Д.Батцогт: Анхан шатны гишүүдээс намын дарга хүртэл амьд харилцаатай байх нөхцөл бүрдэж байна
    2017 оны 12 сарын 05 нд
    cb91f2171ab8257c1d9196406d1b6c65.jpg

    АН-ын даргын зөвлөх Д.Батцогттой шинэчлэлийн бодлогын талаар ярилцлаа.

    -2016 оны УИХ сонгуулийн дараа АН шинэчлэлийн бодлого хэмээх том ажил эхлүүлсэн. Ер нь энэ бодлогыг хэрэгжүүлэх зүй ёсны шаардлага нь юу байв. Та энэ шинэчлэлийг хэрхэн харж байгаа вэ?

    - Ард түмэн 2016 оны УИХ-ын сонгуулиар АН-д муу дүн тавьсан. Өөрөөр хэлбэл, “Монголын улс төрд том шинэчлэл хэрэгтэй. Үүнийг АН эхлүүл” гэдгийг тодорхой ойлгууллаа. Ард түмний тавьсан энэ дүн шинэчлэл эхлүүлэх шалтгаан болсон. АН өмнө нь тодорхой шинэчлэл хийж байсан туршлагатай хүчин. Тиймээс сонгуулиас хойш бид алдаа, оноогоо ярьж, дүгнэлт өгч, дүн шинжилгээ хийлээ. Үүний үр дүнд бүлэг, фракцын хуваагдал, намыг удирддаг цөөн хэдэн хүний хоорондын хуйвалдаан, үйл ажиллагаанаас болж жирийн гишүүдээсээ тасарсан нам болжээ гэж дүгнэсэн. Ингээд шинэчлэл эхлүүлж, жилийн дотор гурван их хурлыг амжилттай хуралдууллаа. Бид дүрмээ шинэчилж, АН-ын даргыг түүхэндээ анх удаа бүх гишүүдээсээ сонгосон. Мөн бүх шатны сонгуульт ажилтнуудыг бүх гишүүдээсээ сонгосон нь том өөрчлөлт авчирсан гэж харж байна. Ингэснээр гишүүдтэйгээ тулж ажилладаг, тэдний санал, бодлыг сонсож, мэдэрч ажилладаг амьд тогтолцоо бий болоход чухал түлхэц боллоо. ҮБХ-ны 380 гаруй гишүүний 70-80 хувь, аймаг, дүүргийн намын дарга нарын дийлэнх нь, сумын АН-ын хорооны дарга нарын 90 орчим хувь нь шинэчлэгдсэн.

    -Шинэчлэлийг намын дотоодод хэд хэдэн сонгууль хийж, дарга нар сольсноор хийсэн гэж харвал учир дутагдалтай. Тэгвэл хоёулаа бүрэн зургаар нь авч ярья.

    -Намд үзэл баримтлал чухал. Үүнийгээ зөв тодорхойлж, чиглэл болгож ажилладаг. Тиймээс АН үзэл баримтлалын шинэчлэл эхлүүлсэн. Төсөл нь хэлэлцүүлгийн шатанд явж байна. Он гараад намын ҮБХ-гоор хэлэлцүүлж, нягтлаад их хурлыг хуралдуулж, эцэслэн батлах юм. Дүрмийн хүрээнд намын дотоод үйл ажиллагаа, албан тушаалтнуудын ажлын чиг үүргийг тодорхой болгож, тасралтгүй сайжруулдаг. АН бодлоготой, гишүүдэд суурилсан үндэсний хэмжээний цоо шинэ нам болж өөрчлөгдөхийн хэрээр дүрмийн шинэчлэл тасралтгүй үргэлжилнэ. Шинэчлэлийн ажил урагштай байгаа. Жилийн хугацаанд олон чухал ажил хийж, намын гишүүдийн идэвхи сэргэсэн. Хуучин ҮЗХ-нд аймгийн намын хорооны хэдэн гишүүнийг сонгоод мартчихдаг байлаа.Харин одоо ҮЗХ-г ҮБХ /Үндэсний бодлогын хороо/ болгож, гишүүдийн ажлын үр дүнг үндэслэн хариуцлага тооцож, шаардлагатай гэж үзвэлөөрчлөх бололцоо бүрдсэн. АН бодлого суурьтай институц болон хөгжихийн тулд ҮБХ байгуулсан. Уг хороо Монгол Улсын цаашдын хөгжлийн томоохон бодлогуудыг гаргаж,бодлогын түвшний мэтгэлцээн, өрсөлдөөн явуулах юм. Үүнээс гадна засаг захиргааны нэгжид хуваагдсан бодлогын зөвлөлүүдийг байгуулж байна. Тухайн зөвлөлүүдээр дамжуулан хариуцсан салбар бүрийн асуудлыг гаргаж, засч сайжруулах, хууль эрх зүйн орчин бүрдүүлэхэд чиглэсэн бодлогын хэлэлцүүлэг явуулахаар төлөвлөсөн. Энэ чиглэлд ажлын хэсэг гарч, бодлогын зөвлөлүүдэд хуваагдаж,ажиллах журмаа боловсруулж байна. Эл зөвлөлүүд өнөөгийн УИХ, Засгийн газрын түвшинд ярьж буй төрийн бодлого дээр дүн шинжилгээ хийнэ.Цаашид АН-ын мөрийн хөтөлбөрийг боловсруулах, улс орны хөгжлийн бодлогыг тодорхойлохын тулд тасралтгүй ажиллах схемийг хийхээр зорьж байгаа. АН-ын шинэчлэл үргэлжилж байна. Дуусах болоогүй. Харин ч улам эрчимжинэ.

    -Намын бодлого, шийдвэрийг хөрсөн дээр буулгаж, иргэнд хүргэх чухал ажлыг анхан шатны байгууллага гүйцэтгэдэг. Энэ утгаараа намын удирдах ажилтнуудын зөвлөгөөнийг далайцтай хийх гэж байна. Ач холбогдлыг нь юу гэж харж байгаа вэ?

    -Намын анхан, дунд шатны удирдах ажилтнуудын 90 орчим хувь нь шинэчлэгдсэн. Харьцангуй шинэ хүмүүс сонгогдсон байгаа. Тэд улс төрийн ажлын туршлагаараа харилцан адилгүй. Тиймээс анх удаа намын бүх байгууллагын 1150 гаруй удирдах ажилтныг оролцуулсан зөвлөгөөн зохион байгуулах гэж байна. Үүнийг АН-ын шинэчлэлийн хоёр дахь давалгаа гэж харах хэрэгтэй. Үр дүнд нь анхан, дунд шат, төв намын ажлын уялдааг сайжруулах юм. Анхан шатны жирийн гишүүдээс намын дарга хүртэл бүхэлдээ амьд харилцаа, уялдаа холбоотой байх нөхцөл бүрдэж байна. Цаашид бүх шатны намын удирдлагуудын чадавхыг дээшлүүлэх чиглэлээр сургалтуудыг улс орон даяар явуулахаар төлөвлөсөн. Мөн 2020 оны сонгуулийг угтаж төв намаас хийх ажлыг танилцуулах юм. Зөвлөгөөнөөр анхан, дунд шатны удирдах ажилтнуудын санал, бодлыг сонсоно. Ер нь ирэх жилийг анхан, дунд шатны намын байгууллагын хөгжилд чиглэсэн жил болгон зарлана.

    - Цогцоор нь харвал АН гишүүн төвтэй бодлогын нам болж байна. Цаашид намын цөм нь ҮБХ байж, улс орны хөгжлийг тодорхойлох намын чухал баримт бичгийг боловсруулж, зангидаж ажиллана гэж ойлгож болох уу?

    -Өмнө нь улс төрийн намууд мөрийн хөтөлбөрөө боловсруулахдаа хэдэн хүнийг хэд хоногт түргэвчилж сургаад, ард иргэдэд таалагдахын тулд популист амлалт өгдөг байсан. Бидний хувьд улс орны хөгжлийн бодлогыг ойрын хоёр сонгуулийн хүрээнд харж байгаа. Хууль, эрх зүйн болоод бодлогын ямар шинэчлэл хийх талаар эрэлхийлж, мэргэжлийн багууд ажиллуулж, бодлогын мэтгэлцээн өрнүүлж, дундаас нь зөв гарц, шийдлүүдийг бодитоор харж мөрийн хөтөлбөртөө тусгана. Үндэс суурьтай боловсруулахын тулд айл бүхэнд орж, асуудлыг нь судлах шаардлага бий. Ингэснээр асуудлыг зөв харж, эрх баригчдад шаардлага тавьж шийдүүлэх боломжтой. Одооноос ҮБЗ-ийг ажиллуулж, мөрийн хөтөлбөрөө боловсруулах хэрэгтэй гэж үзсэн. Сонгуулийн маргааш эхлэх ажил нь тодорхой, төсөл хөтөлбөрүүд нь бэлэн байх ёстой. 2016 оны сонгуулиар МАН үнэмлэхүй ялалт байгуулж, Засгийн эрхийг авсан ч хийх ажлаа мэдэхгүй байсан. Бүтэн нэг жил тэд сөрөг хүчнээ харлуулах, гутаах чиглэлээр ажиллалаа. Амлалтынхаа эсрэг шийдвэрүүд гаргасан нь ард иргэдэд таалагдахгүй байна.