М.Наянтай: Дараагийн Ерөнхийлөгч Х.Баттулга гэдэгт итгэлтэйгээр хурдан удмын морио бэлэглэлээ
    2017 оны 06 сарын 08 нд
    6829fac625e55610de4b28159ead1280.jpg

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын иргэд, сонгогчидтойгоо уулзах уулзалт Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод үргэлжилж байна. Тэгвэл түүнийг Баруун-Урт хотын төв талбайд байрлах Сүхбаатар жанжны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх үеэр аймгийн алдарт уяач М.Наянтай хурдан удмын морь бэлэглэж, дараагийн Ерөнхийлөгч болохыг бэлгэдэн ерөөлөө.

    Учир нь тэрбээр өмнө нь гурван удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр нэр дэвшигчдэд хурдан удмын морь бэлэглэсэн бөгөөд дэмжсэн хүмүүс нь ялж байжээ. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулга тун их бэлэгшээн хүлээж авч, баярласан талархсанаа илэрхийллээ.

    Харин аймгийн алдарт уяач М.Наянтай гуай “Би өмнө нь Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нарт сонгуульд өрсөлдөх үед нь хурдан удмын хүлэг бэлэглэж байсан. Харин энэ удаад Х.Баттулга хүүд хурдан удмын морио бэлэглэж байна. Энэ хүүг би Ерөнхийлөгч болоосой гэж л хүсч, морио бэлэглэж байгаа юм. Түүнийг Ерөнхийлөгч болох болов уу гэж бодож, дэмжиж байна. Болоосой ч гэж хүсч байгаа учраас бэлэгшээн хурдан мориор зам мөрийг нь мялаалаа” хэмээн хэлсэн юм.