Х.Баттулгын багийнхан Завханд шуурхай хэвлэлийн хурал зарлаж Доржзодовыг хамгаалахаа илэрхийлэв
    2017 оны 06 сарын 15 нд
    1c36ac3cbe41df6453a2b3fdfb135347.jpeg

    МАН-ын дарга М.Энхболд, Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй болон А.Ганбаатар нарын төрийн албыг хэрхэн 60 тэрбумаар зарах тухай бичлэгийг дэлгэсэн Г.Доржзодовыг өнөөдөр өглөө цагдаа нар баривчлахыг завдсан билээ. Завхан аймагт сонгуулийн сурталчилгааны ажлаар явж байгаа АН-ын дарга С.Эрдэнэ, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулга, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл нар энэ асуудалтай холбогдуулан шуурхай хэвлэлийн бага хурал зарлаж, байр сууриа илэрхийллээ.  

    Хурлын эхэнд АН-ын дарга С.Эрдэнэ “Бид Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн ажлаар Завхан аймагт ирээд байна. Өнөөдөр өглөө сэтгэл сэрдхийлгэсэн хоёр гурван ноцтой мэдээллийг сонсоод, өөрсдийнхөө байр суурийг илэрхийлэхээр хэвлэлийн хурал хийж байна. Урд шөнө Монголын үндэсний томоохон үйлдвэр болох “Говь” шатсан мэдээллийг үзлээ. АН-ын даргын хувьд намынхаа удирдлагууд болон нэр дэвшигчийнхээ өмнөөс харамсчбуйгаа илэрхийлье. Манай үндэсний гол экспортлогч үйлдвэр. Ийм үйлдвэрт гал гарсанд гүнээ харамсчбайна. 

    Мөн өнөөдөр өглөө Ардчиллын үнэ цэнийг алдагдуулсан томоохон үйл явдал болж байна. 60 тэрбумын тухай ярьж буй 90 минутын бичлэгийг ил болгосон эх оронч залуугийн эрх чөлөөнд халдах, түүнийг баривчлах үйлдэл хийж байгаа цагдаа, хүчний байгууллагын удирдлагуудад эгдүүцэж, харамсч байна. Хуулийн байгууллагынхан энэ залууг баривчлах биш хамгаалалтад авах ёстой. Төрийн тогтворгүй байдлыг бий болгосон, Монголын төрийг худалдсан гэмт бүлэглэлийг баривчилж шалгахын оронд гэмт үйлдлийг илчилсэн эх оронч аавын хүүг дарамталж байгаад үнэхээр харамсч байна. Энэ хүүг баривчлах, ял оноох битгий хэл Монгол Улсын баатар цол өгсөн ч багадахаар гавьяа байгуулсан гэж би хувьдаа үзэж байгаа. Манай АН-ын удирдлагууд ч ингэж үзэж байна. 

    Дээрээс нь, монгол хүн бүрт сонор сэрэмжтэй байхыг анхааруулъя. Монгол түмний хүсч, хүлээж, олон жил тэмцсэний эцэст бий болгосон эрх чөлөө, ардчиллыг устгах гэж эрх баригчид улайрч байгааг эсэргүүцэж байна. Монголын ард түмэн олон зуун жил тэмцсэний эцэст энэ эрх чөлөөг олж авсан. Тийм учраас Ардчиллын төлөө гэсэн зүрх сэтгэлтэй хүн бүр сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Та бүхэн болж байгаа үйл явцад бүгд анхаарч, хэрвээ хууль бус, бусармаг үйл явдал гарах юм бол түүний эсрэг эв санааны нэгдлээ илэрхийлнэ гэдэгт итгэлтэй байгаа шүү” хэмээн хэллээ. 

    Түүний дараа  Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулга байр сууриа илэрхийллээ. Тэрбээр  “60 тэрбумын асуудлаар сонгуулийн сурталчилгаа эхлэхийн өмнө би болоод манай намын бүлгийнхэн Ерөнхийлөгч Элбэгдорж, АТГ, ТЕГ-т хандаж, баримтыг нь өгсөн. Хэргийг шалгаж, дүгнэлтээ гаргаж өгөөч гэж хүссэн. Үүний хариу өнөөдөр ирэх шиг боллоо. Хариу нь харамсалтайгаар ирлээ. Хууль бус үйл ажиллагааны баримтыг ил болгосон хүнд Монголын цагдаа, тангараг өргөсөн албан хаагчид бяраа үзүүлдэг юм байна. Тийм л их бяртай, олуулаа юм бол түймэр гарч байгаа газар очиж туслахад яадаг юм. Богд уул шатаж байна, тийшээ явахад яана аа. Нэг залууг барих гэж хэдэн арваараа дайрч байхаар тэр бяраа түймэрт  гаргаач. Монголын томоохон үйлдвэрлэгчийн нэг, 1500 ажилтантай “Говь” компани шатаж байна. Тэнд  очиж гал унтраагаач ээ. Жүдогийн хэдэн хүүхэд очиж, ус зөөгөөд байж байгаа. МАН их бяртай байна. Энэ бол өнөөх бидний яриад байгаа 30 гэр бүлийн хийж байгаа хэрэг шүү гэж хэлье. Монголчууд сэрэх цаг болсон” хэмээн хэлсэн юм. 

    Тэгвэл Г.Доржзодовыг өөрийнхөө чадлаар хамгаалж байгаа  УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл “Өнөөдөр өглөө манай нөхөр над руу утасдаад, гэрийн гадаа олон цагдаа ирчихсэн байна, юу болж байгаа юм бол гэж асуусан. Би 60 тэрбумын хэргийн гэрч болсон, хэргийг илчилсэн Г.Доржзодов гэдэг залууг гэртээ байлгаж байсан. Нөхрөө утсаар ярихаар нь Доржзодовтой ярья гээд, ярьсан. Гэтэл Доржзодов “Өглөөний 04:00 цагаас эхлээд танай гадаа цагдаа нар бөөгнөрч эхэлсэн. Зураг нь энэ байна” гээд над руу явуулсан. Зургийг нь үзэхэд, манай гэрийн хашааг ар талаас нь давж орж ирээд, дотуур бүслэлт хийсэн байсан. Мөн хашааны гадна талаар бүслэлт хийсэн. Хотхоныг тэр чигээр нь бүсэлсэн байсныг зургаас харсан. 

    Тэр даруй би Доржзодовын өмгөөлөгчтэй ярьсан. Тэгэхэд дотогшоо орж чадахгүй байна. Хэнийг ч оруулахгүй байна гэсэн. Харин сүүлд нь сэтгүүлч Мөнхбаясгалан шууд дамжуулалт хийгээд, юу болж байгааг хүмүүст үзүүлсэн. Гэтэл Доржзодовыг хамгаалах гэж цагдаа явуулсан гэсэн мэдээллийг МАН-ын зүгээс хийж эхэлсэн. Гэрчийг ингэж хамгаалдагүй юм. Эхлээд тэр хүнийг гэрчээр татах ёстой. Одоохондоо тэр залууг хэн ч гэрчээр татаагүй байгаа. Яагаад гэвэл хэрэг хийсэн хүмүүст хавтаст хэрэг үүсгэж байж Доржзодов гэрч болж, гэрчийн хамгаалалтад орох ёстой. Яг одоогийн байдлаар 60 тэрбумын хэргийн буруутнуудад хэрэг үүсгээгүй учраас Доржзодов гэрчийн хамгаалалтад орж чадахгүй. Харин одоо түүнийг сэжигтнээр татаж, байцаалт авахыг оролдож байна. ТЕГ, ЭЦГ сэжигтнээр татаж, хэрэг үүсгэчихсэн. Сэжигтнээр татна гэдэг өөрийг нь хэрэгтэн болгох гэж оролдож байгааг харуулж байгаа юм. Гэрчийг хамгаалалтад авахад прокуророос зөвшөөрөл авах ёстой. Гэтэл ямар ч прокурорын зөвшөөрөл байхгүй байна. Тиймдээ ч гэрчийг хамгаалах хуулийн дагуу хамгаалалтад орох боломжгүй байсан, тэр залуу. Тиймээс л би хөдөө явахынхаа өмнө хэнд ч хэлэлгүйгээр Доржзодовыг гэртээ үлдээгээд ирсэн.  Нөхөртөө манай хамаатны хүн гэж хэлчихээд гарсан.  Энэ хүнийг ингэж л хамгаалж байна. 

    Цагдаа нар манай гэр рүү дайраагүй, хаалга үүд эвдээгүй байгаа. Гэхдээ хаалга байнга тогшиж байгаа гэсэн мэдээлэл ирсэн. Нөхөр маань өөрийн орны гэрчгүйгээр хаалгаа тайлахгүй гэсэн. Тиймээс нөхөртөө гэрч олж өгөх гээд тал тал тийшээ утасдсан. Монголын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглахаар ирсэн ажиглагчид, гадаадын сэтгүүлчид руу утасдаж, гэрийнхээ хаягийг өгсөн. Монголын сэтгүүлчид сурвалжлахгүй бол гадаадын сэтгүүлчид сурвалжлах байх. Улс орныхоо төр засгийг тэр чигээр нь худалдсан хүмүүсийг илчилсэн иргэн аюултай байдалд орчихсон. Төр засгаа худалдсан хүн нь төрийн тэргүүний сонгуульд өрсөлдөөд явж байна. Энэ бол шударга ёс уруугаа харсны илрэл. 

    Манайд байгаа гэдгээ Доржзодов задлаагүй. Намайг өдөр, шөнөгүй мөрдөөд байна гэхээр нь би үүрээр гэртээ аваачсан. Гэтэл манайд байгааг нь мэдчихсэн байна гэдэг чинь байнга мөрдөж байсны илрэл шүү” хэмээн хэллээ.