С.Эрдэнэ: ”Х.Баттулга бол Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө тэмцэж, өөрийгөө золиосолж чадах хүн”
    2017 оны 06 сарын 07 нд
    b12ba2ed351dec2ac8fee7fc77c17b63.jpeg

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын Дорнод аймгийн иргэд, сонгогчидтой уулзах уулзалт эхэллээ. Уулзалтын эхэнд АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Дорнод аймгийн сонгогчид, дэмжигчид, иргэдэд хандаж үг хэллээ. 

    Тэрбээр “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Х.Баттулгыг дэмжиж байгаа Дорнод аймгийн сонгогчиддоо баярлалаа.  АН 180 мянган гишүүнийхээ саналын дагуу Х.Баттулгыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр болсон гэдгийг та бүхэн мартаагүй байх. Х.Баттулга бол жирийн амьдрал дундаас гарч ирсэн жирийн ардын хүүхэд, Монгол төрийн зүтгэлтэн хүн. Би энэ хүнийг мэднэ. Тэр бол эгэл жирийн монгол эр хүн. Гэхдээ илүү хөдөлмөрч, илүү зүтгэлтэй,  санаачилгатай гэдгийг нь сайн мэднэ. 

    Би энэ хүнтэй хамт тэмцлийн халуун тогоонд ч хамт явж байлаа. Улс төрийн албан тушаал хашиж ч хамт ажиллаж байсан. Нэг Засгийн газар, нэг парламентын тогоонд хамт чанагдаж, хөдөлмөрж явсан. Энэ хүний санаачлагч, бүтээгч, хөдөлмөрч зан чанарыг нь би сайн мэддэг. Өнөөдөр Монголд ийм л хүн хэрэгтэй байна. Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө тэмцэж, өөрийгөө золиосолж чадах хүн бол Х.Баттулга гэж би хардаг. Тийм учраас би АН-ын даргын хувьд ямар ч эргэлзээ байхгүйгээр энэ хүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд нь бүх талаар дэмжсэн. 

    АН-ын мянга мянган гишүүд, Монголын ард түмэн Х.Баттулгыг дэмжиж байгаа. Үүнд эргэлзэх зүйл байхгүй. Тэр дундаа дорнодчууд та бүхнийг ч гэсэн дэмжинэ гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээн хэллээ.