Б.Пүрэвдорж: Чингис банкны ард байдаг Б.Жавхлан Банкны тухай хуулийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж болохгүй
    2017 оны 12 сарын 04 нд
    a2f32daba83ad7f1e52dc7c43077fef2.jpeg

    УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Б.Пүрэвдоржтой ярилцлаа.
    -УИХ Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хэлэлцэж байна. Банкны тухай хуулинд хэд хэдэн анхаарал татсан заалтууд орсон байна лээ. Арилжааны банкууд охин компанитай байж болохгүй гэдгээс эхлээд олон зүйл байна...
    -Банкны тухай хуулийг өөрчлөх шаардлага байгаа юу гэвэл тийм. Манай банкууд мөнгө хүүлэх зарчмаар ажиллаж байна. Түүнчлэн банкууд дэргэдээ охин компани байгуулдаг, ажилтныхаа нэр дээр ч гэсэн компани байгуулдаг. Зээл өгсөн бизнес эрхлэгчдийнхээ бизнесийг хулгайлдаг, санхүүгээр нь боомилж байгаад өөрсдөө тэр бизнесийг нь хийдэг байдал өнөөдөр ч бий. Тиймээс Банкны тухай хуулийг өөрчлөх нь зайлшгүй хэрэг. Нэг зүйлийг онцлон хэлэхэд Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хэд хэдэн хуулийг зөрчин орж ирсэн. Нэгдүгээрт, Банкны тухай хууль 276 зүйл заалттай байтал үүнээс 190 орчмыг нь өөрчлөхөөр оруулж ирсэн. Гэтэл Хууль тогтоомжийн тухай хуульд нийт заалтын 50-иас дээш хувийг өөрчлөх тохиолдолд шинэчилсэн найруулгаар өргөн барина гэсэн шаардлагыг хангаагүй. Тиймээс дэмжих боломжгүй. 
    Энэ хуулийг баталснаар банкны удирдлагыг чадавхжуулах, хүүг тодорхой хэмжээнд багасгахыг хуулийн хүрээнд бий болгох, банкууд дэргэдээ компанитай байж бизнес эрхлэхгүй байх гээд ард иргэдийн хүсээд буй зүйлс нь хуулийн төсөлд байгаа боловч Үндсэн хуулийн гол зарчмыг зөрчсөн. 
    -Тухайлбал, ямар?
    -Банкны өмчлөлийн нийт хөрөнгийг шүүхийн маргаангүйгээр шилжүүлэх заалт уг хуульд орж ирсэн. Өнөөдөр бид шүүх эрх мэдлийн хүрээнд ахицтай яваа улсын нэг. Аливаа гэм буруутай асуудлуудыг шүүх эцэслэн шийддэг. Гэтэл хэн нэгний эд хөрөнгийг Монголбанкны удирдлагаас томилогдсон хүмүүс очоод ямар нэгэн шүүхийн маргаангүйгээр хэн нэгэнд шилжүүлэх эрхийг нээж өгч байгаа юм. дэндүү харамсалтай. Үндсэн хуульт Монгол Улсад байж болохгүй зүйл. 
    -Гэхдээ хэлэлцүүлгийн шатанд энэ бүгдийг өөрчлөх боломж байгаа биз дээ?
    -Хуулийн төслийг хэлэлцэж байхад “Хуулийн төслөө татаж аваад шинэчилсэн найруулгаар оруулж ир” гэсэн горимын санал гаргасан. УИХ-ын дарга “Энэ хуулийн төсөлд орсон өөрчлөлт 50 хувиас дээш гарсан байвал хэлэлцүүлгийн аль ч шатанд байсан хууль санаачилагч хуулиа татаж авах ёстой” гэдгийг хатуу анхааруулсан.
    -Банкны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөд мөн Төвбанкны ерөнхийлөгч хариуцлагаас мултрахын тулд аливаа шийдвэрийг Төвбанкны ерөнхийлөгч бус зөвлөл шийдвэр гаргана гээд оруулаад өгчихсөн гэх юм. Өмнөх ерөнхийлөгч Н.Золжаргалыг баривчлан шалгаж байна. Ийм зүйл болох вий гэдгээс урьдчилан сэргийлэх үүднээс ийм заалт оруулчихав уу гэж харагдахаар байгаа л даа?
    -Төвбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Золжаргал өнгөрсөн хугацаанд Төвбанкны ерөнхийлөгчийн хийх ёстой ажлуудыг хийж ирсэн. Түүнийг буруутгаж буй шалтгаан нь ҮАБЗ-өөс чиглэл нь гарч, УИХ-аас баталсан тогтоолын дагуу Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг явуулсан. Тогтоол гэдэг бол хуулийн адил хүчин чадалтай. Уг хуулийн хэрэгжүүлснийхээ төлөө Н.Золжаргал ийм асуудалд орчихоод явж байна. 
    Энэ хүрээнд УИХ-аас ажлын хэсэг гарч Төвбанкны хэрэгжүүлсэн Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг шалгасан. Шалгалтын дүгнэлтээ байнгын хороогоор хэлэлцэхдээ нууцын зэрэглэлтэй гэж байсныг манай бүлэг нууцаас гаргах санал тавьж байж ил болгосон. 
    Харамсалтай нь Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд хамгийн их санхүүжилтыг МАН-ын эзэдтэй компаниуд авсан байсан. Хамгийн өндөр болох 56 тэрбум төгрөгийн зээлийг МАН-ын Бага хурлын гишүүний компани авсан байна лээ. Үүнийг МАН-ынхан нуугаад байгаа юм. Өнөөдөр банкны хариуцлагатай шийдвэрийг зөвлөл гаргахаар хуулинд тусган оруулж ирсэн. Энэ шийдвэрийг гаргасан юм гэж хамаг асуудлаа шийдчихээд сүүлд нь бодлого, шийдвэр нь буруу болонгуут “Энэ Төвбанкны ерөнхийлөгч миний гаргасан шийдвэр биш, зөвлөлийн шийдвэр байсан” гээд өөрөө уснаас хуурай гарах гэсэн арга гэж харж байгаа. 
    -Тэр зөвлөлийг нь яаж бүрдүүлэх юм бол?
    -Тэр зөвлөлийн гишүүдийн нэрийг Төвбанкны ерөнхийлөгч өөрөө оруулж ирнэ. Тэгэхээр өөрийнхөө ойр тойрны хүмүүсээ оруулж ирэх нь тодорхой. Өөрсдийг нь зөвлөлд оруулж ирсэн хүнийхээ хэлсэн ярьсныг биелүүлнэ биз дээ. Мөн хуулинд мэргэжлийн бодлого шийдвэртэй нь холбогдуулан Эрүүгийн хуулиар сэжигтэн, яллагдагчаар татаж болохгүй гээд оруулж ирж байна л даа. Гэтэл Н.Золжаргал өнгөрсөн хугацаанд мэргэжлийн бодлого шийдвэрийн хүрээнд Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байхад одоо эрүүгийн хэрэг үүсгээд байгаа биз. Одоо өргөн барьсан хуулинд нь үүнийг алга болгосон. Н.Баяртсайхан Н.Золжаргалд ямар ч буруу байхгүй гэдгийг мэдэж байгаа. Ирээдүйд надад ийм зүйл тохиолдоно гээд ийм хамгаалалт хийж байгаа нь инээдэмтэй байхгүй юу. 
    -Банкны тухай хуулийг дагаж орж ирсэн хуулийн төсөлд “Төвбанк арилжааны банкуудын зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоож болно” гэсэн заалт орж ирсэн. Төвбанк захиргаадалтын аргаар зээлийн хүүгийн хэмжээг тогтоох нь гэсэн маргаан яваад эхэллээ л дээ?
    -Зээлийн хүүг захиргааны аргаар бус зах зээлийн зарчмаар нь шийдэх боломжтой. Засгийн газрын 2.6 их наядын бондыг банкууд худалдаж авсан. Мөн 1.6 их наядын Төвбанкны үнэт цаасыг банкууд худалдан аваад байгаа. Энэ 4.2 их наяд төгрөгийг банкнуудаас Төвбанк татаад авчих юм бол эх үүсвэрийг сул байлгалгүй зах зээл рүү оруулах шаардлага гарч ирнэ. Манай эдийн засаг тийм том биш. Тиймээс зээлдэгчдэд хангалттай зээл олгоод ирэхээр зээлийн эрэлт буурна. Тэр үед хүссэн хүсээгүй банкууд хадгаламжийн хүүгээ буулгах зайлшгүй шаардлагатай болно. Нэг үгээр хэлбэл зах зээлийн шаардлагаар бий болно гэсэн үг. Ингэж хүүг бууруулах байтал захиргааны аргаар шийдвэрлэх нь буруу. 
    Банкууд өндөр хүүгээр ашиг олоод байгаа юм биш. Банкууд хадгаламж  эзэмшигчийн хүү, зээлийн хүүгийн зөрүүгээр амьдардаг. Хадгаламжийн хүүнд банкууд 4-5 хувийн маржин хийж байгаа. 15 хувь байлаа гэхэд 20 хувь болгож таван хувийн маржин хийж байгаа. Хүү өндөр байх, бага байх нь банкуудын асуудал биш. Хамгийн гол нь төрөөс асар их бондыг өндөр хүүтэйгээр банкуудад өгч байгаа учраас амраар нь жилийн 17 хувийн хүүтэй бондыг худалдаж авч байгаад л гол учир нь байгаа юм. 
    Банк буяны байгууллага биш. Тиймээс хадгаламжийг жилийн тодорхой хувиар авчихаад үүнийгээ жилийн 12 хувийн хүүтэй зээлдэггүй. Үүнийг захиргааны аргаар хуулиар далайлган хийж болдоггүй. 
    -МАН-ын хуулийн төслийн нэмэлт, өөрчлөлтийг батлуулах гээд АН-ынхан жаахан гэдийгээд байна уу?
    -Манай бүлгээс Л.Болд гишүүнийг нь Банкны тухай хуулийн ажлын хэсэгт орж ажилла гэхэд “Би банктай учраас орж ажиллахгүй. Сонирхлын зөрчилтэй” гээд өөрөө ороогүй. Гэтэл Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ахлагч нь УИХ-ын гишүүн Б.Жавхлан. Гэтэл Б.Жавхлан Чингис банкинд ил биш ч хувьцаа эзэмшдэг. Дүү нь Чингис банкны орлогч захирлаар ажилладаг. Жинхэнэ ашиг сонирхлын зөрчилтэй. Ийм ёс зүйгүй байж болох уу. Чингис банкны ард байдаг Б.Жавхлан Банкны тухай хуулийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллан сонирхлын зөрчил гаргаад явж байна. МАН, АН-ынхан ийм хоёр өөр ёс зүйтэй улс төрийн хүчин. 
    -Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс цаазын ялыг сэргээхээр Хууль зүй, дотоод хэргийн сайдад хандсан байна лээ. Нийгэм хоёр талцаад энэ тал дээр байр сууриа илэрхийлж эхэллээ. Та ямар бодолтой яваа бол?
    -Би цаазын ялыг эргэн сэргээхийг дэмжихгүй байгаа. Бид 1937 оныг санах хэрэгтэй. 30 гаруй мянган иргэнээ хилсээр цаазалж, цагаатгах ажил нь өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Судлаачдын хэлж буйгаар цаазын ял авсан хүн цааз гүйцэтгэхэд л өвдөлтийг мэдэрнэ. Харин тэр хүнийг цаазаар авахгүйгээр бүх насаар нь хориход асар их шаналал, зовлонг туулдаг гэдэг юм билээ. Цаазлахаас илүү хатуу шийтгэл гэж үздэг. Хоёрдугаарт, бид цаазын ялыг халах олон улсын гэрээнд нэгдэн орсон. 5-6 жил болчихоод олон улсын гэрээнээсээ гарч болохгүй. Монгол Улс олон улсын маш олон гэрээнд нэгдэн орсон. Тэдгээр гэрээнээсээ буцаад гарна гэдэг чинь олон улсад манай орны нэр хүнд унах томоохон шалтгаан болно. 
    Учир нь Монгол Улс дуртай үедээ олон улсын гэрээнд нэгдэн орчихоод дуртай үедээ олон улсын гэрээнээс гардаг гээд бидний хүсэн хүлээж байсан хөрөнгө оруулалт, гэрээ хэлцлүүд бүтэлгүйтэх нөхцөл байдал руу орно гэсэн үг. 
    Э.ЭНХБОЛД

    Эх сурвалж: Өдрийн сонин