С.Эрдэнэ: Ардчилсан хувьсгалчдаа дэмжинэ
    2017 оны 12 сарын 12 нд
    b20886a262dd4d36b359c43da67e3828.jpeg

    Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнээс цаг үеийн асуудлаар тодруулга авлаа. 

    -1990 оны Ардчилсан хувьсгалд  оролцсон анхны төлөөлөгчдөд төрөөс дэмжлэг үзүүлэх хуулийн төсөл өргөн барьсан гэлээ. Энэ хуулийнхаа талаар тайлбарлаж өгөөч? 

    -Ардчилсан хувьсгалын анхны зүтгэлтнүүдэд төрөөс үзүүлэх тусламж, дэмжлэгийн тухай хуулийг өргөн барьсан. Ардчилсан хувьсгалыг хүмүүс янз бүрээр дүгнэж ярьдаг. Миний хувьд бол нийгмийн бүхэл бүтэн тогтолцоог өөрчилсөн хувьсгал байсан. Хуучин нэг намын тогтолцоотой байсан нийгэм маань олон намын тогтолцоотой болсон. Мөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засаг руу шилжсэн. Энэ мэт нийгэм, эдийн засагт өөрчлөлт авчирсан хувьсгал байсан. Энэ өөрчлөлтийг анх санаачилж, зүтгэж, тэмцсэн хүмүүс бол нийгмийг өөрчилсөн баатрууд болж түүхэнд үлдсэн. Эдгээр хүмүүс дотор  цаг үеийнхээ эрсдэлд өртөж амьдрал, ажил, гэр бүл, амь нас гээд бүх зүйлээрээ давхар хохирсон олон мянган иргэд байгаа. Тиймээс нийгмийн өөрчлөн байгуулалтыг санаачилж анхнаас нь зүтгэсэн тэдгээр хүмүүст тодорхой хэмжээний хөнгөлөлт дэмжлэг үзүүлэх зайлшгүй шаардлагатай гэж үзэж энэ хуулийг санаачилж өргөн барьж байна. Энэ хууль маань хэлэлцүүлэгт ороод батлагдах байх гэж найдаж байна. Ардчилсан хувьсгалын улс төрийн аль нэгэн нам дангаараа хийчихсэн юм биш. Өнөөдрийн гурван сая иргэний оролцоо бий. Мөн улс төрийн бүх намын оролцоо бий. Тиймээс уг хуулийн төслийг улстөржсөн байдлаар харахгүй байх гэж найдаж байна. 

    -Тэдгээр иргэдийг яг яаж дэмжинэ гэж хуулийн төсөлд тусгасан юм бэ. Анхны гэхээр ямар хүмүүс байх уу? 

    -Хуулийн төсөлд тодорхой тусгагдсан. Хэлэлцүүлэгт орохоор та бүхэнд бичгээр хүргэх байх. Ер нь нийгмийн хамгааллын чиглэлээр хөнгөлөлт дэмжлэг үзүүлэх талаар хуулийн төсөлд голдуу тусгасан байгаа. 

    -Нийт хэдэн хүн дэмжлэг авах вэ? 

    -Судалгаа хийж байна. Тухайн үеийн өөрчлөлтийг эхлүүлж байсан байгууллагуудын тодорхойлолтоор хүмүүсийг сонгоно. Ингэхдээ 1990 оны зургадугаар сараас өмнөх үйл явдалд оролцсон хүмүүсийг хамруулна гэж тооцож байгаа. 

    Эх сурвалж: www.news.mn