С.Эрдэнэболд: Залуус үзэл санааны шинэчлэл хийх ёстой
    2017 оны 11 сарын 24 нд
    b8000f8f34824a63d40ed76c24c3e45e.jpg

    Тэрбээр АЗХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа юм. Түүнтэй АЗХ-ны цаашдын үйл ажиллагаа, бодлогын хүрээний асуудлаар ярилцлаа.

    -АЗХ-ны Ерөнхийлөгчийн сонгууль улс орон даяар өргөн хүрээтэй боллоо. Үүний хажуугаар олон мянган залуустай уулзаж санал, бодлыг нь сонссон. Тэгэхээр сонгууль гэхээс илүү ерөнхий үр дүнг хэрхэн харж байгааг тань сонирхмоор байна?

    - АЗХ-ны сонгууль бол зөвхөн сонгууль байсангүй. Энэ бол залуучуудад итгэл хүлээх хат сууж уу, залуучуудын улс төрийн хандлага шинэ соёлыг авчирч чадах уу, бусдын алдааг давтах уу эсвэл, бартааг давж шударга замыг сонгох уу гэсэн асуултад хариулт өгсөн цогц зүйл боллоо. Мөн хүмүүсийн итгэл үнэмшилийг сэргээх том өнцөг нь болж чадлаа. Учир нь хүмүүс улс төрийн намуудаас залхсан. Олбог, сандалын төлөөх тэмцэл олон хүний итгэлийг нураасан. Харин АН нийгэмд түүчээлэх байр суурьтай байдгийн хувьд намын дарга болон бүх шатны дарга нар, Ерөнхийлөгчид нэр дэвшигч, АЗХ-ны Ерөнхийлөгч гээд бүгдийг нь анхан шатнаас сонгож байна. Энэ бол хүмүүсийн дуу хоолойг сонсож, оролцоог дэмждэг бодлогын намын бүтцийн соёл руу орж буй зүй тогтол юм. Өөрөөр хэлбэл, намын дарга, АЗХ-ны Ерөнхийлөгч хэн байхаас үл хамааран систем нь эрүүлжиж байна. Энэхүү систем гурван том давуу тал үүсгэдэг. Нэгдүгээрт, хуучны бүлэг, фракцын тогтолцоог устгаж байгаа юм. Хоёрдугаарт, улс төрийн соёл бий болгодог. Мэтгэлцээн хийж, үзэл бодол, мөрийн хөтөлбөрөөр өрсөлдөх нь улс төрд шинэ соёлыг авчирч байна. Сонгуулийн турш бие биеэ хар муу үгээр гүжирдэж, гүтгэхээс илүү ард түмэнд итгэл төрүүлэх сэдвээр яриа өрнүүлж болдог хандлагыг бий болголоо. Гуравдугаарт, Үзэл санаагаараа нэгдэх боломж олгодог. Албан тушаал, ашгийн төлөө бус үзэл санааны төлөө улс төр хийж болдог юм. Үзэл санаа зөв байснаар нийгэмд дархлаа бий болж, үндэсний өрсөлдөх чадварыг ахиулдаг. Үүнийг энэ сонгууль харууллаа. Хэн ялах вэ гэдгээс илүү сонгуулийн үйл явц шударга, эрүүл тогтолцооны хүрээнд өрнөсөн учраас хэн ч сонгогдсон мөрийн хөтөлбөр нь зөв чиглэлээр хэрэгжих юм байна гэдэг итгэлийг хүмүүст өгсөн байх.

    - Уулзалтын үеэр залуус ямар асуудлыг түлхүү хөндөж байна. Хөдөө орон нутгийн залууст хүрч ажиллахдаа тааруу гэдэг шүүмжлэл бий шүү дээ?

    -Тийм шүүмжүүдийг бодитой хүлээн авсан. Мөрийн хөтөлбөр үүнийг засахад чиглэнэ. Сонгогдсон учраас энэ мөрийн хөтөлбөр цаашид хийх ажлын зураглал болох юм. Яаж хэрэгжүүлэх, санхүүг нь хэрхэн босгох тухайд стратеги төлөвлөгөө боловсруулж, сонгуулийн хороонд өгсөн. Үүнийгээ хэрэгжүүлнэ. Бид “Андууд” гэдэг санаачлагыг хэрэгжүүлэх гэж байгаа. Өнөөгийн нийгэмд дөрвөн төрлийн залуус байна. Эхнийх нь орон нутгийн буюу хөдөө хөхөрч, гадаа гандаж яваа хүсэл тэмүүллээр дүүрэн залуус. Хоёр дахь нь Улаанбаатарын болон аймгийн төвийн залуус. Тэдний ихэнх нь төрийн алба, бизнес, олон нийтийн байгууллагад ажилладаг. Анхан шатны асуудлуудыг сайн мэддэггүй. Гурав дахь нь багаасаа гадаад явж, харийн соёлыг мэдэрсэн залуус. Монголд ирээд улс төрийн тогтолцоо, намын үйл ажиллагаанд оролцож чаддаггүй. Оюуны хувьд сурч мэдсэн зүйл ихтэй атал түүнийгээ ашиглах боломж бүрддэггүй учраас улс төрийн намуудад шүүмжлэлтэй ханддаг хэсэг. Дөрөв дэх нь хилийн чанадад сурч, ажиллаж буй залуус. Тэд эзэмшсэн мэдлэг, туршлагаа монголд нэвтрүүлэх санаачлага гаргадаг ч хэрэгжих нь бага. Тэгэхээр эдгээр залуусыг нэг үзэл санаан дээр хэрхэн зангидах вэ. Энэ бол хамгийн чухал асуудал юм. Тиймээс энэ санаачлага үүнд чиглэнэ. Ингэхдээ өндөр боловсрол эзэмшсэн залуус өөрийн санаачлагаар орон нутагт очиж, мэдлэг, чадварынхаа хүрээнд орон нутгийн залуусыг соён гэгээрүүлэх ажилд оролцож, сургалт хийх боломжтой. Үүний үр дүнд улс төр, нийгмийн нөхцөл байдал анхан шатанд ямар байгааг ойлгож эхэлнэ. Дараа нь орон нутгийн залуус Улаанбаатарт ирэх гэх мэтчилэн солилцооны журмаар ажиллах юм. АЗХ ирэх жил 336 суманд энэ санаачлагыг хэрэгжүүлнэ.

    -Гадаад амьдарч, сурч байгаад ирсэн залуус бол улс орны хөгжлийн том хүч. Тэгвэл тэдний улс төр, намын үйл ажиллагаанд оролцох, өөрсдийн санаачлагыг хэрэгжүүлэх боломжийг яаж хангах вэ?

    -Улс төрийн сонирхолтой байх гэдэг нь заавал аль нэг намын гишүүн болж, даргын суудал горилох тухай биш юм. Улс төр бол нийгмийн үйл явц. Энэ үйл явцад тухайн залуучуудын оролцоо чухал байдаг. Тиймээс оролцоог нь хангаж ажиллах хэрэгтэй. 2016 оны сонгуулиар 18-25 насны залуучуудын оролцоо 50.8 хувь байсан. Хоёр хүн тутмын нэг нь саналаа өгөөгүй. 18-25 насны 400 гаруй мянган залуугийн 200 гаруй мянга нь, 25-35 насны 200 мянган залуугийн 100 мянга нь саналаа өгөөгүй. Залуус санал өгөхгүй байгаа нь улс төрөөс залхсантай холбоотой. Ах нарын хийдэг хэрүүлийг улс төр гэж ойлгож байна. Тэгэхээр бид улс төрийг үүнээс арай өөрөөр харах цаг болсон. Улс төрийг ёс суртахуунтай, олон нийтийн төлөө зөв алхам хийдэг үзэл бодлын талбар гэж харъя. Гэхдээ үүнийг хэн нэгэн үлгэрлэх ёстой. Энэ үлгэр жишээг АЗХ харуулж чадна.

    -Таны мөрийн хөтөлбөрт манайллын тухай нэлээд дурдсан байна билээ. Тэр манлайллыг хэрхэн бий болгох юм. Тухайлбал...?

    -Улстөрч гэдгийг гурван янзаар үнэлж байгаа юм. Нэгдүгээрт, улс төрийн амьтад /political animals/. Тэд бол хувийн эрх ашгийн төлөө юуг ч золиослоход бэлэн байдаг нам дамжсан бүлэглэл, эх орноо худалдаж идсэн эрх мэдэлтнүүдийг хэлж байгаа юм. Хоёрдугаарт, стандарт улстөрчид. Тэдний зарим нь кнопчид. Ихэнх нь эх орноо гэсэн сэтгэлтэй ч яаж хөгжүүлэхээ мэдэхгүй. Гишүүн болдог. Гэтэл намын бүлэг нь хуваагдчихсан. Одоо яг яах вэ гээд гацаанд орчихдог. Гуравдугаарт, төр, нийгмийн зүтгэлтнүүд. Тэд бол амин хувийн эрх ашгийг ард түмний эрх ашгаас дээгүүр тавьдаггүй үзэл санааны удирдагчид байдаг. Өөрийгөө золиослоод ч болтугай ард түмэн, үзэл санааныхаа төлөө зүтгэдэг хүмүүс. Ийм хүмүүсийг л бид дэмжиж, бий болгох хэрэгтэй байна. Зөв манайллыг бий болгох чухал үндэс нь баялагийн шударга хуваарилалт юм. Жишээлбэл, төр өнөөдөр хамгийн том ажил олгогч. Тэгвэл бид жирийн иргэнд бизнесээ эрхэлж, нийгэмд баялаг бүтээснээр улсаа өрсөлдөх чадвартай болгох зах зээлийг нээж өгвөл энэ нь нийгэмд зөв манайллыг бий болгоно. Өнөөдөр үүнийг хангаж чадаагүй учраас хүмүүс үнэт зүйлээ алдаж байгаа юм. Тиймээс залуус үзэл санааны шинэчлэл хийж, үүнийгээ үйлдэлээр харуулах ёстой.

    - Цаашид хөгжлийн бодлогыг тогтвортой хангахын тулд залуусын үүрэг, оролцоо ямар түвшинд байх юм. Үүний үндэс суурийг та юу гэж харж байгаа вэ?

    -Залуус идэвхтэй, оролцоотой байх ёстой. Яагаад хүмүүс эрх мэдэлтэй болчихоод дундуураа цуурдаг юм гэхээр анхнаасаа сууриа буруу тавьсантай холбоотой. Жишээ нь, хоёулаа хамтарч бизнес эхлүүллээ гэж бодъё. Гэтэл ашгаа хуваах дээр тохирохгүй бол муудалцана. Ингэж албан тушаалыг бизнес гэж хардаг учраас зөрчил үүсдэг. Харин хоёр тал бие биеэ харж байгаад “Энэ үзэл санааны төлөө явъя” гэж нэг зүгт харж чадвал зөрчил үүсэхгүй. Тэгэхээр үзэл санаан дээр суурилах нь зүйтэй. Харин энэ үзэл санаа нь юу байх тухайд мөрийн хөтөлбөртөө тодорхой бичсэн.

    -Бодлогын чухал асуудлын нэг нь боловсон хүчнээ бэлтгэх, чадавхжуулах байдаг. Энэ чиглэлээр хэрхэн ажиллах вэ. Үүнээс гадна залуучуудад өөрсдөө асуудлаа шийдэх боломж олгож, оролцоог нь дэмжих юм байна. Үүнийг тодруулахгүй юу?

    - Бид судалгаа авч байна. Үүндээ үндэслэн эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрээ тооцож сургалтууд зохион байгуулна. Гэхдээ АЗХ бодлогоор тэргүүлэх сургалтуудын чиглэлийг гаргана. Нэлээд нарийвчлалтай гаргана гэж бодож байгаа. АЗХ бол АН-ын хүний нөөц, манлайллын банк байна. Бид намынхаа бодлого стратегийг хэрэгжүүлэхэд биеэ дайчлана. АЗХ-ны шинэчилсэн зохион байгуулалтыг 12 бүтэцтэй хийж байна. Экологи, эрүүл мэнд, боловсрол гээд... Бүтэц болгоны эрхэлсэн асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулна. Бүтэц бүхэнд тулгамдсан залуучуудын асуудалд дүн шинжилгээ хийх юм. Ингэснээр тэдний оролцоотой шийдвэрлэж болох гаргалгааг гаргана. Тиймээс залуусаа сонсож, тэд юу хүсч байна вэ гэдэгт тулгуурлан стратеги гаргаж, зөв системээ тооцоолох юм.

    - Ирэх сарын 4-нд болох АЗХ-ны чуулганы гол асуудал нь залуусыг зангидах үнэт зүйлийг тодорхойлох гэж ойлгож болох уу?

    - Үнэт зүйлээ ярина. Энэ тухай миний улс төрийн илтгэлд бий. Залуучууд улс төрийн амьтад болж, эрх ашгийн төлөө юуг ч умартдаг байж таарахгүй. Тиймээс бид нэгдсэн үзэл санаа, үндэсний эрх ашиг, эрх чөлөө, ардчилал, итгэл үнэмшилээ илэрхийлдэг эрүүл тогтолцоо, шударга зүйлийн төлөө явна гэдэг тодорхой зарчмыг гаргаж тавина. Үүнд нэгдэх залуусыг дэмжинэ. Бид сахилга баттай байх ёстой. Үүнийг биелүүлж чадахгүй бол хариуцлага тооцно. Ийм тогтолцоог бүрдүүлэхийн төлөө явна.