Ардчилсан намын хорооны дарга нар ярьж байна
    2017 оны 12 сарын 08 нд
    ec0139556ff673f566ed5fa661b877bd.png

    АН шинэчлэлийн бодлогын хоёр дахь давалгааг эхлүүлж, “Анхан, дунд шатны удирдах ажилтны анхдугаар зөвлөгөөн”-ийг зохион байгуулж байна. Үүнтэй холбогдуулан намын шинэчлэлийн бодлого, үйл ажиллагааны талаар сумдын АН-ын хорооны дарга нарын санал, сэтгэгдлийг сонслоо.

     

     

    Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын АН-ын хорооны дарга С.Цогтбаатар:

     

    -АН том өөрчлөлт хийж, шинэчлэлийн бодлогоо гаргаж, харуулж чадлаа. Бид эвлэлдэн нэгдэж, намын их хурлаа хийж, олон мянган гишүүдээс санал авч намын чухал заалтуудыг багтаасан шинэ дүрмийг баталсан. Түүнчлэн намын гишүүдээ шинэчлэн бүртгэж, сонгуульт албан тушаалтнуудаа бүх гишүүд нь мэдэж сонголоо. Манай намд алдаа, оноо аль аль нь байсан. Фракц, бүлэглэлийн хуваагдал биднийг муухай харагдуулсан. Харин одоо энэ асуудал цэгцэрсэн гэж бодож байгаа. Одоо анхан шатандаа анхаарал хандуулах шаардлагатай байна. Тиймээс удирдах ажилтны зөвлөгөөн хийж байгаа болов уу гэж бодсон. Нүдээ олсон үйл ажиллагаа боллоо. Манай АН-ын хороо татвараа бүрдүүлэж байна. Цаашид гишүүдийнхээ хүрээг тэлэх зорилготой ажиллана. Бидэнд намын байр байхгүй учраас хурал хийж, ажлаа ярих боломж хомс байна. Энэ асуудлаар ҮБХ-ны гишүүд, аймгийн намын даргад хүсэлт хүргүүлсэн.

     

     

    Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын АН-ын хорооны дарга С.Дамдинсүрэн:

     

    -АН-ын шинэчлэл орон нутагт хүрсэн. Намын даргаа сонгож, бүсийн уулзалтууд амжилттай зохион байгууллаа. Гэхдээ анхан шатандаа ойртож ажиллах хэрэгтэй байна. Намын анхан шатны байгууллагад санхүүгийн дэмжлэг чухал байдаг. Үүнийг бодолцох шаардлага бий. Үүнээс гадна намын шат шатны байгууллагуудын хоорондын уялдаа, ажлын хэлхээ холбооноос дараагийн сонгууль шалтгаална. Тиймээс шат шатандаа шаардлага тавьж, хяналттай, хянамгай ажиллах хэрэгтэй. АН Засгийн эрх барьж байхдаа улс орныхоо хөгжилд ахиц гаргаж, бүтээн байгуулалт өрнүүлсэн ч намынхаа ажлыг орхигдуулсан тал бий. Удирдах ажилтнуудаа цуглуулж асуудлаа ярих гэж байгаа нь зүйтэй хэрэг юм. Зөвлөгөөний үр дүнд шат шатны байгууллагууд нэг чигт харж ажиллах боломж бүрдэнэ гэж бодож байна. Намын даргадаа итгэл үзүүлж сонгосны хувьд цаашид дэмжинэ. Манай хорооны хувьд цаашид намын дэргэдэх ТББ-уудын салбарын үйл ажиллагааг сайжруулж, төв намтайгаа уялдаатай ажиллах гэж зорьдог. Ингэснээр намын ажил бүх шатанд тэгш хэрэгжих боломж бүрдэх юм. Анхан шатанд боловсон хүчнээ бэлтгэх асуудал тулгардаг.