УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Ардчилсан намын эмэгтэй гишүүд
    2017 оны 11 сарын 03 нд

    “ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ТӨСӨВ”

    УРИАЛГА

    2017.11.03

    Улаанбаатар хот

    Монгол Улсад гэр бүл, хүүхэд хамгаалал, хөгжлийн асуудал, гэр бүлийн хүчирхийлэл, охид эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж байгаа бүх төрлийн хүчирхийллийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, хамгаалах, нөхөн сэргээх тогтолцоог бэхжүүлэх зайлшгүй шаардлага, нийгмийн хэрэгцээ бий болсон байна. Үүний тод илрэл нь сүүлийн үед гарч байгаа хүүхдийн эрхийн зөрчлүүд, бие махбодын хүчирхийлэл, ялангуяа бага насны хүүхдийн эсрэг гэмт хэргүүд зэрэг сэтгэл эмзэглүүлсэн олон үйл явдлууд харуулж байна. Энэ бүхний эсрэг тэмцэхээр иргэдийн санаачилгаар улс орон даяар “Нүдээ нээ” аяныг өрнүүлж байна.

    Монгол Улс хүүхдийн эрхийг хангаж, хамгаалах чиглэлээр НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцод нэгдэн орсон. УИХ Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг шинээр баталсан. Эдгээр хуультай уялдуулан Эрүүгийн болон Зөрчлийн тухай шинэ хуулийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөх болсон зэргээр хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх эрх зүйн орчин бүрдүүлэх талаар тодорхой алхам хийгдэж байгаа ч бодит үр дүн нь хангалтгүй байгааг олон нийт анхааруулж байна.

    Хүүхэд хамгааллыг бодитой хэрэгжүүлэх, хүүхдийн эрхийг хамгаалахад чиглэсэн одоогийн үйлчилгээний хүртээмж, чанар Монгол Улсын олон улсын гэрээнд заасан хүүхэд хамгааллын үндсэн зарчим, стандартыг хангахгүй байгаагаас гэмт хэргийн нөхцөл байдал дорвитой сайжрахгүй байгаа нь бодит байдлаас харагдаж байна.

    Хүүхдийн эрхийн эсрэг гэмт хэргийн гол шалтгаан архидалт, ядуурал, бухимдал зэрэг нийгмийн сөрөг үзэгдлүүд, түүнчлэн хүүхэд хамгааллын талаарх олон нийтийн ойлголт, мэдээлэл муу, хүүхэд хамгаалах тогтолцоо сайн бүрдээгүйтэй холбоотой ч хүүхэд хамгааллын үйлчилгээг хангалттай үзүүлэх төсөв, санхүүгийн хуваарилалт орхигдож байгаатай холбоотой байна гэж бид үзэж байна.

    НҮБ-ын Хүүхдийн сангийн тусламжтайгаар Монгол Улсын хүүхэд хамгааллын өнөөгийн тогтолцоо, хүүхэд хамгааллын үйлчилгээний төсөв, санхүүгийн шинжилгээ, зардлын тооцоолол, хүний нөөцийн байдалд хийсэн судалгаагаар манай Улсын хүүхэд хамгаалалд зарцуулж байгаа төсвийн 95 хувь нь хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудын цалин, хөлс, урсгал зардалд, үлдсэн 5 хувь нь хүүхдийн эрхийг бэхжүүлэх бодит арга хэмжээнд зарцуулагдаж байна. Хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, нөхцөл байдлын үнэлгээ хийх, аюулгүй байдлыг хамгаалах, сэтгэлзүй, хуулийн хамгаалт эрүүл мэндийн үйлчилгээ, аюулгүй орчинд байрлуулах (түр болон, удаан хугацаагаар байршуулах байруудад хүргэх, авах), хүүхэд асрах хувилбарт үйлчилгээнд огт хүрэлцдэггүйгээс хуулийн заалт орон нутагт бодитойгоор хэрэгжих боломжгүй нөхцөл байдлыг үүсгэж байна.

    Хүүхэд хамгааллын тухай хуулийг “боломжийн” хэмжээнд хэрэгжүүлье гэвэл 11.5 тэрбум, “бүрэн сайн” хэрэгжүүлье гэвэл 21.1 тэрбум төгрөгийг жил бүрийн төсөвт тусгах шаардлагатай байгаа тооцоо судалгааг олон Улсын шинжээчид 2015 онд хийсэн.

    Гэтэл Монгол Улсын 2018 оны Төсвийн тухай хуульд хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулах арга хэмжээний зардалд хүүхдийн тусламж, үйлчилгээний 108 утасны зардал 216.7 сая, Хүүхэд хамгааллын тухай хууль /2016/, Хүүхдийн эрхийн тухай хууль /2016/, Монгол Улсын Их хурлын 2016 оны 45 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр /2016-2020/-ын 3.4.4-3.4.7 дэх заалтуудыг хэрэгжүүлэхэд шаардлагатай зардалд 1,054.4 сая төгрөг, хүчирхийлэлд өртөгсдөд үзүүлэх тусламж, дэмжлэгт зориулж 252.0 сая төгрөг, гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах төсвийг ганцхан Ховд аймагт барихаар тусгасан нь хангалтгүй байна гэж үзэж байна.

    Иймд эмэгтэй улс төрчдийнхөө хувьд, хүүхэд хамгааллын хууль тогтоомжийн хэрэгжилтийг шинэ шатанд гаргах энэхүү хэрэгцээ шаардлагыг сануулах, сонордуулах үүргээ ухамсарлан, энэ удаагийн төсвийн бодлогоор дамжуулан хүүхдээ хамгаалах ажилд тодорхой дэвшил гаргах үүднээс хүүхэд хамгааллыг бэхжүүлэх арга хэмжээнд нэмж 10.0 тэрбум төгрөгийг нэмж тусгуулах саналыг гаргаж, саналыг дэмжихийг УИХ-ын гишүүдээсээ уриалж байна.

     

    УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүн З. Нарантуяа

    АЭХ-ны Тэргүүн, Баянгол дүүргийн засаг дарга,

    УИХ-ын гишүүн асан С. Одонтуяа