С.Эрдэнэ: Хариуцлага тооцох механизм нь ил тод, шударга байх зарчим үйлчилнэ
    2017 оны 12 сарын 08 нд
    f765442d17f0f1d91fdc358a939fe07f.jpg

    АН-ын анхан, дунд шатны удирдах ажилтны анхдугаар зөвлөгөөнтэй холбогдуулан АН-ын дарга С.Эрдэнээс дараах асуултад хариулт авлаа.

    -АН-ын анхан, дунд шатны удирдах ажилтны анхдугаар зөвлөгөөний гол зорилго юунд чиглэж байна вэ?

    -Ирэх жилүүдэд намын анхан, дунд шатныг бэхжүүлэх, намын бодлого, хөтөлбөрийг боловсруулах, улс төрийн манлайлал, намын хөгжлийн гол бодлогыг тодорхойлох зорилгоор анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулж байна.
    Монголын улс төрийн намууд мөрийн хөтөлбөрөө нэг удаагийн сонгуульд зориулан боловсруулдаг учраас улс орны хөгжлийн бодлогыг бүрэн тодорхойлж чаддагүй. Тиймээс АН 2020 оноос цааш харж, дунд, урт хугацааны мөрийн хөтөлбөр боловсруулж, улс орны хөгжлийн бодлогын зорилтуудаа тодорхойлох нь зүйтэй гэж үзсэн. Ирэх жилүүдэд анхан шатны намын байгууллагад чиглэсэн бодлого, үйл ажиллагаа хэрэгжүүлнэ. Үүгээр дамжуулан намын нийт гишүүдийн мэдлэг, боловсрол чадварыг дээшлүүлэх юм.

    -Намын үйл ажиллагааны хөтөлбөрт ямар шинэчлэл хийсэн бэ?

    -Бодлогод суурилсан гишүүдийн оролцоотой, нээлттэй нам байх үндсэн зарчмыг барьж байгаа. Хэсэг бүлэг хүний хүрээнд бодлого нь хаагдмал, нууц ажилладаг гэсэн тодотголтой байж таарахгүй. Улс төрийн нам бол олон түмний санаа, бодлыг тусгасан байгууллага байх ёстой. АН-ын 180 мянган гишүүн бол ард түмний нэг хэсэг. Тэдний оролцоог хангаж чадвал ард түмэнд нээлттэй нам болж чадна. Тиймээс энэ чиглэлийг гол болгож байгаа.

    -Хариуцлагын тогтолцоог яаж хангах вэ?

    - Үндсэн дүрмээ баримтлах ёстой. Дүрмийн хүрээнд хариуцлага тооцох механизм нь ил тод, шударга байх зарчим үйлчилнэ. Үндсэн дүрмийн өөрчлөлт, үзэл баримтлалын төслийг улс орон даяар хэлэлцүүлж дуусах шатандаа орсон. Он гараад АН-ын IX их хурлаар батална. Ингэснээр намын хариуцлага, үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалтын тогтолцоо үндсэн дүрэмд багтаж, түүнийг дагаж, мөрдөх бодит боломж бүрдэнэ.

    -Улс орны хөгжлийн хэтийг харсан бодлого баримтлах юм байна. Ер нь хэдэн жилээр харж бодлого боловсруулах вэ?

    -Бид зөвхөн 2020 оныг биш 2024, 2028, 2032 он гээд сонгуулийн жилүүдийг харж, хугацаагаар нь дунд, урт гэж ангилж байгаа юм. Ингэж алсыг харж бодлого боловсруулахгүй бол нэг сонгуулийн хугацаанд юу ч хийж амжихгүй, урагш ахихгүй. Жишээлбэл, өнөөгийн эрх баригчдыг харахад 2016-2020 оныг харсан бодлоготой. Тэр нь тодорхойгүй. Тохиолдлын шинжтэй хүмүүс томилж, дэвшүүлсэн. Энэ нь зөрчил үүсгэж байна. Тиймээс АН бодлогын түвшний гишүүдийн оролцоотой, бодлогод суурилсан улстөрийн нам байх зорилтыг тавьсан.