С.Эрдэнэ: Би энэ хуулийг санаачилснаар эрх баригчдад тус болж байна гэсэн үг
    2017 оны 11 сарын 13 нд
    2dca62bdaeadd703ca4f20d5b824dfd1.jpeg

    Мөнгө хүүлэлтийн эсрэг Зээлийн хүүгийн хувийн дээд хэмжээг тогтоох тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ санаачлаад байгаа билээ. Тэрбээр арилжааны банкуудын зээлийн жилийн хүүг 18, харин банк бус санхүүгийн байгууллагын зээлийн жилийн хүүг 35 хувиас хэтрэхгүй байхаар хуулийн төсөлдөө тусгаад байгаа аж. Ингээд энэ удаагийн “Ярилцах танхим” буландаа тус хуулийг санаачлагч УИХ-ын гишүүн С.Эрдэнийг урьж, ярилцлаа.

    -Мөнгө хүүлэлтийн эсрэг Зээлийн хүүний хувийн дээд хэмжээг тогтоох тухай хуулийн төслийн талаар мэдээлэл өгөхгүй юу. Тус хуулийн төсөл олон нийтэд нэлээд хүлээлт үүсгэж байх шиг байна. Тиймээс хуулийн зориулалт, ач холбогдлын талаар ярилцлагаа эхлэх нь зөв байх?

    -Миний хувьд энэ хуулийн төслийг судлаад бараг дөрвөн жил болж байна. Хууль санаачлах болсон гол шалтгаан нь нийгмийн эмзэг хэсэгт хамрагдаж байгаа иргэдийн амьдрал ахуйг өөд татахад чиглэж байгаа юм. Үүнээс гадна надад нийгмийн хамгааллын бодлогыг хэрэг­жүүлэх чиглэлээр ажил­лаж байсан туршлага бий. Өнөөдөр хүн харахад хувиараа аж ахуй эрхлээд явж байгаа хүмүүс бизнестэй, мөнгөтэй юм шиг харагдаж байгаа ч цаанаа бүгд эдийн засгийн ямар нэгэн дарамттай байна.

    Монголд өнөөдөр сэтгэл ханамж нь дүүрэн, ажил үүргээ гүйцэтгээд явж байгаа хүн тун цөөхөн. Үүний гол шалтгаан нь зээл болон хүүгийн дарамт. Яагаад ингэж хэлэх болов гэхээр арилжааны банкууд болон банк бус санхүүгийн байгууллагаас олгогдож байгаа зээлийн хүү асар өндөр байна. Хүү яагаад ийм өндөр байна вэ гэхээр банкууд чинь амьдрахын тулд хадгаламж татна.

    Хадгаламжаа өндөр хүүтэй татаж байгаа. Нэгэнт өндөр хүүгээр татсан мөнгөө ашигтай эргэлтэд оруулахын тулд эргээд өндөр хүүтэй зээл гаргаж байна. Энэ тогтолцоо нь сүүлдээ хэвшил болоод тогтчихсон. Түүнчлэн бизнесийн алтан үе гэж нэрлэгдэж байсан он жилүүд бий. 1990-2000 оны үед бизнес чинь хэд нугардаг байсан. Тухайн үед өндөр хүүтэй зээлийг аж ахуйн нэгж, иргэд ч тоодоггүй байж. Харин 2000 оноос хойш эдийн засаг агшаад, өндөр ашигтай байсан зээлүүд хумигдаж эхэлсэн.

    Одоо хамгийн ашигтай бизнес 5-50 хувьтай байх жишээтэй. Бараг 50 хувийн ашигтай бизнес ч одоо байхгүй болсон доо. Гэтэл өнөөдөр банкны зээлийн хүүг аваад үзэхэд, жилийн 30-36 хувийн хүүтэй байна. Харин банк бус санхүүгийн байгууллагын зээлийн хүү жилийн 60-80 хувь. Ийм өндөр хүүтэй зээлийн дарамт дороос өндийж, ашигтай ажиллаж, бизнесээ, амьдралаа босгоно гэдэг маш хүндрэлтэй. Өөрөөр хэлбэл, боломжгүй асуудал.

    -Ерөнхийдөө арилжааны банкууд болон банк бус санхүүгийн байгууллагаас явуулж байгаа үйл ажиллагаа боловсон дээрэм шүү дээ. Магадгүй ингэж хэлж болохгүй л байх. Тэгэхдээ л төрүүлж өсгөсөн хүүгийнхээ бус банкны зээлийн хүүгийн төлөө зүтгэж байгаад нас эцэслэж байгаа жишээ олон байна. Өнөөдөр Монголд зээлгүй хүн нэг ч байхгүй. Харин энэ асуудлыг манайхаас өөр улс оронд хэрхэн шийдсэн байдаг юм бэ. Мэдээж та судалсан байх?

    -Судлалгүй яах вэ. Бусад улс орнуудад төрийн зохицуулалттай зах зээл гэж ярьдаг. Энэхүү зохицуулалтын дүр төрх жинхэнэ энэ салбарт л гардаг. Учир нь төр банкуудын зээлийн дээд хязгаарыг тогтоож, хуульчилж өгдөг юм байна. Маш олон улс оронд ийм зохицуулалт байдаг. Тодруулбал, Япон улсад зээлийн дээд хязгаарыг 20 хувиар тогтоож өгсөн байх жишээтэй. Түүнчлэн зээлийн дээд хязгаарыг тогтоохдоо янз бүрийн хэлбэрээр тогтоосон байна. Жишээ нь, тодорхой нийгмийн аль нэг бүлэг хэсэгт эсвэл нийтэд нь тогтоосон байх гэх мэтээр янз бүрийн аргачлалыг ашиглаж байна.

    -Харин манай улсын хувьд?

    -Манай улсын хувьд үнэхээр ийм өндөр хүүтэй зээл авч байгаа нөхцөлд аж ахуйн нэгжүүд, иргэд хөл дээрээ зогсоно гэдэг бараг л боломжгүй. Тэгэхээр төрийн зохицуулалтаар зээлийн хэмжээний дээд хүүг тогтоож өгөх зайлшгүй шаардлагатай. Үүнийг зохицуулахын тулд хууль батлуулах ёстой. Тиймээс л энэ чиглэлээр ажиллаж, судалгаа хийж байна.

    -Хуулийн төслөө өргөн барихад бэлэн болсон уу?

    -Хууль боловсруулж, бат­луу­лах тухай хууль гэж бий. Түүнийхээ дагуу процессууд явж байна. Мөн хуулийн төс­лийн талаар хэлэлцүүлэг явуу­ла­хаар бэлтгэл ажлуудаа хийж байгаа. Хууль өргөн барихад шаардагдах процес­суу­дыг хан­гаж дууссаны дараа хуулиа өр­гөн барих ёстой. Тиймээс энэ он­доо багтааж, хуулиа өргөн барина.

    -Арилжааны банкууд болон банк бус санхүүгийн байгууллагынхан зээлийг хүүг бууруулна гэхээр хэр таатай хүлээж авах бол. Хүүний хувьд огцом буурч байгаа болохоор эсэргүүцэл ирэх байх гэж харж байна?

    -Банкны зээлийн хүүний дээд хязгаарыг тогтоогоод өгөхөөр үүнтэйгээ уялдаад хадгаламжийн хүүний хувь хэмжээ буурна гэсэн үг.

    -Хэрвээ хуулийн төсөл батлагдаад, хэрэгжээд эхэлбэл нийгэм болоод улс орны эдийн засагт олон эерэг үзүүлэлт гарах байх гэж хараад байна?

    -Тийм ээ. Нийгэм болоод эдийн засагт олон эерэг үзүүлэлт гарна. Тодруулбал, ойролцоогоор арилжааны банкуудад зургаан их няд төгрөгийн хурамтлал бий болох төлөв ажиглагдаж байгаа. Түүнчлэн өнөөдөр улс орны эдийн засаг ямар байгаа билээ. Үндсэндээ манай улс гадаадын төсөл хөтбөрийг шүтэж амьдарч байна. Харин дотоодын зах зээл дээр байгаа энэ их бэлэн мөнгөний хуримтлалыг эзэмшиж байгаа хүмүүс маань өндөр хүүтэй хадгаламжинд мөнгөө байршуулаад асар өндөр ашиг олж байгаа. Тэгэхээр хадгаламжийн хүү буураад, мөнгө нь өөр зүйл рүү ороод илүү ашигтай хэсэгт зарцуулагдана. Ингэхээр энэ мөнгө хөрөнгийн зах зээл рүү орно. Үндсэндээ мөнгөний урсгал хөдөлгөөнд орж эхэлнэ. Түүнчлэн бүгд санхүүгийн эх үүсвэртэй болно. Үүнийг дагаад баялаг үйлдвэрлэж байгаа аж ахуйн нэгж, байгууллагууд, иргэд эдийн засгийн үйл ажиллагаа идэвхжиж эхлэх юм. Ер нь өргөн утгаар нь харахаар банкны зээлийн хүү буурснаар маш олон эерэг үзүүлэлт нийгэмд гарна. Энэ нь судалгаагаар ч харагдаж байгаа.

    -Хууль санаачлах болсон зорилго нь дээрх нөхцө­лүүдтэй холбоотой байв уу?

    -Тийм ээ. Том утгаар нь харвал эдийн засгийн үр өгөөжийн талаар маш олон зүйлийг ярьж болно. Харин миний хувьд олон мянган аж ахуйн нэгж, иргэдийн бизнес нь хөл дээрээ босох маш том боломж бүрдэнэ гэж харж байгаа. Тодруулбал, жилийн 18 хувийн хүүтэй зээлд сард 1.5 хувийн хүү төлнө. Харин жилийн 35 хувь гэдэг нь сарын гурав орчим хувийн хүүтэй байхаар тооцсон.

    -Хүүлэлтийн эсрэг хуульд бүх төрлийн зээл хамрагдах уу?

    -Бүх зээлүүд хамрагдана. Ямар ч төрлийн зээл олгосон дээд хязгаар нь жилийн 18 хувь байна. Банк болон банк бус санхүүгийн байгууллагууд төрөөс зөвшөөрөл авна. Төрөөс зөвшөөрсөн эрх зүйн үйл ажиллагаанд тулгуурлана. Тиймээс төрөөс тодорхой зохицуулалтыг хийж өгөх юм.

    -Сөрөг хүчнийхэн олонхи байгаа тохиолдолд хуулийн төсөл дэмжигдэнэ гэдэгт та хэр итгэлтэй байна вэ. Хэт их намчирхсан байдлаас болоод олон чухал хууль дэмжлэг авч чадахгүй байх тохиолд­лууд гарч байсан шүү дээ?

    -Эрх баригч нь байна уу, сөрөг хүчин нь байна уу энэ хууль өөрөө улс орны эдийн засагт хэрэгтэй. Түүнчлэн нийгэм болон иргэдэд хэрэгцээтэй байх нь чухал. Хэрвээ олонхи улстөржсөн байдлаар хүлээж аваад асуудлыг хойшлуулбал өөрсдөд нь муу. Энэ асуудалд нийгэм арай өөрөөр хандана гэж бодож байгаа. Эрүүл ухаанаар хардаг бол олонхи нь байна уу, сөрөг хүчин нь байна уу энэ хуулийг хамтраад л батлах ёстой. Нийгмийн сайн сайхны төлөө, эдийн засгийн үр өгөөж нь асар том байгаа. Харин ч би энэхүү хуулийг санаачилснаар эрх баригчдад тус болж байна гэсэн үг.

    -Ломбардууд хамрагдах уу?

    -Хуулийн төсөлд ломбардыг оруулаагүй. Банк болон банк бус санхүүгийн байгууллага гэж байгаа. Ломбард гэхээр иргэд хоорондын харилцаа болоод явчихна.

    -Хуулийн төсөл дээр хэн, хэн хамтран ажиллаж байна вэ?

    -Одоогоор би байна. Түүнчлэн маш сайн эдийн засагч, Монголын урдаа барьдаг том банкирууд хамтарч байгаа.

    -Арилжааны банкууд болон банк бус санхүүгийн байгууллагын төлөөллийн санаа бодлыг сонссон уу. Мэдээж хуулийн төсөлтэй холбогдуулаад уулзах байх?

    -Арилжааны банкууд болон банк бус санхүүгийн байгуул­ла­гуудын удирдлага, бизнес эрхлэгч, иргэдийг оролцуулсан том хэлэлцүүлэг хийхээр төлөвлөөд байна.

    -Ипотекийн зээл хам­раг­даж байна уу. Тус зээл эхлээд иргэдэд үр өгөөжөө өгч байсан. Гэтэл одоогоор арилжааны банкууд зээлийг зогсоосноор үүнийг тойрсон боловсон мөнгө хүүлэлт энд тэндгүй бий болжээ. Энэ асуудалд төрийн анхаарал асар их хэрэгтэй байна. Хэзээ ч орхиж болохгүй асуудал боллоо?

    -Хуулийн төсөлд хамаарахгүй байгаа. Харин тусад нь ипотекийн зээл болон зээлийн олголт, журмын талаар судалгаа хийж байгаа. Зээлийн хувь хэмжээ, арилжааны банкуудын зээл олгохдоо авч хэрэгжүүлж байгаа журам зэргийн судлаж байна. Тиймээс ипотекийн зээлийн эрх зүйн зохицуулалтыг тусад нь хийж өгөх ёстой. Түүнчлэн төрөөс хэрэгжүүлж байгаа төслийн талаар нарийвчилсан эрх зүйн зохицуулалт хийж өгөхгүй бол найман хувь нэртэй боловч зээлийн олголт, төлөлтөд зохицуулалт хэрэгтэй байна. Арилжааны банкууд зээлийн олголт, төлөлт дээр мөн л иргэдийг унагааж байгаа. Одоогоор хүүний төлөлт 70, үндсэн төлөлт 30 хувь байгаа. Ийм байхад иргэдэд маш төвөгтэй, хүндрэлтэй байна шүү дээ. Ядаж 50, 50 хувь байвал болж байна. Эсвэл 30, 70 ч байж болно. Найман хувь нэрээр мөнгө хүүлэх арга хэрэгсэл болоод байна. Энэ асуудлыг бас зохицуулах л шаардлагатай. Энэ асуудалд төрийн анхаарал хэрэгтэй байгаа нь үнэн.

    Эх сурвалж: www.dardas.mn