С.Эрдэнэ: Ерөнхийлөгчид нэр дэвших хүнээ нийт намын гишүүдийн асуулгаар тодруулна
    2017 оны 04 сарын 28 нд
    6bdd237cebc2167c93dfec2bde4c614a.jpg

    Ардчилсан намын дарга С.Эрдэнэтэй Ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа нэр дэвшигчдийг хэрхэн тодруулах гэж байгаа талаар ярилцлаа.

    -Ардчилсан нам Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн бэлдэж байна вэ. Танай намаас одоогоор хичнээн хүн нэрээ дэвшүүлэхээр хүсэлтээ илэрхийлсэн байна вэ?

    -Хуулийн хугацаанд нэр дэвшигчдээ бүртгэнэ. Миний хувьд хуулиараа нэр дэвших хэн нэгний нэрийг цохон хэлж зарлах боломжгүй байна. Сонгуулийн хуульд зааснаар сонгууль болохоос 55 хоногийн өмнө нэр дэвшилтийг эхлүүлж тав хоногийн хугацаанд бүртгэнэ гэж заасан нь бий. Тэр хүрээнд манай АН-ын нэр дэвшигчид тавдугаар сарын 2-6-ны хооронд тодорно. Тэгээд АН-ын VIII их хурлаар нууц санал хураалтаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүний нэр баталгаажина.

    -Нэр дэвших хүсэлтэй байгаа хүмүүст намын зүгээс тавьж буй шалгуур бий юу. Ямар дүрэм журмаар нэр дэвшигчдийг сонгон шалгаруулах вэ?

    -Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвших хуулийн шаардлагыг хангасан бол нэр дэвших хүсэлтэй намын гишүүдийн хэн нь ч нэр дэвшиж болно, дэвших эрхтэй. АН-ын дотоод сунгаа бүх намын гишүүдэд нээлттэй. Ямар нэгэн хязгаарлалт тавиагүй. Нийт намын гишүүдээрээ ирэх тавдугаар сарын 3-ны өдөр асуулга зохион байгуулна. Тэр асуулгад нэр дэвшиж буй бүх хүмүүс оролцоно. Хамгийн олон дэмжлэг авсан нэр дэвшигчийг тодруулж, улмаар АН-ын VIII их хурлаар оруулж нууц санал хураалтаар баталгаажина.

    -АН-ын дарга, удирдлагууд нэр дэвших хүсэлтэй байгаа хүмүүстэй саяхан уулзсан гэх мэдээлэл байна. Хэн, хэнтэй уулзаж ямар асуудлыг ярилцав?

    -АН-ын даргын хувьд АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй байгаа хүмүүстэйгээ зөвлөлдөх уулзалтыг нэг удаа хийсэн. Уулзалтаас ямар нэгэн тодорхой шийдвэр гараагүй. Харин хоёр зүйл дээр тохиолцсон. Сонгуулийн хуулийн дагуу АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах журмыг боловсруулах ёстой. Тэр журмыг боловсруулах үйл ажиллагаанд нэр дэвших сонирхолтой хүмүүс өөрсдөө буюу бие төлөөлөгчдийг оролцуулахаар тохиролцсон. Бүх гишүүдийн дунд явуулах санал асуулгад сонгуульд нэр дэвших хүсэлтэй байгаа бүх хүмүүсээ нээлттэй оролцуулахад ойлголцож тохиролцсон уулзалт болсон.

    -Нэр дэвшигчдэд дэнчин мөнгийг хэдэн төгрөгөөр тогтоох вэ?

    -Одоогоор зардлын тооцоо хийгдэж байгаа. Эхлээд дотооддоо нэр дэвших хүсэлтэй гишүүдээ бүртгэж, асуулгад оролцох нэрсийн жагсаалтыг албан ёсоор хуулийн хугацаандаа гаргана. Тэр үед тогтоосон хэмжээний дэнчин төлсөн байх ёстой. Гарч байгаа зардлыг нэр дэвшиж байгаа хүмүүсийнхээ тоонд хувааж нэг хүнд ногдох зардлыг дэнчин хэлбэрээр төлнө. Ер нь хуульд зааснаар нам 6.8 тэрбум төгрөг, хувь нэр дэвшигч 3.9 тэрбум төгрөг байх гэсэн зардлын дээд хэмжээг Үндэсний аудитын газраас тогтоон гаргасан байгаа шүү дээ.

    -Таны хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бодол бий юу. Та нэр дэвших үү, үгүй юу?

    -Миний хувьд дэвшихэд болохгүй зүйл байхгүй. Гэхдээ би АН-ын даргын хувьд үүрэг, хариуцлага хүлээж ажиллаж байгаагийн хувьд би өөрөө нэр дэвших бодолгүй байгаа.

    -АН-ын дотоод сонгуулийн үр дүнгийн талаар багагүй шүүмжлэл бас дуулдаж байна?

    -Анхан, дунд шатны намын удирдах 17 мянга 800 сонгуульт албан тушаалд 20 мянга гаруй хүн өрсөлдөж дотоод сонгууль явагдлаа. Үүний үр дүнд АН-ын удирдлагууд зуун хувь шинэчлэгдсэн. Мөн удирдах бүрэлдэхүүний 80 орчим хувь нь шинэчлэгдсэн. Намынхаа бүх гишүүдийнхээ оролцоотойгоор сонгодог хувилбарыг анх удаа хэрэгжүүллээ. Намын гишүүдийн сонгосон үр дүн учраас хэн нэгний үзэмжээр даргын шийдвэрээр шийдэгдээгүй гэдгийг хэлэх байна. Урьд өмнө нь Монголын улс төрийн намуудын түүхэнд гарч байгаагүй томоохон шинэчлэл болсон гэж харж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүнээ ч нийт гишүүдийнхээ асуулгаар одоо тодруулах гэж байна. Энэ нь АН дотооддоо маш сайн шинэчлэгдэж чадаж байгааг харуулна.

    -АН-ын шинэчлэл хүнээ сольсноор дуусах уу. Цаашдаа ямар шинэчлэлийн ажлууд хийгдэх вэ?

    -Намын гол цөм хүн байдаг. Хүндээ тулгуурлаж нийгмийн харилцаа явдаг. Хүнээ шинэчлэнэ гэдэг нь маш том шинэчлэлийн суурийг тавьж байна. Одоо үүн дээрээ тулгуурлаад дараагийн шинэчлэлийн бодлогоо боловсруулна. Бид бодлогын нам байх ёстой. Гишүүдийн оролцоог хангасан нам байх ёстой. АН-ын шинэчлэлийг зөвхөн АН-ын шинэчлэл гэж харж болохгүй юм. Монголын улс төрд хийж байгаа маш том шинэчлэлийн алхам. АН-ын жишиг соёл бусад улс төрийн намд нөлөөлнө. Тэд дуртай дургүй ч АН-ын шинэчлэлийн араас явж л таараа. Яагаад вэ гэвэл гишүүдийнхээ нийт оролцоог хангаж чаддаггүй нам, тэднийхээ саналыг авдаггүй нам бол цааш явахгүй гэдгийг хаа хаанаа ойлгож байгаа байх аа. АН дандаа анхдагч, шинийг санаачлагч, манлайд явдаг нь үнэн. Үүнийхээ сайныг ч саарыг ч хүртдэг. Гэлээ гээд АН шинэчлэлээс ухардаггүй.

    -АН хөдөө орон нутагт өргөтгөсөн хуралдаанаа хийж байна. Таныг орон нутгаас дөнгөж ирээд байхтай таарч уулзлаа. Маргаашаас баруун бүсийн аймгуудаар явах гэж байна уу?

    -Өнгөрсөн хугацаанд улсын хэмжээнд 330 сум, 152 хорооны үүрийн дарга нарт албан ёсны батламж, тамгыг гардууллаа. Үндэсний бодлогын хорооны 389 гишүүний түр үнэмлэхийг гардуулсан байна. 21 аймаг, есөн дүүргийн дунд шатны намуудын анхдугаар өртгөсөн хуралдаанд биечлэн оролцож, санал бодлоо солилцож байна. Өнөөдрийн байдлаар 18 аймаг, долоон дүүргийн дунд шатны намын хорооны өргөтгөсөн хуралдаанд өөрийн биеэр оролцлоо. Ер нь аливаа намын удирдлага, гишүүдийн хоорондох холбоо тасарчихсан байгаа өнөөгийн байдлыг арилгах, нам бол нэг баг болж ажиллах ёстой юм гэж харж байна.

    Б.ДОЛЗОДМАА

    Эх сурвалж Өдрийн сонин