АН-ын анхан, дунд шатны удирдлагууд “Намын шинэчлэлээс Монголын шинэчлэл”-д нэгдэв
    2017 оны 12 сарын 07 нд
    857c516deaa265e5274d6d49720d0eb2.jpg

    Шинэчлэлийн бодлогын шинэ давалгааны эхлэл болж буй “Ардчилсан намын анхан, дунд шатны удирдах ажилтны анхдугаар зөвлөгөөн” өнөөдөр МҮЭСТО-нд эхэллээ. Монгол орны 330 сум, нийслэлийн есөн дүүргийн 152 хорооны анхан, дунд шатны удирдах ажилтнууд, идэвхтэн гишүүдээс бүрдсэн 1150 гаруй төлөөлөл тус зөвлөгөөнд хүрэлцэн иржээ. Ардчилсан намын дарга С.Эрдэнэ зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ “Бид анхан, дунд шатны бодлого, үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилготой хоёр жилийн аяныг эхлүүлж байна. Бидний өмнө Монгол Улсын хөгжлийн бодлогыг тодорхойлж, ирээдүйг харсан, алсын хараатай улс төрийн хүчирхэг нам болох гол зорилго бий. Үүнд хүрэхийн тулд намынхаа анхан, дунд шатны намын байгууллагыг бэхжүүлэх, гишүүдийн чадавх, оролцоог нэмэгдүүлэх том зорилтыг тавьсан” гэв. Тэрбээр шинэчлэлийн бодлогын зорилтын талаар тавьсан илтгэлдээ Ардчилсан нам шинэчлэлийн бодлогын хүрээнд юу хийв гэдгээ дүгнэх ёстойг онцлоод энэ хугацаанд хийсэн ажлуудаа танилцуулж, өнөөгийн улс төрийн нөхцөл байдал, улс орны хөгжлийн бодлогын цаашдын зорилт, 2012-2016 онд Ардчилсан намын хийж, хэрэгжүүлсэн ажлын үр дүнг дурдав. Энэ үеэр “Жилийн өмнө Ардчилсан намын VI их хурал хуралдаж, үндсэн дүрэмд өөрчлөлт оруулсан. Энэ хүрээнд олон ажил амжууллаа. Намын шинэчлэлийг эхлүүлж, үйл ажиллагаагаа идэвхжүүлэн монгол орны өнцөг булан бүрт хүрч ажилсан. VI их хурлаар намын шинэчлэлийн том давалгааг эхлүүлсэн” гэлээ. Жилийн хугацаанд Ардчилсан намын үзэл баримтлал, үндсэн дүрэм, хүний нөөцийн шинэчлэл, санхүүгийн ил тод, хариуцлагатай байдал, гишүүдийн оролцоо гэсэн үндсэн зорилтуудыг тодорхойлохыг эрмэлзэж ажиллажээ. Харин намд шинэчлэл хийх болсон шалтгааны тухайд “ Ардчилсан нам 2016 оны зургадугаар сарын 29-нд ард түмнээс маш том үүрэг авсан. Сонгуулийн дүнг ялагдал бус үүрэг, даалгавар хэмээн хүлээн авсан учраас 365 хоногт алдаагаа ухаарч, шинэчлэлийг тууштай эхлүүлж чадлаа” гэсэн юм. Шинэчлэлийн бодлого хэрэгжсэнээс хойш ҮБХ-ны 410 гишүүний 161 нь 39-өөс дээш насныхан байгаа бол 70 гаруй хувийг залуусын төлөөлөл эзэлж, нийт гишүүдийн гуравны нэгд нь жендерийн тэгш эрхтэйгээр эмэгтэйчүүд оролцож, орон нутгийн хүний нөөцийн 70-80 хувь нь шинэчлэгдсэн байна. Үүнээс гадна таван аймаг, хоёр дүүргийн 1000 орчим төлөөлөл оролцуулсан Зүүн бүсийн чуулга уулзалтыг Хэнтий аймгийн Биндэр суманд, дөрвөн аймаг, хоёр дүүргийн 1200 гаруй төлөөлөл оролцсон Говийн бүсийн чуулга уулзалтыг Өмнөговь аймгийн Ханхонгор суманд тус тус амжилттай зохион байгуулжээ. Намын шинэчлэлийн эхний үр дүнг шалгах том сорилт нь Ерөнхийлөгчийн сонгууль байсан гэдгийг Ардчилсан намын дарга С.Эрдэнэ онцлоод “Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг 180 мянган гишүүний саналаар тодруулсан нь ялалтын цөм байлаа. Энэ сонгууль хариуцлагатай, хүнд сонгууль байсан. Бүх хууль, хүчний байгууллага, яам, тамгын газрууд, хэвлэл мэдээлэл эрх баригчдын талд үйлчилж байсан ч сонгуулийн хоёр шатны санал хураалтад үнэмлэхүй ялалт байгуулсан нь Ардчилсан намын 180 мянган гишүүн, ард түмний итгэл байсан. Үүнээс монголын ард түмэн Ардчилсан намд итгэл алдраагүй нь харагдсан” гэв. АН 2012-2016 онд Засгийн эрхийг барьж ажиллахдаа Чингис бондын 1.5 тэрбум ам.доллараар 1660 гаруй төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлж, 60.000 ажлын байр бий болгож, Монгол Улсад сүүлийн 30 орчим жилд хийгээгүй бүтээн байгуулалт өрнүүлсэн юм. Тухайлбал, 3000 гаруй км хатуу хучилттай зам, 100 гаруй мянган айлын орон сууцыг барьж, байгуулсан. Гэтэл тухайн үеийн сөрөг хүчин Ардчилсан намын хийсэн энэ бүхнийг харлуулж, гутааж, гүтгэж, доромжилж байсан. Харин өнөөдөр тэд төрийн эрхийг авсан ч нүдэнд харагдаж, гарт баригдах зүйл хийж бүтээсэнгүй. Эсрэгээрээ сонгуулийн амлалтаасаа буцаж, улсын гадаад өрийг нэмж, өрийг өрөөр төлж, сандал суудлын хэрүүл хийж, Засгийн газраа сольсон нь монголын нийгэмд МАН-ыг улс төрийн ямар хүчин болохыг харуулсан үйлдэл боллоо гэдгийг сануулав. Мөн Эдийн засгийн 5.3 хувийн өсөлтийг уул уурхайн түүхий эдийн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээлд өссөнтэй холбон тайлбарласан юм. Ийнхүү намын даргын илтгэлийн дараа Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан зөвлөгөөнд оролцогчдод Ардчиллын төлөөх намууд нэгдсэний ойн баяр хүргэж, намын шинэчлэлийн бодлогын хүрээнд хэрэгжүүлэх ажил болон зөвлөгөөний хөтөлбөрийн хүрээнд хийх сургалтуудын талаар мэдээлэл өгсөн юм. Мөн УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат УИХ дахь намын бүлгийн үйл ажиллагааны талаар мэдээлэл хийсэн бол АЭХ-ны тэргүүн С.Одонтуяа, АЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Хулан нар тус тусын байгууллагын мэдээллийг хүргэж, цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг танилцууллаа. Ийнхүү Монгол Улсын өнцөг булан бүрээс ирсэн удирдах ажилтнууд “Намын шинэчлэлээс Монголын шинэчлэл”-д нэгдэв. Зөвлөгөөн энэ сарын 9-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд маргааш намын дотоод үйл ажиллагааны чиглэл бүрээр сургалт зохион байгуулна.

    Энэ үеэр Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга болон АН-ын хорооны дарга нараас сэтгэгдлийг нь сонслоо.

    Ц.Туваан: Ардчилсан нам бодлогын нам болох зорилт тавьсан

    -Ардчилсан намын анхан, дунд шатны удирдах ажилтны зөвлөгөөнд ирсэн төлөөллийн 50 хувь нь залуучууд. Тиймээс тэдэнд хандсан үйл ажиллагаа явуулж, шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэхийг зорьж байна. Ардчилсан нам бодлогын нам болох зорилт тавьсан. Намын Үндсэн дүрэмд намын дэргэд бодлогын зөвлөлүүд ажиллах заалт бий. Ардчилсан намын эрх барих дээд байгууллага ҮБХ-нд Засгийн газрын бүтцээр бодлогын салбар зөвлөлүүд байгуулна. Эдгээр зөвлөлүүд нийслэл, аймаг, дүүрэг, сум, хороодод салбарлан ажиллаж, ард түмний хүсэл сонирхолыг судлан эрх баригчдын хэрэгжүүлж буй бодлогод дүн шинжилгээ хийж, асуудал тавих юм. 2020 онд бид ялалт байгуулбал маргаашнаас нь хэрэгжүүлэх бодлогын баримт бичгүүд бэлэн байх ёстой. Тиймээс энэ баримт бичгийг боловсруулж эхэлж байна.

    Орхон аймгийн Баян-Өндөр сумын Ардчилсан намын хорооны дарга Д.Ганболд:

    -Намын шинэчлэл бусад намуудад үлгэр жишээ харагдаж байна. Тиймээс бусад намуудад эерэг нөлөө үзүүлэх байх. Нам дотроо шинэчлэгдэх, уур амьсгалаа сайжруулах, гишүүд, удирдах ажилтнуудаа боловсруулах чиглэлд анхаарч ажиллаж байгаад баяртай байна. Цаашид энэ шинэчлэлийг удирдах түвшинд бус иргэд, олон нийтэд чиглүүлж, Ардчилсан намын шинэчлэл, хийсэн бүтээснээ ойлгуулж, хэлэлцүүлж, сонгуулийн бус үед ч иргэд сонгогчид, ард түмэнтэйгээ ойр байх хэрэгтэй. Ийм л шинэчлэлийг хүмүүс хүсэж байгаа. Бодлогын, удирдлагын, гишүүдийн түвшинд шинэчлэгдэж чадвал улс орондоо их зүйл хийнэ.

    Завхан аймгийн Шилүүстэй сумын Ардчилсан намын хорооны дарга Д.Ариунжаргал:

    -Ардчилсан намын шинэчлэл намын даргын сунгаанаас эхэлсэн нь анхан шатны гишүүн нэг бүртэй тулж ажиллах эхлэл боллоо. Гишүүн бүр намын дарга нар, удирдах албан тушаалтныг сонгож байгаа нь анхан шатанд тэдний оролцоог тэгш хангасан гэж боддог. Одоо сум, багт чиглэсэн ажил эхэлж байна. Энэ зөвлөгөөнд оролцож шинэчлэлийн бодлогын хүрээнд хийж буй ажил, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар мэдээлэл авч байгаадаа баяртай байна. Бид анхан шатандаа хандаж, тэнд ямар асуудал тулгамдаж буйг мэдэрч, намын гишүүдийнхээ итгэл үнэмшил, идэвхийг нэмэгдүүлэхэд энэ зөвлөгөөн чухал ажил ач холбогдолтой. Орон нутагтаа шинэчлэлийг зөв үргэлжлүүлэх бодолтой байна. Завхан аймагт ардчилал хөгжсөн. Үүнд түшиглэж, байгуулсан ялалтаа бататгаж ажиллана. Гишүүндээ чиглэсэн бүхэн нь үүргээ гүйцэтгэж байвал энэ намын бодлогын үр дүн гарна.

    Орхон аймгийн АЗХ-ны тэргүүн Д.Энхзориг:

    -Ардчилсан намын шинэчлэл залууст маш их боломж олгож байна. Өмнө нь залуус өсөж, дэвжих нь хэн нэг даргаас хамааралтай байсан бол өнөөдөр өөрийн хийж бүтээсэн зүйл, мэдлэг чадвараа үнэлүүлэх боломжтой боллоо. Нийгэмд өөрийгөө харуулах зам залууст нээгдлээ. Энэ зарчим бол намын шинэчлэлийн том давалгааны нэг хэсэг. Үүнийг залуус ойлгож эхэлж байна. Залуусын манлайлал хаашаа чиглэхийг тодорхойлоход энэ зөвлөгөөн чухал алхам болно. АЗХ-ны хийж буй шинэчлэл бол Ардчилсан намын шинэчлэлийн давалгааны үргэлжлэл юм. Энэ шинэчлэл зөвхөн Ардчилсан нам, АЗХ-ны шинэчлэл бус бүх монгол залуусын шинэчлэл байх ёстой.