Ардчилсан намын хорооны дарга нар ярьж байна
    2017 оны 12 сарын 07 нд
    d89e137ff9c5403b49e0114e41ed9ee1.png

    АН шинэчлэлийн бодлогын хоёр дахь давалгааг эхлүүлж, “Анхан, дунд шатны удирдах ажилтны анхдугаар зөвлөгөөн”-ийг зохион байгуулж байна. Үүнтэй холбогдуулан намын шинэчлэлийн бодлого, үйл ажиллагааны талаар сумдын АН-ын хорооны дарга нарын санал, сэтгэгдлийг сонслоо.

    Төв аймгийн Аргалант сумын АН-ын хорооны дарга Ш.Амарсанаа:

    - Намд шинэчлэл хийсэн нь зөв зүйтэй алхам байсан. Харин одоо шинэчлэлийн хүрээ тэлж анхан болон дунд шатандаа гүнзгийрч байна. Үүний илрэл нь удирдах ажилтны зөвлөгөөн юм. Цаг үеэ олсон чухал үйл ажиллагаа болох гэж байна. Анхан шатны дарга нараас амьдралд ойрхон зөв зүйтэй санал, сэтгэгдэл гарна гэж найдаж байгаа. Орон нутагт ажиллаж буй бидний өмнө тулгамддаг чухал асуудал бол намын байр. Байр байхгүй учраас үйл ажиллагаа явуулахад нэлээд хүндрэлтэй. Гишүүдээ цуглуулж уулзалт хийх боломж нөхцөл тааруу байдаг. Одоогийн байдлаар байртай болох нь бидний нэн түрүүний зорилго болчихоод байна.

    Увс аймгийн Улаангом сумын АН-ын хорооны дарга Б.Жавхлантөгс:

    -АН-ын шинэчлэлийн давалгааг орон нутагт талархан хүлээн авсан. Жирийн гишүүн намдаа ямар үнэ цэнтэй вэ гэдгээ мэдэрсэн. Гэхдээ намын бүх шатны дотоод сонгуулийг хийхдээ хянуур хандахгүй бол сөрөг хүчнээс хөндлөнгөөс оролцох боломжтой харагдаж байна. Үүнийг анзаарахгүй бол намын дархлааг алдагдуулж болзошгүй. Мөн дотоод сунгаа, сонгуулийг цөөн хийхгүй бол гишүүд талцаж, хуваагдах магадлал байна. АН-д анхан болон дунд шатны удирдах ажилтнуудаа цуглуулах зайлшгүй шаардлага байсан. Анхан шатанд шинэ хүмүүс олон бий. Тиймээс алс хязгаарын бидний нүд, чихийг нээсэн үйл ажиллагаа болох болов уу. Манай намын хороо энэ жил гишүүдийн оролцоо, манлайлал уриатай аян зохион байгуулсан. Уг үйл ажиллагааны нээлтэд АН-ын дарга С.Эрдэнэ, ҮБХ-ны гишүүд оролцсон нь гишүүдэд урам зориг өгсөн.

    Ховд аймгийн Дөргөн сумын АН-ын хорооны дарга Л.Цэдэн-Иш:

    -АН-ын шинэчлэлийн бодлого анхан шатанд амжилттай хэрэгжиж, “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй” гэдэг зарчмыг мөрдлөг болгож ажиллаж байна. Шинэчлэлийн хүрээнд намын гишүүдийн шинэчилсэн бүртгэлийг хийсэн. Миний хувьд удирдах ажилтны зөвлөгөөнөөр аймаг, дүүрэг, сумын удирдлагууд туршлага солилцож, цаашид орон нутагтаа намын бодлогыг хэрэгжүүлэх нэгдсэн чиглэлтэй болно гэж харж байна. Тиймээс шинэчлэлийн үйл ажиллагааг анхан шатанд хэрэгжүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй явна. Залуу хүний хувьд өнөөгийн улс төрд зөв бодлого, эв нэгдэл, шударга ёс, ёс зүй хэрэгтэй гэж боддог. Үүнийг хангасан намын шинэчлэлээ дэмжиж ажиллана. Над шиг хүсэл эрмэлзэлтэй залуус орон нутагт олон бий. Тэдэнд хандаж хэлэхэд бид зөв бодлогыг дэмжих хэрэгтэй.