З.НАРАНТУЯА: АЛЬ, АЛЬ ТАЛДАА ШИНЭЧЛЭЛ ХИЙГЭЭД ЗӨВ ХЭЛБЭР ЛҮҮ ОРЪЁ ГЭВЭЛ ХӨГЖИЖ БАЙГАА ОРНЫ ЖИШИГ РҮҮ ОРОХ ЁСТОЙ
    2017 оны 10 сарын 11 нд
    0aef57020824ee7eb15e01c1e5ccb0ec.jpg

    УИХ-ын гишүүн З.Нарантуяатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

    -УИХ 2017 оны төсвийн тодотголыг Засгийн газарт буцаах шаардлагатай гэж та үзэж байна. Шалтгаан нь юу вэ?

    -Засгийн газар 2017 оны төсөвт хоёр дахь өөрчлөлтийг оруулахаар УИХ-д өргөн барьсан. Би үүний эсрэг байгаа. Төсвийг тодотгох хуулийн үндэслэл бүрдээгүй гэж үзэж байгаа.

    Яагаад гэвэл төсвийн орлого буураагүй, нэмэгдсэн. Энэ оны эцэс гэхэд төсвийн орлого 1 их наяд төгрөгөөр нэмэгдэх урьдчилсан тооцоо гарсан. Ийм байхад Засгийн газар олсон орлого болгоноо үрж, зарахын тулд төсвийг тодотгодог хуучин арга барилаасаа салах хэрэгтэй байна. Нэгдүгээрх зарчмын асуудал энэ.

    Хоёрт, бидэнд өнөөдөр төсвийн зардлаа 498.5 тэрбумаар нэмээд байх хоолойд тулчихсан зайлшгүй шаардлага үүсээгүй. Зарим нэг жишээ татъя. Тухайлбал, төсвийн зардалд нэмж суулгахаар оруулж ирсэн 498.5 тэрбумын 290 орчим тэрбум нь барих шилжүүлэх концессын эргэн төлөлтийн төлбөр. Энэ зардлыг заавал 2017 онд багтаан өгөхгүй бол болохгүй гэж байгаа. Би бол 2018 оны эхний сард хийх гадаад өр төлбөр, төсвийн энэ их алдагдлыг бууруулах асуудал бол концесст төлөх төлбөрөөс илүү чухал гэж үзэж байгаа. Тийм учраас УИХ 2017 оны төсвийн тодотголыг бүхэлд нь буцаачихад хууль зүйн хүрээнд буруудахгүй юм гэдэг асуудлыг тавиад байгаа юм. Өөрөөр хэлбэл, олж байгаа орлогоо ямар зүйлд зарах вэ гэдэг эрэмбээ тогтоохгүйгээр шууд л зардлыг өсгөх нь шинээр байгуулагдах Засгийн газарт маш хортой юм л даа.

    -Шинэ Засгийн газар бүрдэнгүүтээ 2017 оны төсвийн тодотголоо буцааж татъя гэж бодъё. Дахин өргөн барихдаа юуг тусгаж, юуг хасах шаардлагатай вэ?

    -Хүүхдийн мөнгөн дээр тодотгол хийгээд бусад зүйлээ 2018 оны төсөв рүү шилжүүлэх боломж харагдаж байгаа. Ингэж чадах юм бол зардлаа нэмж, өнөөдрийн 2.7 их наядын алдагдлыг өсгөж, Засгийн газрын өрийг 1.2 их наядаар нэмэх ямар ч шаардлагагүй болно.

    -Төсвийн хуулийг чамбай боловсруулдаг байхын тулд хууль эрх зүйн орчныг нь сайжруулах ёстой юу. Эсвэл олсноо зарлага болгож гаргадгийг нь зогсоох ёстой юу?

    -Төсвийг боловсруулах үеэс маш сайн тооцоо судалгаатай хандах ёстой. Нэг ёсны маш сайн төлөвлөж боловсруулдаг болох.

    Энэ хүрээнд макро орчны судалгааг маш сайн хийдэг, орлогынхоо тооцооллыг үнэн зөв хийдэг, юунд зарцуулах вэ гэдгээ ач холбогдлоор нь эрэмбэлж чаддаг болох нь чухал байна. УИХ төсвийг ач холбогдлоор нь эрэмбэлж, багцаар нь баталж өгдөг болох. Төсөв боловсруулах тогтолцоо хоцрогдож байна. 1990-ээд оны сүүл үед төсөв замбараагүй байх үед парламент төсвийн ерөнхийлөн захирагч нарын зарцуулах мөнгийг зүйл заалт бүрээр нь зааж өгдөг байсан. Энэ л тогтолцоогоор төсвийг батлаад байна. Эцсийн дүндээ төсөв ерөнхийлөн захирагч шатахууны төлбөрийг түрээсийн төлбөртөө гүйлгэх эрх байдаггүй. Энийг зөрчих юм бол Төсвийн хууль зөрчдөг. Төсвийн хуулиа зөрчихгүйн тулд төсвөө тодотгох болдог. Энэ нь өөрөө төсвийн хуулийг хэрэгжүүлэхэд, төсвийн ерөнхийлөн захирагч нар бодлогоо хэрэгжүүлэхэд хаалт тавиад байгаа.

    Аль, аль талдаа шинэчлэл хийгээд зөв хэлбэр лүү оръё гэвэл хөгжиж байгаа орны жишиг рүү орох ёстой. Үүний тулд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа өөрчлөх. УИХ-ын сонгуульд аль ч улс төрийн хүчин ялсан Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа өөрчилдөггүй байх. Зайлшгүй өөрчлөлт орох шаардлага үүслээ гэхэд парламентын гишүүдийн дөрөвний гурвын дэмжлэг хүлээдэг эрх зүйн орчны шинэчлэл хийх ёстой. Тэгж байж, бүх шатандаа хариуцлагатай болно. Төсвийн жилийн дундуур төсөв тодотгодоггүй байх эрх зүйн шинэчлэл бий болно.

    Тэр цагт Засгийн газар хэрэгцээтэй зүйлд багцаа зөв зарвал үйл ажиллагаа нь “Сайн” гэж үнэлэгддэг, буруу зүйлд зарцуулаад үр дүн гаргаж чадаагүй бол “Муу” гэдэг үнэлгээгээ авдаг зарчимд шилжинэ. Ингэж байж төсөв сайжирна.

    -Ерөнхий сайд томилогдлоо, одоо багаа бүрдүүлэхээр ажиллаж байна. Шинэ Засгийн газар ямар бодлого хэрэгжүүлээсэй гэж та хүлээж байгаа вэ?

    -Зөв менежмент хэрэгтэй. Засгийн газрын мөрийн хөтөлбөр, үндсэн чиглэл, эдийн засгийг сэргээх хөтөлбөр гээд маш олон бодлогын баримт бичгүүд УИХ-аас батлагдсан. Тодорхой ч юм бий, ерөнхий жагсаалт ч бий. Засгийн газрын зүгээс зүтгээд, хэрэгжүүлээд тодорхой үр дүн гаргачихсан тоймтой юм бол бага гэдгийг шинэ Ерөнхий сайд сайн мэдэж байгаа. Тиймээс яг одоогийн нөхцөлд юу хийх хэрэгтэй вэ гэдгээ зөв тодорхойлоод шууд л ажилдаа орох байх гэж хүлээж байна.

    Ялангуяа аж үйлдвэрийн салбартаа гол анхаарлаа төвлөрүүлэхийг нөхцөл байдал шаардаж байгаа. Эдийн засаг дахь ногоон гэрлийг олборлох, боловсруулах салбарууд асааж эхэлж байна. Сайн, муугаар олон хэлэгддэг бондын үр өгөөж боловсруулах салбарт гарч эхэлсэн нь эдийн засгийн өсөлтөөр илэрхийлэгдэж байгаа.

    Аж үйлдвэрийн салбарын нийт хэмжээ 2 жилийн дотор 3 их наядаар нэмэгдсэн байна. Хөдөө аж ахуй, тээврийн салбарын ачаа эргэлт өссөн. Тийм учраас эдгээр салбараа илүү их дэмжиж, өнөөдөр 4.1 тэрбум ам.долларын экспортын орлого олж байгаа үр дүнг л ахиулах хэрэгтэй. Төмөр замын даац, хил гаалийн нэвтрүүлэх чадвараа богино хугацаанд нэмэгдүүлж чадвал 30, 40 сая тонноор нь нүүрс экспортлох боломж бий болно. Нэг худалдан авагчийн тулгасан үнээр бус, арай илүү өндөр үнээр нүүрсээ борлуулдаг болох менежментийг хийх ёстой. Ингэж чадвал маш их боломж бий болно.

    -Сайд нар бараг 100 хувь шахам парламентаас бүрдэх нь. Та болон танай бүлэг дэмжих үү. Ардчилсан намынхан сайдын “шахаа” хийгээд байна гэх хардлага бий?

    -Ардчилсан нам Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй эрх мэдлийн төлөөх тохиролцоо хийгээгүй, цаг хугацаа харуулна биз ээ. УИХ-ын гишүүн биш хүн Ерөнхий сайд болж байгаагийн хувьд үндсэн чиг үүргийн яамдын сайдыг парламентаасаа сонгож, УИХ дээр дэмжлэг авах нь зөв гэж харж байгаа. Тийм учраас эдгээр яамдын сайдыг УИХ-аас санал болговол дэмжинэ. Бусад яамдын хувьд мэргэжлийн хүмүүсийг оруулж, дэд сайдаасаа эхлээд цомхотгох, давхардсан, шаардлагагүй орон тоог эргэж харсан, төсвийн сахилга хариуцлага, хэмнэлтийг эрэлхийлж ажиллах нь илүү зөв л харагдахаар байгаа даа.

    Г.ДАРЬ

    ЭХ СУРВАЛЖ: NEWS.MN