Ц.Туваан: Ардчилсан нам үзэл баримтлалын шинэчлэлдээ бусад намын төлөөллийг оролцуулна
    2017 оны 12 сарын 05 нд
    f1121c7bb8a1186f1fb90793aa0fd1b7.jpg

    Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваантай ярилцлаа.

    -Ардчилсан нам шинэчлэлийн бодлого хэрэгжүүлж эхлээд бүтэн жил болох гэж байна. Энэ бодлогын хэрэгжилт ямар шатандаа явна вэ?

    -Жилийн өмнө Ардчилсан намын VI их хурал болж, намын үндсэн дүрэмд өөрчлөлт оруулж, намын даргыг анхан шатнаас буюу бүх гишүүдээс сонгодог болсон. Өөрөөр хэлбэл, намын удирдлагуудыг босоо тогтолцоогоор сонгодог болгосон юм. Ингэснээр намын даргын сонгуулийг сунгаа хэлбэрээр зохион байгуулж, нийт гишүүдээс сонгосон. Намын Үндэсний бодлогын хорооны гишүүд, дунд шатны удирдлагууд, анхан шатны намын дарга нарыг ч мөн бүх гишүүдээс сонгох байдлаар шинэчлэлийг эхлүүлсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулахдаа ч мөн энэ зарчмыг баримталсан. Энэхүү шинэчлэлийн амин сүнс нь “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй” гэдэг зарчмаар шийдвэр гаргахад оршиж байгаа. Жилийн хугацаанд Ардчилсан нам улс төрийн намын хувьд дээд болон удирдах түвшний багийг бүрэн шинэчилж, бодлогоо боловсруулж чадсан. Цаашид анхан шат, гишүүдэд чиглэсэн ажил хийнэ. Ийм шаардлага ч үүссэн.

    -Тэгэхээр үзэл баримтлалын шинэчлэл ч бас хийж байгаа гэж ойлгох болох уу. Үзэл баримтлалаа шинэчлэх шаардлага үүсчээ гэсэн үг үү?

    -Аливаа улс төрийн намд үзэл баримтлал, үнэт зүйл бий. Намууд баримталдаг үнэт зүйлээ олон түмэнд таниулах байдлаар үйл ажиллагаагаа явуулдаг. Ардчилсан нам бол баруун төвийн үзэл баримтлалтай. Намын VII Их хурлаар Үндсэн дүрмийн зөвлөл байгуулж, үзэл баримтлалын асуудлаар сонгуульт болон удирдах албан тушаалтнууд, бүх гишүүдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулсан. Ийнхүү үзэл баримтлалаа дахин шинэчилж, намын дараагийн Их хурлаар батлах гэж байна. Хэлэлцүүлгийн хүрээнд намын бүх шатны удирдах ажилтан, гишүүнээс санал авч, улс төр судлаач, эрдэмтэн, багш нар, бусад намын төлөөлөл дунд онол практикийн бага хурал зохион байгуулж, асуудлаа нэгтгэж дууссан. Улс орон, дэлхийн хөгжлийн чиг хандлага хурдацтай байна. Тиймээс үзэл баримтлалаа шинэчилж, орчин үеийн хөгжлийн шинэ чиг хандлагыг тусгах шаардлагатай гэж үзсэн.

    -Ардчилсан нам үзэл баримтлалын шинэчлэлдээ бусад намын төлөөллийг оруулах санал гаргасан гэж байсан. Магадгүй “Асуудлаа дотроо ярих ёстой” гэсэн шүүмжлэл дагах юм биш үү?

    -Улс төр, төрийн тогтолцоонд намаар дамжиж төрийн ажил хэрэгжиж байна. УИХ, аймаг, нийслэл, дүүрэгт нэр дэвшигчид бүгд намаас тодорч, зөв бодлого, мөрийн хөтөлбөртэй намын төлөөллийг ард түмэн сонгож байгаа. Ингэж сонгогдсон хүмүүс мөрийн хөтөлбөр, намын үзэл баримтлал, үнэт зүйлийн дагуу ажлаа явуулдаг. Эл утгаараа улс орны хөгжил намтай зайлшгүй холбоотой. Тиймээс АН-ын Монгол Улс, бусад намын Монгол Улс гэдэг ойлголт байж таарахгүй. Бид нэг л Монгол Улстай. Ардчилсан нам энэ улс орны хөгжлийг авч явах улс төрийн гол хүчний хувьд бусад улс төрийн хүчний байр суурь, санал бодлыг сонсох ёстой. Бид Монгол Улс гэсэн нэгдмэл  үзэлтэй байж, улсаа хөгжүүлэх, ард түмнээ сайхан амьдруулах ёстой. Энэ утгаараа бид намын үзэл баримтлалын шинэчлэлдээ бусад намын төлөөллийг оролцуулж байгаа юм.

    -Ардчилсан намын дарга жилийн хугацаанд Монгол орноо хэд хэдэн удаа тойрч, нам дотооддоо хэд хэдэн сонгууль, сунгаа зохион байгууллаа. Тэгэхээр эдгээрийн бодит үр дүнг хэрхэн дүгнэсэн бэ?

    -Бид аливаа асуудалд онолын талаас нь, хол хөндий хандаж ирсэн гэж боддог. Намын дарга өнгөрсөн хугацаанд Монгол Улсыг бүтнээр нь таван удаа тойрч, анхан шатны гишүүдтэй уулзсан. Үүнээс харахад хамгийн үнэн бодит шүүмж, амьдралтай саналыг анхан шатныхан хэлдэг. Тэдний саналыг олж сонсох,цаашид дүрэм, баримт бичгүүд, улс орны хөгжлийн баримтлах бодлогуудад тусгахыг эрмэлзэж байна. Намын дотоодод сонгуульт албан тушаалтнуудыг сонгох хэд хэдэн сонгууль боллоо. Үндсэн дүрмийн хүрээнд 18 мянга орчим сонгуульт албан тушаал бий. Тэдгээрийг сонгож дууссан. Одоо тэдгээр сонгуульт албан тушаалтныг хөгжүүлэх, мэдээллээр хангах, мөн бусад гишүүндээ мэдээлэл хүргэх, сургах, боловсруулах ажлыг зайлшгүй хийх шаардлагатай байна. Олон удаагийн ийм үйл ажиллагааны үр дүнд дээд болон дунд шатанд асуудал цэгцэрсэн. Одоо сумын намын үүрт ямар асуудал тулгамдаж байгаад анхаарал хандуулах хэрэгтэй байна. Тиймээс намын удирдах ажилтны зөвлөгөөнийг зохион байгуулах гэж байна. Энэ бол амьдралаас урган гарсан шаардлага. Зөвлөгөөнд оролцох удирдах ажилтнуудын дотор шинээр сонгогдсон дарга нар, намын амьдралд идэвхитэй оролцдог гишүүд олон бий. Тэднийг сургаж, мэдээлэл өгөх, мөн Ардчилсан намын цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэх юм.

    Маргааш Ардчилсан намын Удирдах ажилтны зөвлөгөөн эхэлнэ. Уг зөвлөгөөнөөр  удирдах ажилтнуудаа мэдээллээр хангаж, мэдлэгийг нь дээшлүүлэхээс гадна өөр ямар асуудлууд цэгцэрнэ гэж харж байгаа вэ?

    -Нийт 330 сум, 152 хорооны 1150 төлөөлөл оролцоно. Зөвлөгөөнөөр улс төрийн намын шат шатны дарга нар цуглах учраас дотоод асуудал, хэтийн төлөвлөгөө, шийдлүүдийн талаар мөн намын анхан, дунд шатны байгууллагууд ямар бүтцээр хэрхэн ажиллаж,  дараагийн сонгуульд яаж оролцох вэ гэдгийг ярих юм. Нөгөө талаар анх удаа анхан шатны удирдах ажилтнууд цуглаж, зөвлөлдөх гэж байгаа нь намын тэмдэглэлт баяруудтай холбоотой. 2000 оны арванхоёрдугаар сарын 6-нд ардчиллын төлөө таван нам нэгдэж, өнөөгийн Ардчилсан намыг байгуулсан. Арванхоёрдугаарсарын 10 буюу Хүний эрхийн өдөр Монголын Ардчилсан Холбоо /МоАХ/ анхны цуглаанаа хийж, байгуулагдаж байсан түүхтэй. Үүнийг бид ардчиллын үйл хэрэг эхэлсэн өдөр гэж үздэг.

    -Анхан шатнаасаа эхэлсэн Ардчилсан намын шинэчлэл цааш хэрхэн өрнөх вэ. Шинэчлэлийн бодлогоо том зургаар харвал?

    -Улс төрийн нам гэдэг олон хүний нэгдэл. Энэ нэгдлийн том зорилго нь улс орноо хөгжүүлэх, ард түмнээ сайхан амьдруулахад оршдог. Энэ зорилгод хүрэхийн тулд шийдвэр гаргах түвшинд олон төлөөлөлтэй болж, олонхи болох шаардлагатай. Ингэж байж мөрийн хөтөлбөр, бодлогоо хэрэгжүүлдэг. Энэ бол гол зорилго. 2016 оны УИХ, орон нутгийн сонгуульд бид тааруу оролцож, ялагдал хүлээсэн. Ялагдлын дараа урган гарсан асуудлууд шинэчлэлийн үндэс боллоо. Шинэчлэлийн эхний дүн нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд байгуулсан ялалтаар илэрсэн гэж боддог. Бид шинэчлэлийн үйл ажиллагааг өдөр болгон ахиулна. Ард түмнээс хэрхэн мэдээлэл авч, бодлогоо яаж зөв дэвшүүлж вэ гэдэгт 2020 онд сонгогчид дүн тавина. Тэр үед шинэчлэлийн эцсийн дүн гарна.

    -Та УИХ дахь цөөнхийн намын Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд өнөөгийн улс төрийн нөхцөл байдалд ямар байр сууринаас хандаж, ямар үнэлэлт өгөх вэ?

    -Ардчилсан нам 2016 оны сонгуулийн үр дүнд цөөнх болсон. Есөн гишүүнтэй. Эрх баригч хүчин 65-уулаа. Гэхдээ тэдэнд дотоод эв нэгдэл алга. МАН 32, 33-аараа хуваагдчихсан нь үнэн шүү дээ. Өнгөрсөн жил зургаан сарын хугацаанд ард түмний амьдралд нэмэр болох дорвитой ажил нэгийг ч хийсэнгүй. Өмнөх Засгийн газар нь энэ хариуцлагаа хүлээж огцорсон гэж ойлгосон. Нийслэл, аймгуудад нүдэнд харагдаж, гарт баригдах ажил хийсэнгүй. Бид сөрөг хүчний хувьд УИХ дахь бүлгээрээ дамжуулж,шаардлагаа тавьж байгаа. Цаашид шахаж, шаардаж ажиллах болно. Ардчилсан нам 2012-2016 оны хооронд өнөөг хүртэл ярьж буй олон бүтээн байгуулалтыг хийсэн. Гэхдээ бидэнд алдаа бий. Үүнийгээ дахин давтахгүйн тулд 2020 оны сонгуульд зөв бодлого, зөв мөрийн хөтөлбөр гаргаж, зөв хүмүүсийг нэр дэвшүүлнэ.

    -Ардчилсан нам сөрөг хүчин болоод харин ч чимээгүй болсон гэх шүүмжлэл нийгэмд бий?

    -Ардчилсан намыг хүмүүс жагсдаг, цугладаг, тэмцлээ ширүүн илэрхийлдэг гэж ойлгодог. Ардчилсан намын үед бусад төрийн бус байгууллага, ард иргэд үгээ нээлттэй илэрхийлдэг зүй тогтол төлөвшсөн гэж хардаг. Ардчилсан нам ажлаа хийж байгаа. Цаашид эрчимжүүлнэ. Энэ хугацаанд бид намын дотоод шинэчлэлээ хийсэн. Одоо харин эх орон, ард түмнийхээ төлөө ажлуудаа хийж эхэлнэ.

    -Та бүхэн өнгөрсөн сонгуулиудын ялагдлаа юу гэж дүгнэв. Мөн дараагийн сонгуулийн бэлтгэлийг юунаас эхлэх вэ?

    -Бид ялагдлаа дотоод эв нэгдэлгүй байдал, бүлэг фракцийн хуваагдал, ард түмэнд хийсэн ажлаа бүрэн таниулаагүйн уршиг, намаас нэр дэвшсэн гишүүд, хувийн ёс зүйн алдаанаас болсон гэж дүгнэсэн. Энэ ялагдал бидний хувьд намаа шинэчлэх, ялагдлынхаа учир шалтгааныг олох, цаашдын олон ялалтын эхлэл байх ёстой гэж харж, шинэчлэл өрнүүлээд явж байгаа. 2020 оны сонгуулийн бэлтгэлийн эхлэл нь ард түмний санал, бодолд тулгуурлан мөрийн хөтөлбөрөө боловсруулах явдал. Эрх баригчид шиг ялаад юу хийхээ мэдэхгүй байх биш, ялсныхаа маргааш хийх үйл ажиллагааны хөтөлбөрөө бүрэн боловсруулж, ажиллах зорилготой байна. Үүний төлөө бодлогын зөвлөлийг бүх шатанд байгуулж, үүнд тулгуурлан мөрийн хөтөлбөр, цаашид хэрэгжүүлэх ажлын баримт бичиг, бодлогуудыг боловсруулна.

    Ц.ТАМИР

    Эх сурвалж: www.medee.mn