Ардчилсан нам гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалж тэдний төлөө тэмцэнэ
    2017 оны 04 сарын 28 нд
    8487b360eabfd5dcea4e77dccf75893a.jpeg

     

    Ардчилсан нам Монголын улс төрийн түүхэнд анх удаа намын дотоод сонгуулийг бүх шатанд гишүүдийнхээ оролцоотой явуулж намуудын өмнө улс төрийн ардчилсан шинэ соёлыг нэвтрүүлж чадсан гэдгээ баталсан. Тэгвэл намын дарга С.Эрдэнэ болон бусад албаны хүмүүсийн хамт 21 аймаг, 9 дүүргээ тойрч намын хороодын өргөтгөсөн хуралд оролцож, шинээр сонгогдсон Үндэсний Бодлогын Хорооны гишүүд, 330 сум, 152 хороодын намын үүр, хорооны дарга нарын батламж, тамгыг гардуулж байгаа. Энэ удаад Ардчилсан намын Хан-Уул дүүргийн хорооны өргөтгөсөн хуралдаанд оролцлоо. Тэрээр хурлыг нээж “Хан-Уул дүүргийн Ардчилсан намын гишүүд эрхэм журмын нөхөд та бүхэндээ чин сэтгэлийн халуун мэндчилгээг дэвшүүлье. Хэдхэн хоногийн өмнө монгол оронд олон намын тогтолцоо, түүний суурийг тавьж Ардчилсан нам байгуулагдсаны 27 жилийн ойг тэмдэглэсэн. Энэ ойн баярын мэндийг давхар хүргэе. Энэ хугацаанд бид юун дээр алдсан, юун дээр оносон гэдгээ дүгнэлээ. Бидэнд алдсанаас оносон нь илүү байсан. Харин тэрийгээ олон түмэнд, тэр дундаа дунд үеийнхэнд сурталчлах ажлыг хийж байгаагүй юм байна. Бид монгол оронд ардчилал, эх орон, тусгаар тогтнолыг авчирч чадсан уу гэвэл чадсан. Гэхдээ үүнийг төгс төгөлдөр болгож нийгмийн хүн бүрийн эрхэмлэдэг зүйл болгож чадаагүй нь бидний том алдаа байлаа. Өнөөдөр эрх барьж байгаа нам Ардчилсан намын хийсэн бүтээсэн болгоныг харлуулж байна. Тэд бүхий л боломжийг дайчилж буй. Ямар ч үнээр хамаагүй өрсөлдөгчийнхөө нэр хүндийг унагаах ажлыг өнгөрсөн арван сарын хугацаанд хийлээ. Мөн нийгэм ард түмэнд гялайж гялтайх нэг ч зүйл хийсэнгүй. Зөвхөн устгах хүчингүй болгох үгүйсгэх ажлыг хийж ирлээ. Монгол орон энэ хугацаанд нийгэм, эдийн засгийн уналтад орж элгээрээ мөлхлөө хэмээв.

     

    Цааш нь “Нэгэн цагт Хан-Уул дүүрэг хамгийн ардчилалтай дүүрэг байлаа. Гэтэл намын дотоод жижиг зөрчлүүдээсээ болж 2016 оны орон нутгийн сонгуульдаа ялж чадсангүй. Гэхдээ "Могой тасравч гүрвэлийн чинээ байдгийн үлгэр"-ээр Дүүргийн ИТХ-ын сонгуулийн 15 суудалд ялжээ. Энэ дүүрэгт Ардчиллын суурь бий. Ардчилал сэргэх боломжтой гэдгийг үүнээс харж болно. Мөн Ардчилсан намын шинэчлэлийн хүрээнд явагдсан дотоод сонгуулиар сонгогдсон Хан-Уул дүүргийн Ардчилсан намын хорооны дарга А.Гантулгыг Хан-Уул дүүргийн намын хорооны анхдугаар өргөтгөсөн хуралтай зэрэгцэн эрх баригчид шалгаж байцаагаад эхэлжээ. Үүнийг баталгаа нотолгоотой шалгалт гэхээсээ илүү улс төрийн шалтгаантай гэж миний хувьд харж байна. Хаа сайгүй ийм "хавчлага" явагдаж байна. Энэ бүхний учрыг олж, гишүүдээ хамгаалахын төлөө эцсээ хүртэл тэмцэнэ гэдгээ хэлье. Бид нэг нэгэндээ хайртай байж, нэгнээ хамгаалдаг, нэгнээ дэмждэг байх ёстой” гэсэн юм.

    Хурлын үеэр намынхаа үйл ажиллагааг эрчимжүүлж тойрогтоо ялалт авчирсан намын гишүүдийг шагналаа. Үүнд, Ардчилсан намын дээд шагнал “Эрх чөлөөний одон”-гоор гуравдугаар үүрийн гишүүн Б.Баяраа, дөрөвдүгээр үүрийн гишүүн О.Гантулгыг шагнасан. Мөн “Ардчиллын ахмад зүтгэлтэн”, Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны дээд шагнал “Лиш одон” зэргээр тус тус шагналаа.


    Намын шинэчлэлийн талаар гишүүдийн байр суурийг сонслоо.

     

    С.Сарангуа: Нам шинэчлэгдэж залуу үеэ дэмждэг болсон

    /Хан-Уул дүүргийн оршин суугч/

    Нам шинэчлэгдэж залуу үеэ дэмжиж ажиллаж байгаа нь надад таалагдсан. Намын ямар нэг үйл ажиллагаа болоход залуучуудыг татан оролцуулдаг болсон. Мөн дотроо хөгшин, залуу, тэр хороо гэхгүй нэг сэтгэлтэй болж байгаа. Ардчилсан нам эрх барьж байхдаа олон ажил хийсэн. Гэвч түүнийгээ таниулж сурталчлах ажлыг хийгээгүйгээс болж унасан байх гэж боддог. МАН-ын хэрэгжүүлж байгаа бодлого зөвхөн ард иргэддээ хамаг ачааг үүрүүлж байна. Хүүхдийн 20 мянган төгрөгийг хасч, бэлэн мөнгөөр олгохгүй хүнсний талон хэлбэрээр олгоно гэсэн. Ингэхдээ шар будаа, гурил гээд авах ёстой хүнсний зүйлийг нь хүртэл бичиж өгөх юм гэсэн. Ингэж ард иргэдээ туйлдуулж, хуучин үе рүү эргэж байгаа нь харамсалтай.

    Т.Саран:Арчилсан намын хийсэн ажлыг өөрсдөө хийсэн гэж ойлгуулж байгаа

    /Хан-Уул дүүргийн 10 хорооны иргэн/

    Эгч нь намын шинэчлэл гэхээсээ илүү эрх барьж байгаа намын бодлого үйл ажиллагааг шүүмжилмээр байна. МАН Ардчилсан намын хийсэн ажлыг үгүйсгэж буцаж эргүүлж түүнийг батлаад ажил болгоод яриад байх юм. Хүний хийсэн ажлыг өөрийн ажил болгоод яриад байна. Одоо татвар нэмэх талаар ярьж байна. Хэрэв татвар нэмбэл иргэдийн нуруун дээр ачаа ирж ард түмэн туйлдана. Иргэдийн амьдрал үнэхээр хэцүү доройтлоо. 18-45 насны ажилгүйчүүд их байна. Эрүүл чийрэг сайхан залуучууд бүгд гадаад улс руу гарлаа. Уг нь, энэ их боловсон хүчнийг эх орондоо ашиглах хэрэгтэй л дээ. Харамсалтай нь, тийм боломжийг эрх барьж байгаа намынхан олгохгүй байна. Ажил хийж байгаа хэдийнх нь цалин амьдралд нь хүрэлцэхгүй дээр нь тэр бага цалингаа цагт нь өгөхгүй байгаа нь иргэдийн амьдралыг улам бүр л доройтуулж байна. Харин эсрэгээр зарим нэг нь хэт баяжиж байгаа.