С.Цогтсайхан агсныг “Хонхны дуу”-тай нь дурслаа
    2017 оны 12 сарын 10 нд
    9d9e00c57a0997d9113fd248691d18be.jpg

    Жил бүрийн энэ өдөр Ардчилсан хувьсгалын ой тохиодог билээ. Ойн хүрээнд өнөөдөр “Монголын Ардчилсан хувьсгалын дууч” хэмээн ард түмний зүрх сэтгэл, ардчиллын түүхэнд тодоор үлдсэн С.Цогтсайхан агсны гэгээн дурсгалыг хүндэтгэж, түүний хөшөөнд АН-ын дарга С.Эрдэнэ, АН-ын гишүүд, дэмжигчид, партизанууд цэцэг өргөлөө. Тэртээ 1989 оны 12 дугаар сарын 10-нд монгол орон даяар өөрчлөлт, шинэчлэлийн дуу цуурайтаж, өнөөгийн нийгмийн үндэс суурийг тавих түүхэн жагсаал, цуглаан болж байв. Чухам тэр үед ард түмнийг өөрчлөлт, шинэчлэлд уриалан дуудаж, тэднийг сэрээсэн нь С.Цогтсайхан агсны зохиосон алдарт “Хонхны дуу” байлаа. Тэрбээр шилдэг нийтлэлч, улс төрийн манлайлагч байсан төдийгүй ард түмнийг сэрээсэн ардчиллын том хүч байсан юм. Энэ үеэр АН-ын дарга С.Эрдэнэ “Өнгөрсөн 28 жилд улс орон хэрхэн өөрчлөгдсөнийг бид харж байна. Харамсалтай нь бидний дунд байж, ардчиллын үр шимийг үзэж, бахархах ёстой журмын олон нөхөд маань бурхны оронд оджээ. Ардчилсан хувьсгалыг цус урсгалгүй хийсэн гэдэг. Би үүнтэй санал нийлдэггүй. Ардчиллыг өнөөгийн түвшинд хүртэл хөгжүүлэн бэхжүүлэхэд олон хүн амьдрал, хувь заяа, үнэт зүйлээ зориулсан. Их үнээр олдсон хувьсгал юм. Тухайн үед бидний мэдэхгүй хэлмэгдүүлэлт болж байсан. Өнөөдөр ч хэлмэгдүүлэлт үргэлжилж, үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхаж байна” гэдгийг онцлон хэллээ. Мөн Ардчиллын партизан Дарь.Сүхбаатар “Ардчиллын үйл хэрэг өнөөдөр, маргааш, цаашдаа ч үргэлжлэх болно” гээд “С.Цогтсайхан агсан бол монголын ардчиллын бэлгэ тэмдэг байсан” гэв.