Ардчилсан намын удирдах ажилтнууд “Намын шинэчлэлээс Монголын шинэчлэл”-д нэгдэв
    2017 оны 12 сарын 11 нд
    b1a3a7e03e33c74857fcd20e505a08c5.jpg

     Шинэчлэлийн бодлогын шинэ давалгааны эхлэл болж буй “Ардчилсан намын анхан, дунд шатны удирдах ажилтны анхдугаар зөвлөгөөн” Улаанбаатар хотноо амжилттай болж өндөрлөлөө. Эв нэгдэл, хамтын зүтгэл, бодлогын шинэчлэлийн хэлэлцүүлэг, шийдэлд хүрсэн үр дүнг эрэлхийлсэн тус зөвлөгөөнд монгол орны 330 сум, нийслэлийн есөн дүүргийн 152 хорооны анхан, дунд шатны удирдах ажилтнууд, идэвхтэн гишүүдээс бүрдсэн 1200 гаруй төлөөлөл оролцсон юм. Орон нутгаас өндөр ирцтэй ирж оролцож буй нь Ардчилсан намын эхлүүлсэн шинэчлэлийн бодлого намын эд эс болсон анхан шатандаа хүрч, жирийн гишүүдийн идэвх оролцоог нэмэгдүүлж, тодорхой үр дүн гаргаж, ахицтай урагшилж байгааг харууллаа.

     Эхний өдөр Ардчилсан намын дарга С.Эрдэнэ “Ардчилсан намын шинэчлэлийн зорилт” сэдвээр илтгэл тавьж, намын дэргэдэх олон нийтийн байгууллагын төлөөллүүд өөрсдийн үйл ажиллагааны чиглэл, ирэх жилүүдэд хийх ажлын төлөвлөгөөгөө танилцуулсан юм.

     Зөвлөгөөнийг нээж, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ “Бид анхан, дунд шатны бодлого, үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилготой хоёр жилийн аяныг эхлүүлж байна. Бидний өмнө Монгол Улсын хөгжлийн бодлогыг тодорхойлж, ирээдүйг харсан, алсын хараатай улс төрийн хүчирхэг нам болох гол зорилго бий. Үүнд хүрэхийн тулд намынхаа анхан, дунд шатны намын байгууллагыг бэхжүүлэх, гишүүдийн чадавх, оролцоог нэмэгдүүлэх том зорилтыг тавьсан” гэлээ. Тэрээр илтгэлдээ Ардчилсан нам шинэчлэлийн бодлогын хүрээнд юу хийв гэдгээ дүгнэх ёстойг онцлоод энэ хугацаанд хийсэн ажлуудаа танилцуулж, өнөөгийн улс төрийн нөхцөл байдал, улс орны хөгжлийн бодлогын цаашдын зорилт, 2012-2016 онд Ардчилсан намын хийж, хэрэгжүүлсэн ажлын үр дүнг дурдав. Үүндээ “Жилийн өмнө Ардчилсан намын VI их хурал хуралдаж, үндсэн дүрэмд өөрчлөлт оруулсан. Энэ хүрээнд олон ажил амжууллаа. Намын шинэчлэлийг эхлүүлж, үйл ажиллагаагаа идэвхжүүлэн монгол орны өнцөг булан бүрт хүрч ажиллаа. Бид VI их хурлаар намын шинэчлэлийн том давалгааг эхлүүлсэн” гэлээ. Жилийн хугацаанд Ардчилсан нам үзэл баримтлал, үндсэн дүрэм, хүний нөөцийн шинэчлэл, санхүүгийн ил тод, хариуцлагатай байдал, гишүүдийн оролцоо гэсэн үндсэн зорилтоо тодорхойлохыг эрмэлзэж ажиллажээ. Харин намд шинэчлэл хийх болсон шалтгааны тухайд “Ардчилсан нам 2016 оны зургадугаар сарын 29-нд ард түмнээс маш том үүрэг авсан. Сонгуулийн дүнг ялагдал бус үүрэг, даалгавар хэмээн хүлээн авсан учраас 365 хоногт алдаагаа ухаарч, шинэчлэлийг тууштай эхлүүлж чадлаа” гэсэн юм.

     Шинэчлэлийн бодлого хэрэгжсэнээс хойш ҮБХ /Үндэсний бодлогын хороо/-ны 410 гишүүний 161 нь 39-өөс дээш насныхан байгаа бол 70 гаруй хувийг залуусын төлөөлөл эзэлж, нийт гишүүдийн гуравны нэгд нь жендэрийн тэгш эрхтэйгээр эмэгтэйчүүд оролцож, орон нутгийн хүний нөөцийн 70-80 хувь нь шинэчлэгдсэн байна. Үүнээс гадна таван аймаг, хоёр дүүргийн 1000 орчим төлөөлөл оролцуулсан Зүүн бүсийн чуулга уулзалтыг Хэнтий аймгийн Биндэр суманд, дөрвөн аймаг, хоёр дүүргийн 1200 гаруй төлөөлөл оролцсон Говийн бүсийн чуулга уулзалтыг Өмнөговь аймгийн Ханхонгор суманд тус тус амжилттай зохион байгуулжээ.

     Намын шинэчлэлийн эхний үр дүнг шалгах том сорилт нь Ерөнхийлөгчийн сонгууль байсан гэдгийг Ардчилсан намын дарга С.Эрдэнэ онцлоод “Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг 180 мянган гишүүний саналаар тодруулсан нь ялахын эхлэл, ялалтын цөм байлаа. Энэ сонгууль хариуцлагатай, хүнд сонгууль байсан. Бүх хууль, хүчний байгууллага, яам, тамгын газрууд, хэвлэл мэдээлэл эрх баригчдын талд үйлчилж байсан ч сонгуулийн хоёр шатны санал хураалтад үнэмлэхүй ялсан нь Ардчилсан намын 180 мянган гишүүн, ард түмний итгэл байсан. Үүнээс монголын ард түмэн Ардчилсан намд итгэл алдраагүй нь харагдсан” гэв.

     Ийнхүү түүний илтгэлээс Ардчилсан намын Засгийн газрын хийсэн ажил, тухайн үеийн улс орны нийгэм, эдийн засгийн байдлыг одоогийнхтой харьцуулсан тоо баримтуудыг харж болохоор байгаа юм. Тухайлбал, Ардчилсан нам 2012-2016 онд Засгийн эрхийг барьж ажиллахдаа Чингис бондын 1.5 тэрбум ам.доллараар 1660 гаруй төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлж, 60 мянган ажлын байр бий болгож, Монгол Улсад сүүлийн 30 орчим жилд хийгээгүй бүтээн байгуулалтын ажил өрнүүлжээ. Ингэхдээ 3000 гаруй км хатуу хучилттай зам, 100 гаруй мянган айлын орон сууц барьж, Эрдэнэс Таван толгой, Шинэ төмөр зам, ТОСК-ын төсөл, Иргэний нисэх, Амгалангийн дулааны цахилгаан станц, ТЭЦ-3, 4 станцуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх төсөл, Нүүрснээс синтетик хий үйлдвэрлэх төсөл, Геологийн төв лаборатори зэрэг улсын хэмжээний том төслүүдэд 1.95 их наяд төгрөг олгосон байна. Мөн “Гудамж” төслийн хүрээнд 33 уулзварыг шинэчлэн Улаанбаатарт баригдах хоёр хурдны замын ТЭЗҮ-ийг хийснээс гадна Туул голын даланг дагуулан барих хурдны замын ажилд 1.9 сая ам.доллар олгожээ. Ардчилсан намын Засгийн газрын үед нэг тонн нүүрсний үнэ 20 ам.доллар хүртэл унаж байсан бол энэ он гарснаар нэг тонн нүүрс үнэ тонн тутамдаа 69-71 ам.долларт хүрч, нийт 1.282.4 сая ам.долларын борлуулалт хийсэн нь жилийн орлогыг 4.4 дахин нэмжээ. Ингэснээр эдийн засгийн өсөлт 5.3 хувьд хүрсэн байна.

     Тэгвэл МАН-ын Засгийн газар юу хийв. Өнгөрсөн жил хагасын хугацаанд 2016 онд 1.3 хувь байсан инфляц даруй 5.6 хувьд хүрч, гадаад валюттай харьцах төгрөгийн ханш суларлаа. Энэ оны наймдугаар сарын байдлаар банкны системийн нийт зээлийн 7.1 хувь буюу 935.2 тэрбум төгрөг чанаргүй зээл, 7.4 хувь буюу 968.8 тэрбум төгрөг хугацаа хэтэрсэн зээл болж, нийт зээлийн үлдэгдлийн 14.5 хувь буюу 1.9 их наяд төгрөгийн зээл эрсдэлтэйд тооцогдох болжээ. Ажилгүйдлийн түвшин, ядуурал хүрээгээ тэлж буйг хамгийн бага орлоготой өрхийн хүнс тэжээлийн дэмжлэгт хамрагдах иргэний тоо өнгөрсөн жилтэй харьцуулахад хоёр дахин нэмэгдсэнээс харж болох юм. Түүнчлэн Засгийн газрын өрийн нийт хэмжээг 2018 онд 24 их наяд 309.6 тэрбум төгрөг байхаар шийдвэрлэсэн нь өнгөрсөн оны хоёрдугаар улиралд 16 их наяд 612 тэрбум төгрөг байснаас даруй 7 их наяд 697.6 тэрбумаар нэмэгдэж, Монгол Улсын санхүү, эдийн засаг богино хугацаанд өрийн дарамтад орох нөхцлийг бүрдүүлжээ. Энэ тоо баримтуудаас өнөөгийн улс орны нийгэм, эдийн засгийн байдал ямар түвшинд хүрсэн нь тодорхой харагдаж байгаа юм.

     Ардчилсан намын даргын эл илтгэл зөвлөгөөнд оролцогчдод олон талын мэдээлэл өгч, цаашдын бодлогоо тодорхойлж, шинэчлэлийн чигийг нэг зүгт хандуулсан чухал ач холбогдолтой болов.

    Үүний дараа Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан зөвлөгөөнд оролцогчдод Ардчиллын төлөөх намууд нэгдсэний ойн баяр хүргэж, намын шинэчлэлийн бодлогын хүрээнд хэрэгжүүлэх ажил болон зөвлөгөөний хөтөлбөрийн хүрээнд хийх сургалтуудын талаар, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат УИХ дахь намын бүлгийн үйл ажиллагааны талаар мэдээлэл хийсэн. Зөвлөгөөний эхний өдөр намын удирдлагуудын илтгэл, мэдээллийг сонсож, шат шатны сонгуульд ялсан орон нутгийн намын хороодын туршлагыг судалсан бол хоёр дахь өдөр нь намын дотоод үйл ажиллагааны чиглэл бүрээр гурван хэсэг газар сургалт зохион байгуулсан. Орон нутгаас ирсэн гишүүд сургалтыг ач холбогдолтой, үр өгөөжтэй байсныг онцолж, цаашид байнга зохион байгуулах шаардлага байгааг хэлж байв.

     

    Анхан, дунд шатны удирдах ажилтны зөвлөгөөнтэй холбогдуулан Ардчилсан намын дарга С.Эрдэнээс дараах асуултад хариулт авлаа.

     

     

    С.Эрдэнэ: Хариуцлага тооцох механизм нь ил тод, шударга байх зарчим үйлчилнэ

    -АН-ын анхан, дунд шатны удирдах ажилтны анхдугаар зөвлөгөөний гол зорилго юунд чиглэж байна вэ?

    -Ирэх жилүүдэд намын анхан, дунд шатныг бэхжүүлэх, намын бодлого, хөтөлбөрийг боловсруулах, улс төрийн манлайлал, намын хөгжлийн гол бодлогыг тодорхойлох зорилгоор анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулж байна.
    Монголын улс төрийн намууд мөрийн хөтөлбөрөө нэг удаагийн сонгуульд зориулан боловсруулдаг учраас улс орны хөгжлийн бодлогыг бүрэн тодорхойлж чаддагүй. Тиймээс АН 2020 оноос цааш харж, дунд, урт хугацааны мөрийн хөтөлбөр боловсруулж, улс орны хөгжлийн бодлогын зорилтуудаа тодорхойлох нь зүйтэй гэж үзсэн. Ирэх жилүүдэд анхан шатны намын байгууллагад чиглэсэн бодлого, үйл ажиллагаа хэрэгжүүлнэ. Үүгээр дамжуулан намын нийт гишүүдийн мэдлэг, боловсрол чадварыг дээшлүүлэх юм.

    -Намын үйл ажиллагааны хөтөлбөрт ямар шинэчлэл хийсэн бэ?

    -Бодлогод суурилсан гишүүдийн оролцоотой, нээлттэй нам байх үндсэн зарчмыг барьж байгаа. Хэсэг бүлэг хүний хүрээнд бодлого нь хаагдмал, нууц ажилладаг гэсэн тодотголтой байж таарахгүй. Улс төрийн нам бол олон түмний санаа, бодлыг тусгасан байгууллага байх ёстой. АН-ын 180 мянган гишүүн бол ард түмний нэг хэсэг. Тэдний оролцоог хангаж чадвал ард түмэнд нээлттэй нам болж чадна. Тиймээс энэ чиглэлийг гол болгож байгаа.

    -Хариуцлагын тогтолцоог яаж хангах вэ?

    - Үндсэн дүрмээ баримтлах ёстой. Дүрмийн хүрээнд хариуцлага тооцох механизм нь ил тод, шударга байх зарчим үйлчилнэ. Үндсэн дүрмийн өөрчлөлт, үзэл баримтлалын төслийг улс орон даяар хэлэлцүүлж дуусах шатандаа орсон. Он гараад АН-ын IX их хурлаар батална. Ингэснээр намын хариуцлага, үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалтын тогтолцоо үндсэн дүрэмд багтаж, түүнийг дагаж, мөрдөх бодит боломж бүрдэнэ.

    -Улс орны хөгжлийн хэтийг харсан бодлого баримтлах юм байна. Ер нь хэдэн жилээр харж бодлого боловсруулах вэ?

    -Бид зөвхөн 2020 оныг биш 2024, 2028, 2032 он гээд сонгуулийн жилүүдийг харж, хугацаагаар нь дунд, урт гэж ангилж байгаа юм. Ингэж алсыг харж бодлого боловсруулахгүй бол нэг сонгуулийн хугацаанд юу ч хийж амжихгүй, урагш ахихгүй. Жишээлбэл, өнөөгийн эрх баригчдыг харахад 2016-2020 оныг харсан бодлоготой, тэр нь тодорхойгүй. Тохиолдлын шинжтэй хүмүүс томилж, дэвшүүлсэн. Энэ нь зөрчил үүсгэж байна. Тиймээс АН бодлогын түвшний гишүүдийн оролцоотой, бодлогод суурилсан улстөрийн нам байх зорилтыг тавьсан.

     

    Мөн энэ үеэр Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан болон тус зөвлөгөөнд оролцож буй анхан, дунд шатны удирдах ажилтнуудын сэтгэгдлийг сонслоо.

     

     

    Ц.Туваан: Ардчилсан нам бодлогын нам болох зорилт тавьсан

    -Ардчилсан намын анхан, дунд шатны удирдах ажилтны зөвлөгөөнд ирсэн төлөөллийн 50 хувь нь залуучууд. Тиймээс тэдэнд хандсан үйл ажиллагаа явуулж, шинэчлэлийн бодлого хэрэгжүүлэхийг зорьж байна. Ардчилсан нам бодлогын нам болох зорилт тавьсан. Намын Үндсэн дүрэмд намын дэргэд бодлогын зөвлөлүүд ажиллах заалт бий. Ардчилсан намын эрх барих дээд байгууллага ҮБХ-нд Засгийн газрын бүтцээр бодлогын салбар зөвлөлүүд байгуулна. Эдгээр зөвлөлүүд нийслэл, аймаг, дүүрэг, сум, хороодод салбарлан ажиллаж, ард түмний хүсэл сонирхолыг судлан эрх баригчдын хэрэгжүүлж буй бодлогод дүн шинжилгээ хийж, асуудал тавих юм. 2020 онд бид ялалт байгуулбал маргаашнаас нь хэрэгжүүлэх бодлогын баримт бичгүүд бэлэн байх ёстой. Тиймээс энэ баримт бичгийг боловсруулж эхэлж байна.

     

     

    Орхон аймгийн Баян-Өндөр сумын Ардчилсан намын хорооны дарга Д.Ганболд:

    -Манай намын шинэчлэл бусад намуудад үлгэр жишээ болж байна. Тиймээс бусад намуудад эерэг нөлөө үзүүлэх байх. Нам дотроо шинэчлэгдэх, уур амьсгалаа сайжруулах, гишүүд, удирдах ажилтнуудаа боловсруулах чиглэлд анхаарч ажиллаж байгаад баяртай байна. Цаашид энэ шинэчлэлийг удирдах түвшинд бус иргэд, олон нийтэд чиглүүлж, Ардчилсан намын шинэчлэлийн хүрээнд хийсэн бүтээснээ ойлгуулж, хэлэлцүүлж, сонгуулийн бус үед ч иргэд сонгогчид, ард түмэнтэйгээ ойр байх хэрэгтэй юм байна. Ийм л шинэчлэлийг хүмүүс хүсэж байгаа. Бодлогын, удирдлагын, гишүүдийн гээд бүх шатандаа шинэчлэгдэж чадвал манай нам улс орондоо их зүйл хийнэ.

     

     

    Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын Ахмадын холбооны дарга Б.Цэвэлмаа:

    -Би 28 жил үүрийн дарга хийж, анхан шатанд ажилласан. Өнгөрсөн хугацаанд хамрагдаж байсан бүх сургалтуудаас хамгийн үр өгөөжтэй, хэрэгтэй нь энэ удаагийн сургалт байна. Учир нь сургалтад хамрагдсан намын гишүүд сургалтын дагуу ажиллаж чадвал алдаа гаргахгүй байхаар өндөр түвшинд хийж байна. Бид ялалт, ялагдлын аль алиныг хүртсэн. Тиймээс сургалтад ач холбогдол өгч оролцох ёстой. Ялангуяа, намын байгууллагын анхан шатанд энэ сургалт үр дүнгээ өгнө гэж бодож байна. Маш хэрэгтэй зүйл сурч, мэдэж авлаа. Өмнө нь гаргасан алдаагаа засаж, урагшлах боломж олголоо. Сургалтын үр дүн бол нэгдүгээрт, эв нэгдэл, хоёрдугаарт багаар ажиллах зарчмыг хөгжүүлэхэд чиглэж байна. Үүнээс гадна орон нутгийн анхан шатны удирдлагууд бие биетэйгээ танилцаж, харилцаа холбоогоо бэхжүүлж, нэг нэгнээсээ туршлага судлах том үүд нээгдлээ. Бидний сурах туршлага ялалт байгуулсан орон нутагт байна. Тэгэхээр бид тэдэнтэйгээ хамтран ажиллах хэрэгтэй.

     

     

    Багануур дүүргийн 5 дугаар хорооны Ардчилсан намын үүрийн дарга Н.Гантигчулуун:

    Үүрийн дарга, менежерүүдэд маш хэрэгтэй чухал сургалт боллоо. Бидэнд мэдэхгүй зүйл их байна. Өмнө нь мартсан зүйлээ бас сэргээж авсандаа баяртай байгаа. Сургалтаас намын үүр дээр хэрэгжүүлэх олон санаа төрж байна. Шат, шатны сонгуульд удаа дараа ялсан сум, үүрүүдийн туршлагаас хуваалцаж, өөрийн үүр дээр хэрэгжүүлж ажиллана. Намын шинэчлэлийг гишүүд, дэмжигчид талархан хүлээн авч байгаа. Өмнө нь манай нам намын анхан шатны гишүүнээ тоодоггүй, хэдэн дарга нар албан тушаалтнуудаа томилж, халаа сэлгээ л хийдэг байсан. Шинэчлэлээр энэ байдал эрс өөрчлөгдөж, жирийн гишүүн намын үйл хэрэгт шууд оролцож эхэлсэн нь том алхам болсон.

     

     

    Завхан аймгийн Шилүүстэй сумын Ардчилсан намын хорооны дарга Д.Ариунжаргал:

    -Ардчилсан намын шинэчлэл намын даргын сунгаанаас эхэлсэн нь анхан шатны гишүүн нэг бүртэй тулж ажиллах эхлэл боллоо. Гишүүдийн оролцоогоор намын дарга нар, удирдах албан тушаалтныг сонгож байгаа нь анхан шат, гишүүдийн идэвх, үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлж байна. Одоо сум, багт чиглэсэн ажил эхэлж байна. Энэ зөвлөгөөнд оролцож шинэчлэлийн бодлогын хүрээнд хийж буй ажил, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар мэдээлэл авч байгаадаа баяртай байна. Бид анхан шатандаа хандаж, тэнд ямар асуудал тулгамдаж буйг мэдэрч, намын гишүүдийнхээ итгэл үнэмшил, идэвхийг нэмэгдүүлэхэд энэ зөвлөгөөн чухал ажил ач холбогдолтой. Орон нутагтаа шинэчлэлийг зөв үргэлжлүүлэх бодолтой байна. Завхан аймагт ардчилал хөгжсөн. Үүнд түшиглэж, байгуулсан ялалтаа бататгаж ажиллана. Гишүүндээ чиглэсэн бүхэн нь үүргээ гүйцэтгэж байвал энэ намын бодлогын үр дүн гарна.

     

     

    Орхон аймгийн АЗХ-ны тэргүүн Д.Энхзориг:

    -Ардчилсан намын шинэчлэл залууст маш их боломж олгож байна. Өмнө нь залуус өсөж, дэвжих нь хэн нэг даргаас хамааралтай байсан бол өнөөдөр өөрийн хийж бүтээсэн зүйл, мэдлэг чадвараа намын хамт олноор үнэлүүлэх боломжтой боллоо. Нийгэмд өөрийгөө харуулах зам залууст нээгдлээ. Энэ бол намын шинэчлэлийн том давалгааны нэг хэсэг. Үүнийг залуус ойлгож эхэлж байна. Залуусын манлайлал хаашаа чиглэхийг тодорхойлоход энэ зөвлөгөөн чухал алхам болно. АЗХ-ны хийж буй шинэчлэл бол Ардчилсан намын шинэчлэлийн давалгааны үргэлжлэл юм. Энэ шинэчлэл зөвхөн Ардчилсан нам, АЗХ-ны шинэчлэл бус бүх монгол залуусын төлөөх шинэчлэл байх ёстой.