С.Эрдэнэ: Автомашины хэрэглээ, борлуулалтын асуудалд төр болгоомжтой хандах ёстой
    2017 оны 05 сарын 25 нд
    61786c466f85347576f2d65969293dcf.jpg

    УИХ-ын гишүүн С.Эрдэнээс цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.  

    -УИХ-ын гишүүн Х.Нямбаатар нар Приус”-ны татварыг нэмэх хугацааг хойшлуулах хууль санаачилсан. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх шоу болоод өнгөрчих вий гэсэн болгоомжлол байх шиг байна?

    -Зөвхөн “Приус” машины татварын хэмжээг их, багаар тогтоох тухай асуудал биш. Хүний амь амьдрал, амьжиргаатай холбоотой асуудал. Өнөөдөр Монголд хамгийн их эрэлт хэрэгцээтэй дундаж болон дунджаас доогуур түвшний иргэдийн амьдрал залгаж, хөл дүүжилж байгаа унаа бол “Приус” машин байна. Нөгөө талдаа хотын утаа агаарын бохирдол гээд олон зүйлд хабрид буюу хос хөдөлгүүрт машин чухал байна. Эко талаасаа ч, эдийн засаг талаасаа ч автомашины хэрэглээ, худалдаа борлуулалтын асуудал дээр төр болгоомжтой хандах ёстой. Сүүлийн үед Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор эдийн засагт ногоон гэрэл аслаа, өрхийн орлого нэмэгдлээ гэсэн мэдээллүүд хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр гарч байна.

    -Уг нь Ардчилсан намын бүлэг анх энэ санааг гаргасан ч МАН-ынхан дэмжээгүй шүү дээ?

    -“Приус” машины татвар нэмэх хугацааг ядаж хойшлуулаач, ард түмний амьдрал хүнд байна гэдгийг Ардчилсан намын бүлгээс тавьсан. Ерөөсөө хүлээж аваагүй. Гэнэтхэн өөрсдөө хууль санаачлаад “Приус” машины татварыг багасгах гэдэг ч юм уу, иргэдийн бухимдлыг түр зуур аргацаах гэсэн нь зөвхөн сонгуульд зориулсан улс төрийн шоу маягийн үйлдэл болж харагдаж байна.

    -Та дээр хэллээ, үнэхээр иргэдийн орлого өсч, эдийн засагт ногоон гэрэл асаад байна уу?

    -Бодит амьдрал дээр иргэдийн орлого өссөн үү, эдийн засгийн өсөлт гарахаар эерэг өөрчлөлт хийгдсэн үү гэвэл үгүй. Жишээ нь, бодит амьдрал дээр цалин нэмэгдээгүй, тэтгэвэр нэмэгдээгүй. Тэгээд яахаараа өрхийн орлого нэмэгддэг юм бэ. Эдийн засгийн өсөлтийг эхний улирлын байдлаар 4,2 хувьтай гэж яриад байгаа юм. Юу хийсэн гэж өссөн юм бэ. Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, борлуулалтын үнэ өртөг өссөн. Үүнээс болж эдийн засгийн өсөлт гарч байж болох юм. Өөрөөр ард түмний амьжиргаа сайжрахаар ажил хийгдээгүй. Ийм байдлаар ард түмний тархи угаадаг үйлдлүүдийн нэг нь “Приус” машины татвар болж байна. Сонгууль дөхөх тусам ийм үйлдлүүд их гарах байх.

    -2016 оны сонгуулийн дараа Ардын намынхныг ураг төрлийн томилгоо хийлээ гэж танай намынхан нэлээд шүүмжилсэн. Одоо хэд хэдэн элчин сайдыг томилох гэж буй юм байна. Энэ томилгооны талаар та ямар байр суурьтай байгаа вэ?

    -Ураг төрлийн томилгоо чинь жирийн үзэгдэл болсон. Эргээд судлаад үзвэл ураг төрлийн холбоогүй зүйл гэж алга байна. Их хурлын 65 гишүүнийхээ хэрэгцээг хангах гэж тэвдүү байх шиг байна. Их хурлын гишүүнээр сонгогдож орж ирэхдээ эх орныхоо төлөө юу хийх вэ гэдгээ ойлгож чадаагүй ороод ирчихсэн. Зөвхөн хувийн эрх ашиг, амьдрал ахуйгаа сайжруулах гэдэг ч юм уу ийм эрх ашгийн үүднээс асуудалд хандаад байж болохгүй.

    -Элчин сайдуудад ямар шаардлага тавьдаг вэ?

    -Тухайн улс оронд Монгол Улсыг төлөөлөх Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд гэж очиж байгаа. Монгол Улсын нэрийн өмнөөс тэнд бодлого үйл ажиллагаа явуулна, тухайн улс оронд ажиллаж, сурч, амьдарч байгаа хүмүүсийн эрх ашгийг хамгаалах, Монгол Улсын гадаад бодлогыг илэрхийлдэг, төлөөлдөг онцгой эрх. Түүнээс биш шагналын алба биш. Цаашид Дипломат албаны тухай хууль, элчин сайдуудтай холбоотой хууль эрх зүйн орчинг сайжруулахгүй бол том дарга хийж байгаад буухаараа элчин сайд болдог, эсвэл төрийн өндөр албан тушаалд очихоороо томилгоо хийдэг байдлаар энэ асуудалд хандаж болохгүй. Энэ бол Монгол төрийн нэр хүндийн асуудал.

    Ж.ГАНАА

    Эх сурвалж: www.medee.mn