Д.Мурат: Өвөл хаяанд ирчихээд байхад эрх баригчид маргалдаж суух цаг биш
    2017 оны 10 сарын 11 нд
    8b415e08d80559780cf68d56d7afa997.jpg

    УИХ-ын гишүүн Д.Мураттай ярилцлаа.

    -Ман-ын гишүүд хоёр талд хуралдаад сайд нарынхаа нэрсийг тохирч чадахгүй байгаа сурагтай. Сайд нарыг томилох асуудалд ан-ын бүлэг У.Хүрэлсүхтэй тохироо хийсэн үү?

    -Одоогоор тохироо хийсэн асуудал байхгүй. Гэхдээ хамтарч, дэмжиж ажиллана гэсэн байр сууриа манай нам илэрхийлсэн. Төрийг аль болохоор тогтвортой байлгахыг хүсч байна. Улс орны эдийн засаг амаргүй байгаа энэ цаг үед Засгийн газрыг дахин дахин огцруулахыг дэмжихгүй. Тиймээс У.Хүрэлсүхийн Засгийн газрыг тогтвортой байлгахыг хүсч байгаа. Гэтэл МАН-ын гишүүд Байнгын хорооны хуралдаа ирэхгүй байна. Өчигдөр(уржигдар) шөнөжин тэд хуралдсан бололтой. Эрх баригчид дотроо хуваагдсан байна. Хоёр өөр нам шиг тусдаа хуралдаад байгаа нь Монголын ард түмэнд хүндрэлтэй байна. Өвөл хаяанд ирчихээд байхад танай манай гэж талцаж суух цаг биш шүү дээ. Би эрчим хүчний салбарын хүн. Тэр утгаараа цахилгаан, дулааны өвлийн бэлтгэлд хамгийн ихээр санаа зовж байгаа. Өнөө жил ихэнх нутгаар гандуу, зуншлага тааруу байсан. Өвөлжилт хүндэрнэ гэж цаг уурчид анхааруулаад байхад МАН сандал ширээний хэрүүл хийгээд байж болохгүй. Тиймээс АН-ын зүгээс Засгийн газрыг хурдан бүрдүүлж, үйл ажиллагаагаа жигдрүүлээсэй гэж хүсч байна даа.

    -Зарим сайдын нэрийг Ерөнхий сайдад санал болгосон ч татгалзсан гэсэн мэдээлэл байна. Тэгэхээр У.Хүрэлсүхийн оруулж ирэх нэрсийг танай нам дэмжих үү?

    -Бүгдийг дэмжих нь юу л бол. Хүн болгон өөр өөрийнхөө үзэл бодлоор асуудалд хандана. Тэгэхээр зарим нь дэмжинэ. Зарим нь дэмжихгүй байх.

    -Ер нь засгийн газрын гишүүдийг гаднаас томилох ёстой юу. эсвэл давхар дээл өмсүүлэх нь зөв үү. Дээрээс нь гол, гол яамдын сайд нарыг авч үлдээд бусдыг нь шинээр томилох хувилбар яригдаад байна. Засгийн газрын томилгооны асуудалд та ямар байр суурьтай байна?

    -АН-ын хувьд давхар дээлийг дэмжихгүй байгаа. Нэгэнт МАН-ын шинэчлэл яригдаж байгаа учраас сайд нараа бүгдийг нь солино гэх байх. Олон жилийн дараа МАН-ын дотоод шинэчлэлийн асуудал яригдаж байна. Тиймээс У.Хүрэлсүхийг дэмжиж гарын үсэг зурж гаргаж ирсэн тэр багаараа ажиллах хэрэгтэй болов уу. Харин Ерөнхий сайдыг дэмжээгүй талын хүмүүсийг сайд болговол энэ Засгийн газар цаашаа хол явахгүй байх. Нэгэнт АН-ын бүлэг дээр МАН-ын 33 гишүүн нэмэгдээд 41 гишүүн У.Хүрэлсүхийг дэмжсэн юм чинь төр тогтвортой явна гэж харагдаж байгаа.

     

    Нэгэнт МАН дотроо хуваагдсан юм чинь эвлэрэхэд түвэгтэй л дээ. Ийм үзэгдэл манай АН-д ч олон удаа болсон. Тэр үед АН төр барьж чаддаггүй байнга нэгийгээ огцруулдаг, дэмжлэгийг тасалдаг гэж шүүмжилцгээдэг байлаа. Тэгвэл одоогийн эрх барьж байгаа МАН ч ялгаагүй засаглаж чадахгүй байна шүү дээ. Ардчилсан нийгэмд хариуцлага тооцох нь зүйн хэрэг. Дээрээс нь огцруулж, эргүүлэн татах нь улс төрд байдаг л зүйл. Үүнийг зарим хүн ойлгодог болсон байна.

    -АН-ын хувьд Ерөнхий сайдыг дэмжиж ажиллана гэлээ. У.Хүрэлсүхтэй тохироо хийсэн юм биш үү?

    -Мэдээж бид ямар нэгэн албан тушаал хүсээгүй. Цаана нь дэмжиж ажиллах олон ажлууд бий. Тухайлбал миний бие дулааны эрчим хүчний салбарт туулж ирсэн олон жилийн зовлонгоо ярина. Энэ салбарт нийтдээ 30-аад жил ажиллалаа. 1980-аад онд манай улсын хэмжээнд тавхан аймаг уурын зуухтай байсан. Өмч хувьчлал эхлэхэд нэгийг нь хувьчилж аваад одоо хүртэл үр дүнтэй ажиллуулж байна. Өмнөх Засгийн газрууд аймгийн төвийг нэгдсэн дулааны станцтай болгоно гэж ярьж байсан ч дэмжигдэхгүй байгаа. Аливаа улсын хөгжлийн хамгийн гол салбар нь дулаан, эрчим хүч байдаг. Энэ мэтчилэнгээр би өөрийнхөө санаагаа хэлмээр байна. Нэг аймаг ч гэсэн дулаан эрчим хүчээр хангагдаж байвал орон нутагт төдийгүй улсад хэрэгтэй. Эцсийн дүндээ бид хамтарч л таарах байх. Гэхдээ энэ бол албан тушаал авна гэсэн тохироо биш.

    -УИХ-аар Ерөнхий сайдыг томилоход МАН-ын 22 гишүүн чуулгандаа ороогүй. Тэгэхээр энэ Засгийн газар цаашид тогтвортой байна гэдэг нь эргэлзээтэй. Дахиад л засаг унагаах хөдөлгөөн өрнөөд эхлэх юм биш биз дээ?

    -Тийм болохоор тэр 22 хүнээс сайд томилно гэдэг бол буруу. Бас л олон хүн гомдоно. Буруугаар ойлгоно. Тэгэхээр төр удаан тогтвортой байж чадахгүй байх. Эхэндээ дэмжсэн багаараа АН-тай хамтраад ажиллавал удаан явна л даа.

    -Ерөнхий сайдыг томилсноос хойш 14 хоногийн дотор сайд нарыг томилох ёстой. Энэ янзаараа явбал амжихгүй бололтой. УИХ огцорвол яах вэ?

    -Миний хувьд ийм их хурал байхын хэрэг байна уу гэж боддог. Ард түмнийхээ ахуй амьдралд саад тотгор болж байгаа юм шиг санагдах юм.

    -Та Их хурлын бүрэлдэхүүний нэг шүү дээ. УИХ-ын халуун тогоонд орохоор гаднаас нь харж байснаас өөр байна уу. Та шүүмжлэлтэй хандаж байгаа болохоор ингэж асуумаар байна л даа...

    -Их хурлын ажилд мэдээж шүүмжлэлтэй хандах зүйлүүд байгаа. Би 1989 оноос хойш төрд ажиллаагүй. Хувиараа бизнес эрхэлж байлаа. Орон нутагтаа олон бүтээн байгуулалт хийсэн. Өнгөрсөн он жилүүдэд зөвхөн Баян-Өлгий аймаг гэлтгүй Ховд, Увс аймгуудын сумуудын сургууль, цэцэрлэг, эмнэлгүүдийн дулааны ажлыг шийдэж бүтээн байгуулж өгч байлаа. Гэтэл УИХ-д орж ирсэн чинь заримдаа жүжигчин болж байгаа мэт санагдах үе байх юм. Нэг өдөр өөрийгөө танихгүй өөр болчихож байж мэднэ(инээв). Ер нь УИХ-ын нэг танхимд орж ирж суучихаад манайх, танайх гэж орос, германы цэргүүд шиг хоёр тийшээ хараад сууж байхаар тарсан нь дээр шүү дээ. Өнөөдөр өчнөөн мөнгө төгрөг зарцуулаад батлуулсан хуулиудаа дараа жил хүчингүй болгочихдог Их хурлын ажил үнэхээр дампуу санагдах юм.

    -Ер нь засаг унах эдийн засагт ч хохиролтой гэдгийг ОУВС-гийн хөтөлбөр түр зогссон явдал харуулаад байна л даа. Харин та бизнесмэн хүний хувьд энэ тал дээр ямар бодолтой байна?

    -Мэдээж, засаг хөдлөх нь улсын эдийн засагт эерэг нөлөө үзүүлэхгүй нь ойлгомжтой. Манай улс байгалийн баялаг ихтэй орон. Эхний ээлжинд гаднаас зээл, тусламж авч ажиллах ёстой. Зээл авч байж улс хөдлөх ёстой. Анх 1990 онд бизнес хийж эхэлсэн хүн болгон шүүмжлүүлдэг байлаа. “Энэ нөхөр хөрөнгөтний нийгмийн үлдэгдэл байна” гэдэг байв. Үнэн хэрэгтээ коммунист нийгэмд бүх хөрөнгөтнүүдийг устгаж хаячихаад өнөөдөр хүмүүс баяжиж чадахгүй байна. Тэр 70 жилийн тархи угаалтаас ч салж чадахгүй байгаа шүү дээ. Банкнаас өндөр хүүтэй зээл авч олон жил бизнес эрхэлсэн. Хөдөлье гэсэн ч мөнгөгүй хүмүүс зээл авахгүй л бол мөрөөдлөө биелүүлж чадахгүй. Яг тэрэн шиг манай Монгол Улсад хийе гэсэн их мөрөөдөл байна. Олон баялаг байна. Тэр бүгдэд зээл авах шаардлага байгаа байх. Энэ зэргээ бодсон ч төр аль болох тогтвортой баймаар байна.

    -Ойрын үед НИТХ нэлээд анхаарал татсан үйл явдал байлаа. Үүнд танай намын оролцоо байсан болов уу?

    -Манай намын оролцоо гээд байх юм байхгүй. Гол нь аль болох бодлогын зөв чиглэл барьсан улстөрчийг дэмжээд байгаа болов уу.

    -Ерөнхийлөгчийн зүгээс 60 тэрбумын хэрэг, У.Хүрэлсүхийг тагнаж чагнасан асуудлаар сонсгол явуулах тухай албан бичгийг Их хурлын даргад илгээсэн байна лээ. Сөрөг хүчний хувьд эдгээр хэргүүдийг хэр зэрэг бодитоор нь харж байна. Улс төрийн шоу байв уу?

    -60 тэрбумын хэрэг үнэн бололтой. Эвлүүлэг гэж үзсэн ч баримттай гэж мэдээлээд байна билээ. У.Хүрэлсүхийг Шадар сайд байхад нь тагнаж, чагнасан талыг сайн мэдэхгүй байна. Гэхдээ ямар нэг асуудал байдаг байх л даа. Ард түмэн бол 60 тэрбумын хэргийн цаад учрыг мэдэхийг хүсч байгаа. Үнэн зөвийг нь тогтоох ёстой.

    -Одоо та ямар хуулийн төсөл дээр ажиллаж байна вэ?

    -Миний нэг эмзэглэж явдаг зүйл байдаг юм. Тэр бол цус ойртолт. Үе удмаа мэдэхгүй цус ойртсоноос болж үндэстэн мөхөх аюултай. Тиймээс монголчууд маань ядаж өөрөөсөө дээших долоон үеэ мэддэг байх ёстой. Гэтэл үүнийгээ мэддэггүйгээс болж хамаатнууд гэр бүл болж янз бүрийн эмгэгтэй хүмүүс төрөөд байна. Бас цус ойртолтын зан араншингаар илрэх характер нь аминчхан үзэл байдаг болохыг эрдэмтэд тогтоосон юм билээ. Тиймээс би энэ хуулийг оруулж ирэхээр ажиллаж байгаа. Чингисийн үед 22 үеэ мэддэг байсан гэж түүх өгүүлдэг дээ.

    -Удахгүй улсын төсөв хэлэлцэнэ. Орон нутаг руугаа хэрхэн анхаарч байна вэ?

    -Энэ Их хуралд АН-ын есөн гишүүн байгаа. Сая Ерөнхий сайдтай хамтарч ажиллах тухай ярихдаа есхөн гишүүний тойрогтоо ажиллах мөнгө санхүүгийн асуудлыг нь зохицуулж өгөхийг хүссэн. Манай Баян-Өлгий аймгийн Дэлүүн сум хүн ам ихтэй. Энэ суманд сургуулийн дотуур байрны хүрэлцээ муу байдаг. 100-150 хүүхдийн багтаамжтай дотуур байрыг барих шаардлагатай байгаа. Өмнөх жилүүдэд төсвөөс огт мөнгө хуваарилаагүй. Энэ зэрэг хүндрэлүүд бий. Миний хувьд хувийнхаа хөрөнгөөр хоёр жилийн өмнө хоёр том сумаа нэгдсэн халаалттай болгосон. Одоо хүртэл ажиллаж байгаа. Дахиад хувиасаа 180-аад сая төгрөг гаргаж, Дэлүүн суманд 50-иад сая төгрөгийн өртөг бүхий үүрэн телефоны станц, Алтай суманд том, жижиг хоёр гүүр барьсан. Мөн аймагт бүрэн тоноглосон японы түргэн тусламжийн машин авч өглөө. Энэ мэт эрүүл мэндийн асуудлыг шийдээд явж байна. Сүүлийн үед монгол-казах хэлний толь бичгийг цахим хэлбэрт оруулах ажлуудыг хийж байна даа.

    М.МӨНХЦЭЦЭГ

    Эх сурвалж: Өдрийн сонин