Ардчилсан намын хорооны дарга нар ярьж байна
    2017 оны 12 сарын 05 нд
    eca0e10c236e688c60be9635a176f0af.jpg

    Ардчилсан нам шинэчлэлийн бодлогын хоёр дахь давалгааг эхлүүлж, “Анхан, дунд шатны удирдах ажилтны анхдугаар зөвлөгөөн”-ийг зохион байгуулах гэж байна. Үүнтэй холбогдуулан намын шинэчлэлийн бодлого, үйл ажиллагааны талаар сумдын Ардчилсан намын хорооны дарга нарын санал, сэтгэгдлийг сонслоо.

     

    Булган аймгийн Хангал сумын АН-ын хорооны дарга М.Төмөрбат:

     

    -АН-д шинэчлэл ус, агаар мэт хэрэгтэй байсан. Шинэчлэлийн үр дүн намын дотоод сонгуулиуд болон Ерөнхийлөгчийн сонгуулиар харагдсан гэж боддог. Энэ бодлогыг цаашид тууштай хэрэгжүүлж, анхан шатны намын хороо, үүрүүд, гишүүдэд чиглэсэн бодлого, үйл ажиллагаа явуулах шаардлагатай. Анхан шатанд боловсон хүчин хангалтгүй байна. Тиймээс залгамж халаагаа бэлтгэхэд онцгой анхаарах хэрэгтэй. Анхан шатны намын хороо, үүрүүдэд очиж намын шинэчилсэн дүрмийн хүрээнд сургалт хийж, идэвхжүүлэх, төв намаас санхүүгийн болон эд материалын, орчны (намын байртай болгох) дэмжлэг туслалцаа үзүүлэх, ҮБХ-ны гишүүд анхан шатны намын хороотой нягт хамтарч ажиллах талаар ажлын төлөвлөгөөндөө тусгах нь зүйтэй. Удирдах ажилтны анхдугаар зөвлөгөөнийг шинэлэг, зохион байгуулалт өндөр, үр өгөөжтэй зөвлөгөөн байгаасай харж байна. Ирэх онуудад анхан шатны намын хороо, үүрүүд хэрхэн яаж ажиллах, ямар үйл ажиллагаанд гол анхаарал хандуулах талаар үндсэн чиг үүрэг өгөх байх. Бид өнгөрсөн жил намын гишүүдийн шинэчилсэн бүртгэлийг хийж дотоод сонгууль, ерөнхийлөгчийн сонгуулийг амжилттай зохион байгуулж ялалт байгууллаа. Удирдах ажилтны зөвлөгөөнөөс гарах шийдвэрүүдийг ажлын төлөвлөгөөндөө тусган хэрэгжүүлж ажиллах болно.

    Хэнтий аймгийн Биндэр сумын АН-ын хорооны дарга Б.Төрболд:

     

    -Намын дарга, Ерөнхийлөгчид нэр дэвшигч, АЗХ-ны Ерөнхийлөгч, аймаг болон сумдын намын хорооны дарга нарыг бүх гишүүдээсээ санал асууж, сонгож байгаа нь гишүүн төвтэй бодлогын нам болсныг харууллаа. Шинэчлэлийн үр дүн сайн байвал 2020 оны ялалтын эхлэл бүрдэнэ. Намын удирдлагууд анхан шатны асуудлуудаа мэдэрч, түүнд ач холбогдол өгч ажиллах хэрэгтэй байна. Ер нь гишүүн төвтэй нам байх зарчмаа баримтлах нь чухал гэж боддог. Өнгөрсөн хугацаанд бид зүүн бүсийн чуулга уулзалтыг сумандаа зохион байгуулж, намын дэмжигч, гишүүдээ татан оролцууллаа. Орон нутгийн сонгуулиар 15 суудал авч ялалт байгуулсан. Өнөөдрийн байдлаар намаас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэн ажиллаж байна.

     

    Сэлэнгэ аймгийн Хушаат сумын АН-ын хорооны дарга Н.Пүрэвбат:

     

    -Шинэчлэлийн үр дүнд Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж чадлаа. Мөн намын даргаа бүх гишүүдээрээ сонгож, бүсийн уулзалтуудыг амжилттай зохион байгуулсан. Үүнээс гадна нийслэлийн дүүргүүдийг бүсчлэн хувааж, туршлага судлуулж буй зүйтэй юм. Анхан шатны удирдах ажилтны зөвлөгөөн цаг үеэ олсон чухал үйл ажиллагаа боллоо. Зөвлөгөөний үр дүнд Монгол Улсын 330 сум, есөн дүүргийн удирдах ажилтнуудыг нэгдсэн нэг удирдлага, чиглэлтэй болох давуу талтай юм. Цаашид хоёр жил тутам зохион байгуулах хэрэгтэй. Бидний хувьд ойрын хугацаанд удирдах ажилтны зөвлөгөөнөөс олж авсан мэдлэг, мэдээллийг орон нутгийн гишүүд, дэмжигчиддээ хүргэж, намын бодлого, шийдвэрийг хэрэгжүүлнэ.