Сүхбаатарын Эрдэнэболдыг АН-ын Нарийн бичгийн даргаар томилов
    2017 оны 04 сарын 27 нд
    a5be0a64a9942117fad89163793c69da.jpg

    Ардчилсан намын Улс төрийн бодлого хариуцсан Нарийн бичгийн даргаар Үндэсний Бодлогын Хорооны залуу гишүүдийн нэг Сүхбаатарын Эрдэнэболд ажиллахаар болов.

     

    С.Эрдэнэболд нь МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр, АНУ-ын Индианагийн их сургуулийг мөн Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн бөгөөд 2016 онд Харвардын их сургуулийн Жон Кеннедигийн нэрэмжит Төрийн удирдлагын сургуульд магистрын зэрэг хамгаалсан байна.

     

    Тэрээр 2006 онд Ардчилсан намд гишүүнээр элссэн бөгөөд АН-ын хэрэг эрхлэх газар, Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах газрын даргаар ажиллаж байсан. Эдүүгээ Сүхбаатар дүүргээс ҮБХ, болон Нийслэлийн намын хороонд сонгогдсон бөгөөд Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчээр ажиллаж байна.

     

    С.Эрдэнэболд МҮОНРТ, Нээлттэй мэтгэлцээний холбоо, ХЗДХЯ-ны харъяа Хууль зүйн Үндэсний хүрээлэн, Ерөнхийлөгчийн тамгын газар зэрэг газруудад ажилласан туршилгатай. 2016 оны 7 сард “Нээлттэй Ардчилсан нам Шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөн”-ийг үүсгэн байгуулалцаж анхных нь Ерөнхий зохицуулагчаар ажиллаж байсан. Саяхан болж өнгөрсөн Ардчилсан намын даргыг анхан шатнаас сонгох сунгаанд 21 аймаг, есөн дүүрэгт уулзалт даргалагчаар болон АН-ын VII их хурлын тэргүүлэгч, Үндсэн дүрмийн хэлэлцүүлгийг даргалагчаар ажилласан байна.

     

     

    Тэрээр түүх соёл, хэл бичиг, хувь хүний хөгжлийн чиглэлээр 10 гаруй ном бичиж, эрхлэн хэвлүүлсэн бөгөөд Афганистанд түр хугацаагаар үүргэж гүйцэтгэж байсан, бэлтгэл хошууч цолтой нэгэн юм.