Залуус ингэж ажиллана
    2017 оны 11 сарын 22 нд
    be4ee9731a9d17d829da538f3dc62587.jpg

    АЗХ-ны Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хайрцгийг өчигдөр задалж, санал тоолох үйл явцыг хэвлэл мэдээлэл, олон нийтийн өмнө нээлттэй явууллаа. Орон даяар явж авсан санал хураалтын дүнгээр С.Эрдэнэболд олонхын санал авч АЗХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Мөн нийслэлийн АЗХ-ны тэргүүнийг хамтад нь тодруулсан бөгөөд Э.Өлзийбаяр олонхийн санал авсан юм. Ингээд С.Эрдэнэболд, Э.Өлзийбаяр нараас цаашид хэрхэн ажиллахыг нь сонирхлоо.

    С.Эрдэнэболд: Ёс суртахууны өндөр түвшинд улс төрийн манлайллыг гаргах цаг болсон

    - Нэн түрүүнд сургалтаас ажлаа эхэлнэ. Манай 90 мянган гишүүнд тулгамдсан асуудал олон бий. Ялангуяа, хүний нөөцийн чадавхын асуудал чухал байна. Улсын хэмжээнд ядуурал, ажилгүйдэл, боловсролын чанар, эрүүл мэндийн асуудал тулгамддаг. Эдгээрийг шийдвэрлэх чиглэлд зөвхөн АЗХ-ны гишүүн төдийгүй монголын залуус юу хийж, хэрхэн манлайлж ажиллах вэ гэсэн асуултыг тавьж ажиллана. Мөн нийт залуусын өмнө тулгамдсан асуудлыг судалж, хүний нөөцийн чадавхижуулах сургалтыг үе шаттай, тогтмол хийнэ гэж бодож байгаа. Улс төрийн зорилго гэхээс илүү хүмүүсээ хөгжүүлэх, чадавхижуулах алхамыг нэн түрүүнд тавина. Мөн бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх хэрэгтэй. Мөрийн хөтөлбөртөө АЗХ-ны төв байгууллагын удирдах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог 50 хувь болгож нэмэгдүүлнэ гэж заасан. Үүнийгээ хэрэгжүүлнэ. Ажлаа анхан шатнаас эхлэж, залуучуудад тулгамдсан асуудлыг өөрсдийнх нь оролцоотой шийдвэрлэх механизмаар ажиллана. Хамт өрсөлдсөн Б.Болор-Эрдэнийн мөрийн хөтөлбөрөөс авч, урьж ажиллууна гэж бодож байгаа. АН-ын залуус ямар ч тохиолдолд хуваагддаггүй, амин хувийн эрх ашгаа үндэсний эрх ашгаас дээгүүр тавьдаггүй, ёс зүйтэй, шинэ сэтгэлгээтэй байж, ёс суртахууны өндөр түвшинд улс төрийн манлайллыг гаргах цаг болсон. Үүний төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэнэ.

    Э.Өлзийбаяр: Залуучуудын байгууллагын түүчээ болж, улс төрд шинэ соёлыг төгөлдөржүүлнэ

    - Улс төрийн түүхэнд шинэ соёл, үүд хаалга нээгдлээ. Залуучуудын байгууллага нь тэргүүнээ болон Ерөнхийлөгчөө гишүүдийнхээ саналаар сонголоо. АН даргаа сонгохдоо мөн адил нэр дэвшүүлж, сунгаагаар тодруулж байсан. Тиймээс бусад нам шинэчлэлийг эхлүүлж, үлгэр дууриалал авна гэж найдаж байна. Миний хувьд нэн түрүүнд залуучуудынхаа итгэлийг сэргээж, эв нэгдлийг бэхжүүлэх чиглэлээр ажиллана гэж бодож байгаа. Цаашид хийх ажил их бий. Монголын бүх улс төрийн намын залуучуудын байгууллагын түүчээ болж, улс төрд шинэ соёлыг төгөлдөржүүлнэ.