Ардчилсан намын хорооны дарга нар ярьж байна
    2017 оны 12 сарын 06 нд
    f55e3343d963cc7f1b24c2ef4d17c166.png

    АН шинэчлэлийн бодлогын хоёр дахь давалгааг эхлүүлж, “Анхан, дунд шатны удирдах ажилтны анхдугаар зөвлөгөөн”-ийг зохион байгуулах гэж байна. Үүнтэй холбогдуулан намын шинэчлэлийн бодлого, үйл ажиллагааны талаар сумдын АН-ын хорооны дарга нарын санал, сэтгэгдлийг сонслоо.

     

    Баян Өлгий аймгийн Сагсай сумын АН-ын хорооны дарга Бугыбайн Бекболат:

    -Орон нутгийн гишүүд АН-ын шинэчлэлийг намын удирдлага солих, дарга нар солих хэмжээнд ойлгож байна. Ийм үед анхан, дунд шатны удирдах ажилтны зөвлөгөөн хийж буй нь маш зүйтэй. Зөвлөгөөнөөр нийгэмд эерэг өөрчлөлт авч ирэх бодит шинэлэг ажлыг эхлүүлэх хэрэгтэй. Намын бүх шатны удирдлагууд, гишүүдийг чадваржуулах цаг нь болсон. АН жинхэнэ утгаар шинэчлэгдэж, МАН-аас ялгарах ёстой. Үүнийг монголын ард түмэн харж, хүлээж байна. Орон нутгийн ажлын тухайд дурдахад бүх гишүүддээ хүрч ажиллахыг эрмэлздэг. Гэтэл төв намаас дэмжлэг, туслалцаа үзүүлдэггүй учир далайцтай ажил хийж, жирийн иргэдийг уриалж чадахгүй байна. Цаашид бүх гишүүдэд ухуулах, сурталчилгаа хийх нь чухал байна гэж боддог. Ингэснээр намын дэмжигч гишүүдийн нийгэмд хандах хандлагыг өөрчилж, намын анхан шат бэхжинэ.

     

    Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын АН-ын хорооны дарга О.Амарсайхан:

    -АН байнга шинийг санаачилж, эрэлхийлдэг. Энэ утгаараа шинэчлэлийн бодлого хэрэгжүүлж байна. Бидэнд алдаа, онооны аль аль нь байсан. Гэхдээ алдахаасаа оносон нь илүү гэж хардаг. Намын шинэчлэлийн бодлогыг бүрэн утгаар нь дэмждэг. Гишүүддээ төлөөлөл сонгох эрх олгож байгаа нь чухал юм. Намын дэнчин өндөр байна. Үүнийг анхаарч үзэх байх гэж боддог. Намын бүх анхан, дунд шатны удирдах ажилтнуудыг оролцуулж, улс орны хэмжээний ажил зохион байгуулж буй нь сайшаалтай. Анхан шатны гишүүдийн үгийг сонсож, тодорхой асуудлаар зөв гарц, шийдэл олох нь чухал байна. Зөвлөгөөнөөр намын асуудлаас гадна улс орны өмнө тулгамдсан асуудлаа ч ярих хэрэгтэй. Эдгээр асуудал бол нэг тэрэгний хоёр дугуй. Энэ хоёр дугуй хоёулаа сайн байж тэрэг урагшилна. Цаашид намын шинэчлэлийн бодлогыг орон нутагтаа хэрэгжүүлж, гишүүдийн оролцоог хангах, мэдлэг, мэдээллийг сайжруулахад анхаарна. Энэ жил Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр шатны санал хураалтад ялалт байгуулсан нь бидний хамгийн том ажил байлаа.