З.Нарантуяа: Шинэ ЗГ-ын төсөв хүлээж байсан хэмжээнд байж чадсангүй
    2017 оны 11 сарын 15 нд
    4d952c5d185356797eaee2d14b9c3982.jpg

    УИХ-ын гишүүн З.Нарантуяатай 2018 оны улсын төсөв болон улс төрийн хүрээнд өрнөөд буй зарим үйл явдлын талаар ярилцлаа. Тэрбээр 2018 оны улсын төсвийг боловсруулах УИХ-ын Ажлын хэсэгт Ардчилсан намыг төлөөлж ажилласан юм.

    -УИХ өнөөдөр өглөө 2018 оны төсвийг баталлаа. Таны бодлоор ирэх жилийн төсөв иргэд болон аж ахуйн нэгжид хэр өгөөжтэй төсөв болсон бэ?

    Товчхон дүгнээд хэлэхэд бодит секторт ажиллаж байгаа иргэд, аж ахуйн нэгжид өгөөж муутай төсөв болсон. Ерөнхий макро үзүүлэлт талаасаа ОУВС-тай хөтөлбөрийн хүрээнд тохирсон тоон үзүүлэлтүүдийнхээ хүрээнд баригдаж батлагдлаа. Тиймээс Монгол Улсын нийгэм, эдийн засгийн үндсэн зорилт, тухайлбал 2016-2020 оны Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн зорилтуудтай баталсан төсвийн зорилт бол уялдахгүй байгаа. Монгол Улс өөрөө урт, дунд хугацаандаа эдийн засгийнхаа тогтвортой байдлыг хангахын тулд манай гэсэн зорилтыг шингээж явах хэрэгтэй л дээ.

    Засгийн газрын мөрийн хөтөлбөрт иргэдийн амьдралыг эрс сайжруулна гээд заачихсан. Энэ зорилтоо хэрэгжүүлэхийн тулд ирэх жил хувийн секторт ажлын байрыг хэдээр нэмэх, хөдөлмөр эрхлэлтийг ямар бүтээн байгуулалт, үйлдвэржилтийн бодлоготой нийцүүлж дэмжих вэ гэдэг нь тодорхой тусгагдсангүй. ЖДҮ-ийг дэмжих зориулалттай 37.0 тэрбум төгрөг, хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд 65.0 тэрбум төгрөг, мал аж ахуйн хөгжүүлэхэд 26.6 тэрбум, газар тариалан хөгжүүлэхэд 20.6 тэрбум, хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд 6.8 тэрбум, хөнгөн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд 495.0 сая төгрөг тус тус хуваарилсан. Эдгээрийг эс тооцвол тодорхой нэр бүхий энэ онд шинээр эхлүүлэх болон хэрэгжиж дуусаад төсөвт орлого оруулах төслүүд алга. Төсвийн орлого хэдэн татвараараа л бүрдэхээр байгаа.

     

    Эдийн засгийн суурь бүтцийг сайжруулах гол үзүүлэлтүүд болох үнэ ханшийн өсөлт дорвитой буурахааргүй, Засгийн газрын өр зээл эсрэгээрээ өсөхөөр, алдагдлын абсолют дүнд өөрчлөлт орохооргүй төсөөлөлтэй байгаа болохоор бикгесийн үйл ажиллагаа бодитойгоор дэмжигдэхээргүй л харагдаж байна. Ийм учраас иргэд, аж ахуйн нэгжид өгөөж муутай гэж хэлээд байгаа юм.

     

    -Сангийн сайд төсвийн алдагдлыг бууруулсан нь том дэвшил болсон гэж хэлж байна…

    -Төсвийн бодлогын ерөнхий төлөв алдагдлыг 300.0 тэрбумаар буулгаж, бодлогын хувьд хатууруулж, чангатгаж байгаа мэт боловч, цаг үеийн орлогыг ашиглаж, алдагдлаа бууруулах, зардлаа бууруулах боломж байсан таатай үед энэ боломжоо ашиглахыг хүсээгүйгээрээ хатуураагүй. Эсрэгээрээ нийт зарлагын бодит хэмжээгээ улам өсгөж, хөрөнгө оруулалтын зардлаа нэмж, тансагласан. Тиймээс үүнийг дэвшил гэж хэлэхэд эрт байна. Шинэ Засгийн газрын бодлого, шинэ Сангийн сайдын цаашдын үйл ажиллагаанаас хамаарах учраас тодорхой цаг хугацааны дараа харагдаж эхлэх байхаа.

     

    Эдийн засагт сэргэлт эхэлж, валютын орлого нэмэгдэж байгаа таатай үе тохиож байна. Төсвийн алдагдлыг бууруулах алхамууд хийгдэж эхэлж байхад сөрөг хүчин зөвхөн шүүмжлэх нүдээр харж байна гэж битгий бодоорой.

     

    Төсвийн хүрээний мэдэгдэл бол хууль. Үүнд нэгдсэн төсвийн нийт зардал 2018 онд 497.0 тэрбумаар,2019 онд 671.8 тэрбум төгрөгөөр өсөхөөр, ЗГ-ын зээлийг 2018 онд 24.3 их наяд, 2020 онд бүр 26.4 их наяд төгрөгт хүргэнэ гэж хуульчилсан учраас ийм зорилт тавьж хуулиа баталж байгаа ЗГ-аас эдийн засгийн тогтвортой өсөлтийн эхлэлийг энэ 3 жилийн хугацаанд тавих ажил хийгдэнэ гэхэд итгэх аргагүй учраас л хэлж байна.

     

    ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт манайх хамрагдаж байгаа үед таны хэлсэнчлэн төсөв дээр манай гэсэн зорилтыг шингээх боломж байсан уу?

    -Байсан. Валютын сангийн хөтөлбөр бол богино хугацааны хямралыг тогтворжуулахад чиглэсэн хөтөлбөр. Тиймээс энэ хүрээндээ шалгуур, шаардлагуудаа тавьж, тохирсон үзүүлэлтүүдийг хангахыг шаардана. Харин манай Засгийн газар тогтворжиж байгаа энэ үеийг ашиглаж, үр ашиг муутай зардал, хөрөнгө оруулалтаа зоригтой танаж, төсвийн реформаа хийж, эдийн засгийн суурь салбарууд руугаа чиглэсэн ашигтай хөрөнгө оруулалтуудаа түлхүү тавих нь ирээдүйд хэрэгтэй байсан болов уу гэж бодож байна. Ирэх жилүүдэд экспортын орлого энэ жилийнх шиг таатай байгаа ч билүү.

     

    -Тэгвэл төсөв дээрээ яаж тусгах байсан юм бэ?

    -Төсвийн захирагч нарынхаа багцад шинжилгээ хийж, зардлын төлөвлөлтийг хөгжлийн бодлого, зорилтууддаа нийцэх байдлаар, бодитойгоор тооцоолохоос төсвийн реформыг эхлүүлэх шаардлагатай. Сангийн яамны аппарат төсвийн захираг нараас ирүүлсэн хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөрүүдийг нэгтгэж, байгаа орлогодоо тохируулан хуваарилах ажлыг хийж байга. Орлого нь хүрэхгүй болохоор бонд гаргаж, өр тавиад санхүүжүүлэх зарчмаар л одоо бол ажиллаж байгаа. Энэ бол тэдний ажил нь. Гэтэл хөгжлийн бодлогын уялдаа холбоосыг харж, тодорхой зорилттойгоор төсвийг хуваарилна гэдэг байнгын судалгаа, тооцоотой бие даасан агентлагын хийх ажил. Манайд энэ чиг үүргийг хэрэгжүүлэгч өнөөдөр алга байна. Сангийн яамны дэргэд ядаж Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд заасан салбар, салбарын бодлогын хүрээлэнг дайчлан ажиллуулж, туслуулж болно л доо.

     

    -Төрийн албан хаагчдын хувьд цалин нэмэхгүй, нэг удаагийн үр дүнгийн урамшуулал өгөх юм байна гэдэг нь тодорхой боллоо. Харин хувийн секторын хувьд ямар нөхцөл тэднийг хүлээж байна?

     

    -Төрийн албаны цалин нэмэгдэхэд хувийн компаниудад ачаа нэмэгдэх нь ойлгомжтой. Төсвийн тэлэлт хэрэглээг өдөөж, инфляцийг өсгөх нэг хүчин зүйл болдог. Энэ утгаараа тэдэнд таатай зүйл биш.

     

    Дээр нь төрийн мөнгөний бодлого ирэх онд валютын сангийн 5.5 тэрбум ам. долларын зээлүүд орж ирж, эдийн засагт халаалт үүсгэж магадгүй гэсэн болгоомжлолоор мөчлөг дагасан зээлийн бодлогын хязгаарлалтыг хийж, макро зохимтой бодлого авч хэрэгжүүлнэ гэсэн байгаа нь хувийн секторт зээлийн хүртээмж, олдоц сайжрахгүй нь гэсэн мессэжийг өгч байна. Банкууд дээр байгаа Засгийн газрын 2.4 их наяд төгрөгийн бондыг суллах боломж ойрын 2-3 сарын хугацаанд Засгийн газарт байхгүй учраас зээл олгох эх үүсвэр түгжигдмэл хэвээр, мөн банкуудын активын чанарын үнэлгээ үргэлжилж, банкууд өөрийн хөрөнгийн нэмэлт шаардлагад орохгүйн тулд зээл олголтоо механикаар зогсоох хандлага байгаа зэрэг нь бодит салбарын бизнесийнхнийг идэвхижүүлэхээргүй дүр зураг байна. Ийм үед ажил олгогчдод ажилтнаа барьж, тогтооход хүнд хэвээр байх болов уу.

     

    Нам, улстөрчдийг дагасан бүлэг хүмүүсийн орогнох газар төрийн өмчит компаниуд болсон

     

    -Төсвийн алдагдал үүсгээд буй гол асуудал нь юу байна гэж та харж байгаа вэ?

    -Төсвийн үргүй зардал. Уул уурхайн орлогын мөчлөг дагасан хэт тэлэлт. Өсөлт гарч эхлэхэд төсвийн зардлыг 50-60 хувиар огцом өсгөдөг. Эргээд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ унах үед тэлсэн төсвөө хумиж чаддаггүй. Энэ л гол асуудал. Төрийн албан хаагчдын тоо өмнө нь 120 мянга байсан бол өнөөдөр 180 мянга дөхөөд байгаа гэж байна. Үүнийг шийдэх цогц шинэчлэлийг энэ Засгийн газар хийх улс төрийн таатай боломжин дээр байгаа. Хангалттай кноп байна. Бид 9 эсэргүүцлээ гээд 9 хөнд кноп шүү дээ.

    -Төрийн албан хаагчдын тоо яагаад ийм огцом нэмэгдчихсэн юм бэ?

    -Нам дагасан маш том армийг ажилтай байлгах гэсэн эрх баригч намуудын бодлогын алдаанаас шаардлагаүй орон тоонууд маш ихээр нэмэгдэж байна. Төрийн ажил үүргийг гүйцэтгэх явцдаа орлого олох нүх сүв байгаа учраас л төр рүү хүмүүс илүү их цугларч байна гэсэн хардлагууд ч зарим талаар үндэслэлтэй байх шиг байна. 60 тэрбумын гэх хэргийн байдлаас харахад.

     

    Нөгөө талаас хувийн сектор дахь ажлын байр, цалин хөлсний хэмжээ ажил хайж байгаа хэсгийн хүссэн хэмжээнд байж чадахгүй, төр хувийнхныгаа илүү идэвхижүүлж, чадваржуулах бодлогын дэмжлэгийг хүртээмжтэй өгч чадахгүй байгаатай холбоотойгоор ажлын байр нь хумигдаж байгаа нь нөлөөлж байгаа байх. Сүүлийн жилүүдийн эдийн засгийн гадаад, дотоод орчин нөхцөл, хүчин зүйлүүд бас нөлөөлсөн.

     

    -Төсвийн зарлага дээр нэлээн дарамт болж ирдэг зүйл гэвэл төрийн өмчит компаниуд байдаг. Ийм байтал өмч хувьчлалд Засгийн газар яагаад идэвхгүй хандаад байгаа юм бэ?.

    1. оны төсвийн тодотголыг хийх үед л өмч хувьчлалын орлогоос улсын төсөвт 170 орчим тэрбум төгрөг оруулна гэж төлөвлөсөн. Тэгэхдээ таван обьектыг хувьчлахаар заасан. Гэвч энэ талаар Засгийн газар нэг ч алхам хийгээгүй. Үр ашиггүй, урсгал зардал ихтэй, ногдол ашгийн орлого өгдөггүй аж ахуйн нэгжүүдийг төр өөр дээрээ байлгах ямар сонирхол байгааг ойлгохгүй байна. Улс төрийн нам, улстөрчдийг дагасан бүлэг хүмүүсийг ажлын байртай болгодог орон зай нь төрийн өмчит компаниуд болчихоод байна гэж бодож байна.

    2016 оны төсвийн тодотголыг батлах үед УИХ-аас тогтоол гаргаж, “Төрийн өмчийн болон оролцоотой компаниудын үйл ажиллагааг дүгнээд үр ашигтайг нь үлдээ. Бусдыг нь хувьчил” гэсэн чиглэлийн Засгийн газарт өгсөн. Гэвч энэ чиглэлийг одоо хүртэл хэрэгжүүлэхгүй л байна.

    -Улсын төсвийн төслийн талаар Ардчилсан намын бүлэг дүгнэлт гаргасан байсан. Энэ дүгнэлтээс төсөвт тусгуулсан уу?

    -Тусгаж чадаагүй. Төсвийн хүрээний мэдэгдэлд төсвийг тогтвортой байлгах дээд хязгааруудыг зааж өгсөн долоо найман үндсэн шалгуур бий. Үүний дийлэнх нь хангагдаагүй. Хангалгүйгээр, тусгай шаардлагаа өөрчилж байгаа баталсан. УИХ, ЗГ ийм хандлагаар цаашид явбал төсвийн сахилга хариуцлагыг сайжруулж чадахгүй.

    -Аудитын байгууллага яагаад ажлаа хийхгүй байна?

    -Аудитын байгууллага төсвийн хөрөнгө оруулалт бүр дээр дүгнэлт гаргаж чадахгүй байна. Төсөвт өртөг нь ихээхэн зөрүүтэй санхүүжилтүүд олон байна. Орчин нөхцлөөсөө шалтгаалаад өөр өөр байж болох ч нэг баг, сууринд барьж байгаа барилга, байгууламжуудын төсөвт өртөг маш их хол байгаа нь төсвийн үр ашиггүй зарцуулалтын эх үндэс болсон байна. Төсвийн тогтвортой байдлыг хангах тусгай шаардлагуудын хувьд Аудитын байгууллагаас гаргасан дүгнэлтийг УИХ сонсдоггүй. Ер нь УИХ өөрөө хуулиа хамгийн их зөрчдөг байгууллага болоод байгаа шүү.

     

    Энэ удаагийнх шиг замбараагүй, ажил хэрэгч биш парламенттай таарч байсангүй

     

    -Ер нь УИХ хууль баталдаг атлаа өөрсдөө хамгийн ихээр түүнийгээ зөрчөөд байх юм гэж та хэллээ. Энэ байдлыг яаж засах ёстой юм бэ?

    - Олон улсын парламентын холбооны дээд чуулганд оролцлоо. Ямар парламентыг хамгийн сайн ажиллагаатай загвар парламент вэ гэдгийн шалгуур үзүүлэлтүүдтэй танилцлаа. Парламентын гишүүдийн төлөвшил, ёс зүй, ажил хэрэгч байдал, гаргаж байгаа шийдвэрүүдийнх нь жендерийн мэдрэмж гээд олон зүйлийг анхаарч ажилладаг, гишүүд нь харилцан туршлагаа хуваалцдаг, бие биедээ тусалж дэмждэг, 170 гаруй орныг гишүүнээрээ элсүүлсэн том байгууллага. Тэнд парламентийн гишүүд аль чиглэлийн намын төлөөлөл байхаас үл хамааран үндэстэн хоорондын зөрчил, бүс нутгийн асуудлуудаар байр сууриа нэгтгэж, хамтарч ажиллаж байхад бид намаараа талцаад, нам дотроо эрх ашгаараа талцаад сууж байгаагаа үнэхээр харж, харьцуулж бодмоор л санагдсан. Анх удаа сонгогдсон гишүүний хувьд УИХ-ын үйл ажиллагааг маш өөрөөр төсөөлж орж ирсэн. Төрийн байгууллагад Төв банкинд 15 орчим жил ажиллахдаа төрийн мөнгөний бодлого, төсөв, санхүү, банкны үйл ажиллагааны холбогдолтой олон л хуулийн ажлын хэсэгт ажиллаж байсан. Тухайн үеийн УИХ-ын үйл ажиллагааны дэг жаяг үнэхээр өөр байсан. Ажил хэрэгч, хариуцлагатай , журам, дүрмээ барьдаг. Гэтэл харин хамгийн зохион байгуулалт муутай, замбараагүй, ажил хэрэгч биш, урсгалаараа парламентэд би өөрөө ажиллаж таарлаа. Ийм үг хэлж байгаад ангийн нөхөд маань эмзэглэж магад. Гэхдээ бодитой санагдсанаа л хэллээ. Ойр зуурын хэрүүл голдуу асуудал ярьсаар хамаг цагаа барж, үр дүн муутай ажиллаж байгаа нь үнэн. Намрын чуулган эхлээд хоёр сар болох гэж байна. Өнөөдөр л төсвийн хуулиа баталлаа.

     

    -Өмнө нь намрын чуулган гэдэг тэр чигтээ төсөв, мөнгөний бодлогыг хэлэлцэхэд зориулагддаг байсан. Гэтэл энэ удаа олонх дотроо талцсаар байгаад хамаг цагаа авчихлаа…

    -Олонх Засгийн газраа бүрдүүлэх гэж маш их талцлаа. Аргаа бараад сөрөг хүчнийхэн орж, Ерөнхий сайдыг нь кнопоороо дэмжиж өглөө. Гэтэл бид захиалгаар дотор нь талцуулчихсан юм шиг ял сонсох шахсан. Дараа нь засгаа байгуулах бүх эрхийг Ерөнхий сайдад нь өгч, хэнийг ч танхимдаа оруулсан дэмжинэ гэдгээ бид илэрхийлсэн. Гэтэл нэг сайд томилох гэж хоорондоо маргалдсаар байгаад хоёр долоо хоног болох жишээний. Тиймээс олонх өөрсдөдөө үнэлэлт дүгнэлт өгөх хэрэгтэй. УИХ-ын 65 суудал гэдэг Үндсэн хуулийг хэдэн ч удаа өөрчилчих хэмжээний том эрх мэдэл. Гэтэл үүнийгээ юунд ч ашиглаж чадахгүй, сөрөг хүчний есөн гишүүнээ буруутгаад сууж байвал үнэхээр харамсалтай байна.

    У. Хүрэлсүх намын дарга болоогүй цагт бүлэг доторх тэмцэл мөнх үргэлжлэх бололтой

     

    -У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайд болгох талаар олонхын бүлэг дотроо ч учраа олоогүй байхад сөрөг хүчин дэмжихээ илэрхийлж, ихээхэн итгэл үзүүлсэн. Одоо эргээд харахад шинэ Засгийн газар та нарын итгэсэн хэмжээнд ажиллаж чадаж байна уу?

    -Намынх нь Их хурал болтол Ерөнхий сайд У.Хүрэлсүх юу ч хийж чадахгүй юм байна гэдэг ойлгомжтой боллоо. Засгийн газраа унагаад хоёр сар гаруй хугацаа өнгөрч, дараагийн хүнээ томилж чадахгүй, Монголын төр эзэнгүй болж байх үед бид У.Хүрэлсүхийг дэмжих шийдвэрийг гаргасан. Гэхдээ энэ хүн хэр зэрэг ажиллах вэ гэдэг нь МАН-ын Их хурлаас хамаарч байх шиг байна. Их хурлаасаа У.Хүрэлсүх намын дарга болж чадвал хүчтэй бодлогоо хэрэгжүүлэх улс төрийн хангагдах бололтой. Тэгэхгүй бол 65-ын бүлэг доторх хоёр намын тэмцэл үргэлжлэх бололтой.

    -Ер нь та намын дарга Ерөнхий сайд байх ёстой гэж боддог уу?

    -Улс төрийн намуудын дүрэм байдаг. Ялсан намын дарга Ерөнхий сайд болох дүрэмтэй. Манайд үе үе стандарт бусаар шийдэж байсан тохиолдол бий. Тухайлбал намын дарга нь Засгийн газраа биш УИХ-аа толгойлдог үзэгдлүүд гарсан.

    -2016 оны сонгуулийн өмнө танай намын дарга нь Ерөнхий сайд биш спикер байсан. Бас л стандарт бус шийдвэр гаргаж байжээ?

    -Ардчилсан намын хувьд бол өөр. Яагаад гэвэл Их хурлын дарга байсан хүн нь намын даргаар сонгогдчихсон.. Гэтэл МАН-ын дарга өөрөө намаа толгойлж сонгуульд орон, 65 суудалтай болгосон атлаа өөрөө Засгийн газраа тэргүүлээгүй. Энэ хоёрын хооронд ялгаа бий шүү.

    Б.Энхжаргал

    Эх сурвалж: Засгийн газрын мэдээ сонин