Ц.УРТНАСАН: АРДЧИЛСАН НАМЫН ШИНЭЧЛЭЛД БАЙГУУЛЛАГЫН МЕНЕЖМЕНТИЙН ШИЛДЭГ ТУРШЛАГА НЭВТРҮҮЛНЭ.
    2017 оны 10 сарын 11 нд
    2e5d6a6f0f056232bc268f0f351489d7.jpg

    Ардчилсан намын шинэчлэлийн асуудлаар Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын Улс төрийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Уртнасантай ярилцлаа. 

     

    - Ардчилсан намын сүүлийн хоёр, гурван Их хурлаараа шинэчлэлийн асуудлыг хөндөж ярилцсан. Ардчилсан нам шинэчлэгдэж чадаж байгаа юу?

     

    - Ардчилсан намын шинэчилсэн бүтргэлээр 180 мянга орчим гишүүдийн оролцоо идэвхжсэн, сүүлийн нэг жилийн дотор маш олон сорилго, дотоод сунгаа өрнөсөн, шинэчлэлийн уур амьсгал шат дараатай өрнөж буй улс төрийн хүчин гэдгийг Та бүхэн мэднэ. Энэ утгаараа Ардчилсан нам хэрхэн шинэчлэгдэх нь гишүүд, дэмжигчид төдийгүй Улс орны хөгжилд шийдвэрлэх үүрэгтэй гэж би ойлгодог. Гишүүд, дэмжигчид төдийгүй Монголын олон нийт улс төрийн намуудын үйл ажиллагааг эрс шинэчлэхийг, улс орныхоо хөгжлийг манлайлах чадамжтай, алсын хараатай улс төрийн байгууллага болохыг хүсч, шаардаж байна.  Нийгмийн энэ эрэлт, шаардлагыг хангах, Ардчилсан намын удаа дараагийн Их хурлуудаас намын шинэчлэлийн талаар гаргасан шийдвэрүүдийг хэрэгжүүлэх, зохион байгуулах ажлууд ид өрнөж байна. Шинэчлэл бол цаг хугацаа шаардсан, хүмүүсийн ойлголцол, сэтгэлгээ, хандлагыг өөрчлөлтөөр биелэлээ олдог, сэтгэл шаардсан нүсэр ажил гэдэгтэй Та санал нийлэх байх аа. Энэ агуулгаар авч үзвэл Ардчилсан нам шинэчлэгдэх үйл явц логик дараалалтай, амжилттай үргэлжилж байна.

     

    - Ардчилсан намын шинэчлэлд ямар асуудлыг Та чухал гэж үзэж байна вэ?

     

    - Ардчилсан намын Үзэл баримтлал, улс төрийн бодлого, үйл ажиллагаа, хүний нөөцийн хөгжил, намын байгууллагуудын менежмент, дүрэм журмын хэрэгжилт, гишүүдийн сахилга бат, хариуцлага, ёс зүй, манлайлал гээд бүх асуудал амин чухал. Бидний хөгжлийн хоцрогдлын нэг шалтгаан нь асуудлыг чухал, чухал бишээр нь ялгаварлаж, аливаа системийн иж бүрэн тогтолцооны хөгжлийн удирдлагыг хэрэгжүүлж чаддаггүй байдал болов уу. 

    Өөрөөр хэлбэл бидний менежментийн хоцрогдол, чадавхигүй байдал нь өнөөгийн нийгмийн хоцрогдлын, харилцан уялдаагүй байдлын, үл ойлголцолын, хандлагын зөрүүтэй байдлыг бий болгож байна. Тиймээс асуудлыг чухал, чухал биш гэж гэж ялгаварлахаасаа, ямар ч асуудлыг орхигдуулалгүй авч үзэж, хөгжүүлж, шинэчлэх шаардлагатай гэсэн итгэл үнэмшилтэй хүн, би. Ардчилсан намын шинэчлэлд би бүх асуудлыг чухал гэж үзэж байна. Гагцхүү зохион байгуулалт, асуудлын дэс дараа, олон түмний дэмжлэг хүлээх бодлого хэрэгжүүлэгч нам байхыг тэргүүн эгнээнд зорино. 

     

    - Олон улсын чанарын удирдлагын ISO стандартыг Ардчилсан намын үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх нь тийм чухал уу. 

     

    - Манай намын гишүүд Намын бүх шатны байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд  нээлттэй, тогтмол үйл ажиллагаатай, гишүүд, дэмжигчид, ард түмэндээ үйлчилдэг улс төрийн байгууллага байхыг шаардаж, хүсч ирсэн. Энэ нь нэг ёсондоо нийгмийн захиалга байсан, одоо ч байна. Тиймээс намын аль ч шатны байгууллагын үйл ажиллагааг гишүүд, дэмжигчид, олон нийтийн шаардлагад нийцүүлэн өөрчлөхийн тулд бид Намын байгууллагын үйл ажиллагааны менементийг сайжруулахыг чухалчилж байна. 

     

    Ардчилсан намын дарга С.Эрдэнэ орчин үеийн байгууллагын удирдлагын шилдэг арга хэрэгсэл, дэлхийн стандарт болсон шилдэг тогтолцоо (ISO 9001:2015)-г Ардчилсан намын зарим анхан, дунд шатны байгууллагуудад нэвтрүүлэхээр шийдвэр гаргасан.  Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Японы P2M, Австралийн ANCSP, Европын холбооны ICB гэх мэт стандартууд байдаг. ISO бол дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн стандарт, тэр дундаа ISO 9001:2015 бол менежментийн стандарт юм. 

     

    - ISO стандартыг Ардчилсан намын үйл ажиллагаанд нэвтрүүлэх ажил хир хугацаа орох вэ, ямар үр дүн гарах вэ.

     

    - Эхний ээлжинд Архангай, Сүхбаатар, Өмнөговь, Ховд, Хөвсгөл аймгийн болон Баянгол дүүргийн Ардчилсан намын үйл ажиллагаанд олон улсын чанарын удирдлагаын ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлэх ажлыг эхлүүлж байна. Бид ойролцоогоор 2 жил орчим хугацаанд төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Мэдээж эдгээр төслийн үр дүнгээс хамааран цаашдын зорилтоо тодорхойлох болов уу. Төслийг хэрэгжүүлснээр Намын үйл ажиллагааны баримтжсан, тодорхой, цэгцтэй, хяналттай, үнэлэх боломжтой үйл ажиллгааны дүрэм журам, заавар зааварчилгаануудыг бий болгож үйл ажиллагаандаа мөрдөнө. Намын үйл ажиллагааг тогтмолжуулж, Намын бодлого, үйл ажиллагаанд гишүүд, дэмжигчид, олон нийтийн оролцоог нэмэгдүүлж, тэдний дэмжлэгийг авахад эерэг нөлөөлөл үзүүлнэ. Мөн Намын үйл ажиллагаанд гарч буй аливаа алдаа, дутагдал (үл тохирол)-ыг арилгах, үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулах менежменттэй болох зэрэг үр дүнд хүрнэ гэж бид төлөвлөж байна. Мөн чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлээд, хөгжүүлээд явах хүний нөөцийг бэлтгэж, дадлагажуулах юм. Бид Ардчилсан намынхаа үйл ажиллагаанд менежментийн шинэ уур амьсгал бий болгохыг зорьж байна.

     

    - Хүрч чадвал сайхан үр дүн хүлээж байна. Харин гишүүдийнхээ мэдлэг боловсрол, хандлагыг хэрхэн сайжруулах вэ. 

     

    - Манай Намын үнэт зүйлсийн нэг нь хүмүүсийг мэдлэг боловсрол, нийгмийн гарал, үүсэл, нийгмийн байдлаар нь үл ялгаварлах үзэл санаа. Мэдлэг боловсролтой нь наашаа, бусад нь цаашаа гэсэн ойлголт байхгүй. Харин ч бүх хүмүүс харилцан ойлголцож, хамтран хөгжиж, хаирлцаа, хандлагаа өөрчилж, Улс орныхоо хөгжил, өөрсдийнхөө сайн сайхан амьдралын төлөө нэгдэж, хөгжин дэвшиж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж, оршин тогтнох нь бидний хүсэл, тэмүүлэл. Төслийн хүрээнд гишүүд, дэмжигчдийнхээ харилцааны болон үйл ажиллагааны эерэг хандлагыг төлөвшүүлэх чиглэлээр тодорхой сургалтууд, зөвлөлдөх уулзалтууд хийхээр төлөвлөсөн байгаа. Хамгийн гол хүмүүс өөрсдөө өөрчлөгдөх шаардлага, хэрэгцээгээ мэдэрч, хүчин чармайлт гаргах нь чухал шүү дээ.

     

    - За, цаг гаргаж ярилцсанд баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.

     

     

    - Баярлалаа. Та бүхний ажилд бас амжилт хүсье.