэдгээр залуучуудын маань оюун санааг үзэл суртлаараа хордуулсан байна. 70 жил үзэл суртлаар бусдыг хордуулж ирсэн коммунистууд тэр ажилдаа гаргууд байх нь ойлгомжтой. 1990 онд Ардчилсан хөдөлгөөн үүсч байхад Монгол Улс ямар байлаа. Тусгаар тогтносон Монгол Улсыг Орос, Хятад хоёроос өөр улс байдаг үгүйг мэддэггүй байсан. Хорин долоон жилийн дараа дэлхийн аль ч улс Монголыг жинхэнэ утгаар нь мэддэг болсон. Улс төр, соёл урлаг, спорт, нийгэм эдийн засгийн бүхий л хүрээнд Монгол Улс олон улсын хамтын нийгэмлэгийн эрх тэгш гишүүн болж чадсан. Дэлхийн хэмжээнд ингэж хүлээн зөвшөөрөгдөж чадсан нь Ардчиллын түүхэн гавьяа юм. Бид өнгөрсөн түүхээ эргэн харж бодит дүгнэлт хийдэг байх хэрэгтэй. Түүхийн хувьд авч үзвэл сүүлийн 300 гаруй жил Монгол Улс бусдын дарлалд колони улс байсан. 200 гаруй жил Манж Хятадын дарлалд орж Бээжинд хаад ноёдыг минь дуудаж цаазалдаг, хүссэн үедээ алба гувчуураа нэмдэг, үгэнд орохгүй бол цэрэглэж орж ирээд айл хотлоор нь хүйс тэмтэрдэг ийм дарангуйлалд бид байсан. 1921 онд Ардын Хувьсгал ялж одоо л нэг тусгаар тогтносон улс болох нь гэтэл чадаагүй. Чонын амнаас гараад барын аманд оров гэдэг шиг зүйл болсон. Тусгаар улсын зургаан ерөнхий сайдыг Москвад аваачиж бууддаг юм уу, тусгаар улсын 4000-5000 эх орончдыг Москвагийн хүйтэн шоронд тамлаж цаазалдаг юм уу, тусгаар улсын 700 гаруй сүм хийдийг газрын хөрснөөс арчдаг юм уу, тусгаар улсын 40-50 мянган лам хуварга, сэхээтнүүдийг хүйс тэмтэрч устгадаг юм уу, тусгаар улсын үндэсний бичиг соёлын үгүй хийдэг юм уу, тусгаар улсын түүх соёлыг байхгүй болгож бид Эзэн Богд Чингис хааныхаа нэрийг хэлэх эрхгүй байсан. Эзэн Богд Чингис хаанаа магтан дуулсныхаа төлөө манай найрагчид шоронд хатаж байлаа. Коммунистууд төр барьж байх үе бид цагаан сарын баяраа ч тэмдэглэж чадахгүй ууц тавгийн идээгээ орон дороо нуучхаад ээж, аавтайгаа шөнө дөлөөр очиж золгодог байсан цаг саяхан. Энэ бүгдийг эргэн сана. Ямар нийгмээс ямар нийгмийг бүтээхийн төлөө бид 27 жилийн туршид коммунистуудтай үзэл бодлын дайн хийв. Бид үзэл бодолдоо үнэнч байсныхаа төлөө өнөөдрийн сайхан цагийг, сайн нийгмийг бүтээж чадсан. Намын шинэчлэл хийгдсэнээр намын удирдах албан тушаалтнуудын 80 хувь нь залуучууд болсон. Бид хүний нөөцөө сайн бэлджээ. Бодлоготой, боловсролтой эдгээр залуучууд 2020 онд ялалт авчирна гэдэгт огт эргэлзэхгүй байна. Бидний хийсэн бүхнийг харлуулж зөвхөн өшөө авахын тулд ажиллаж байгаа эдгээр шинэ цагийн коммунистуудын эрин үе дуусах цаг удахгүй ирнэ” гэв.

    Аймгийн намын хорооны өргөтгөсөн хуралдааны дараа намын залуу лидерүүдэд ҮБХ-ний батламжийг гардуулав. Энэ үеэр Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын хороог “Эрх чөлөөний одон”-гоор шагнаж намын зарим гишүүдийг Ардчилсан намын дээд шагнал “Ардчиллын ахмад зүтгэлтэн”, Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны дээд шагнал “Лиш одон” зэргээр тус тус шагналаа.