Я.Санжмятав: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн 380 орчим хүүхдэд орон сууцны дэмжлэг үзүүлнэ
    2017 оны 12 сарын 14 нд
    aad8b5a563c281ee0d1cbefe8a41dae0.jpg

    Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжээд байгаа билээ. Уг хуулийн төслийг санаачлагчдын нэг УИХ-ын дэд дарга Я.Санжмятавтай ярилцлаа.

    -Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Их хурал хэлэлцэх гэж байна. уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага тулгарсан юм уу?

    УИХын даргын захирамжаар УИХын дэд даргын хариуцах ажлын хүрээнд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын даргын үүргийг хариуцна гэж заасан. Цагаатгах ажилтай холбогдуулан 1998 онд батлагдсан хууль байдаг. Хууль батлагдсанаас хойш цагаатгуулах, гомдол гаргуулах хугацааг гурван удаа сунгасан бол нэхэмжлэл гаргах эрх, хөөн хэлэлцэх хугацааг дөрвөн удаа сунгаж байсан юм. 2011 оны арванхоёрдугаар сарын 30ны өдөр энэ хугацаа нь дууссан. Нэгэнт ингээд дууссан болохоор долоон жилийн хугацаанд өргөдөл нэмж хүлээн авах эрхзүйн орчин байхгүй болчихсон л доо.

    Хууль батлагдсанаас хойш хэлмэгдэгсдийн ар гэрийнхэнд нөхөх олговор болгож 500 мянга, нэг сая төгрөгийг олгож эхэлсэн. Эрүүгийн ялаар шийтгүүлэн нас барсан хэлмэгдэгсдийн эхнэр, нөхөр гэр, орон сууцаа хураалгуулсан тохиолдолд орон сууц, гэр олгохоор заасан. Тэдний хөрөнгө, эдийн засгийн агуулга бүхий хохирлуудыг барагдуулах нөхөх олговрыг хуульчлалгүй өнөөдрийг хүрсэн байдаг. Тиймээс үүнийг зайлшгүй хэлэлцэх шаардлагатай гээд 2014 онд ҮАБЗөөс Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын дүнг сонсоод гурван чиглэл өгсөн.

    -Уг чиглэлийн нэг нь энэ хугацааг сунгах байсан байх аа. Байнгын хороон дээр тэгж яригдаж байсан. Хугацааг хэрхэн сунгах юм бол?

    -Хоёр жилийн хугацаагаар сунгана. Энэ хугацаанд өргөдлүүдийг нь хүлээж авах юм. Түүнээс хойш дахин өргөдөл авахгүй гэсэн үг. ҮАБЗөөс Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссыг татан буулгах зөвлөмж 2014 онд гарсан. Энэ зөвлөмжийн дагуу 2015 онд гишүүдийн зүгээс хуулийн төсөл өргөн барьсан ч, тавьж буй хохиролтой холбоотой зардлууд нь нэлээд өндөр байсан тул хараахан шийдэж чадаагүй юм.

    -Одоо тэгээд ямар хүмүүс хамрагдах юм бэ?

    -Хэлмэгдсэн хүмүүсийн нөхөр, эхнэр, төрсөн хүүхэд эсвэл үрчилсэн, цаазлуулахад болон шоронд ял эдэлж байгаад нас барахад эхийнхээ хэвлийд 10 сартай үлдсэн хүүхэд гээд тооцохоор ноднин хууль өргөн барихад 400 хүн байсан. Тэднээс нэг жилийн хугацаанд 20 орчим хүн хорвоогийн мөнх бусыг үзчихлээ. Тиймээс одоо байгаа хүмүүстээ нөхөх олговрыг нь олгоод явах зохицуулалтыг хийе гэвэл 380 орчим хүн хамрагдана.

    -2015 онд хөрөнгө зардал их байна гээд хэрэгжээгүй юм байна шүү дээ. Энэ удаа төсөвт хүндрэл учруулах болов уу. 2018 оны төсөвт лав суугаагүй?

    -Ирэх оны төсөвт мөнгө нь суугаагүй учраас 2019 оны төсөвт суугдаад явах юм. Өргөдөл хүлээн авах хугацааг хоёр жилээр сунгах болохоор 2019, 2020 он гэхэд 15 орчим тэрбум төгрөгийг жил жилийн төсөвт нь суулгаад нөхөх олговрыг олгож дуусна. Ингэж бид 1992 оноос хойш 1990 он хүртэл хэлмэгдсэн хүмүүсээ цагаатгах, хохирлыг нь барагдуулах ажлыг албан ёсоор дуусгахаар хуульд тусгасан. Дэлхий нийт биднийг харж байгаа. Их хэлмэгдүүлэлт явсан он жилүүдийн шарх бүрэн аниагүй байна. Бид энэ ажлаа хийж дуусгаад Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комисс албан ёсоор дүнгээ танилцуулах юм.

    -Хэлмэгдэгсдийн үр хүүхэд гэхээр одоо нэлээд өндөр настай байж таарна. Ач, зээ нар хамаарахгүй гээд байгаа билүү?

    -Хэлмэгдэгсдийн үр хүүхэд гэхээр хамгийн бага нь 80 настай, дээд тал нь 90 гаруй насны хүмүүс дийлэнх нь байгаа. Эцэг, эхээ буудуулж алуулсан хүмүүсийн үр хүүхдүүдийн сэтгэл санаа ямар байх нь ойлгомжтой. Энэ насан туршийн сэтгэлийн том шарх юм шүү дээ. Түүнчлэн эсэргүүний хүүхэд гээд сургууль соёлд сургахгүй адлах, эдлэх эрхээс нь хасах, нийгмийн халамжтай холбоотой зүйлсээс ч хоцорсон. Тэд коммунист дэглэмийн үед хамрагдаж чадаагүй юм. 1990 онд Монгол Улс олон намын тогтолцоонд шилжсэнээр бид хүний нүүр бүтэн харахтайгаа болсон. Үнэндээ хэлмэгдсэн гэдэг алга дарам бичгээр өөрийнхөө сэтгэлийг хуурч ирлээ шүү дээ. Уг хуулийн төслийг надтай хамт Н.Энхболд, Д.Сарангэрэл нарын гишүүд өргөн барьсан. Н.Энхболд УИХ-ын дэд дарга байхдаа Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын даргаар ажиллаж байхдаа зохих нөхөх олговрыг олгуулахад анхаарч байсан хүн. Д.Сарангэрэл сайдыг Өргөдлийн байнгын хорооны дарга байхад маш олон өргөдөл ирдэг байсан юм билээ. Өргөдлийнхөө цохолтыг Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын дарга Санжмятавт гээд явуулдаг байсан. Тэр олон өргөдлийг базаад үзэхэд 400 орчим хүний л асуудал байгаа юм. Монголын төр байна даа энэ хүмүүсийг мэнд тунгалаг дээр нь дулаан байранд ороход нь дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Тэд ч тэгж ярьдаг. Хэлмэгдэгсдийн үр хүүхдүүдтэй уулзаж байхад ихэнх нь байр орон байхгүй орцны хонгил, цахилгааны щит, түрээсийн байраар амьдардаг юм билээ. Энэ хүмүүсийн асуудлуудыг Их хурал дээр гишүүд ярилцаад явна.

    -Ер нь хууль батлагдах боломжтой юм биш үү. Даваа гаригт хуралдсан хоёр намын бүлэг хоёулаа л нэмэлт, өөрчлөлтийн төслийг дэмжих ээ илэрхийлсэн?

    -Тэгсэн. УИХ дахь Ардчилсан нам, Монгол ардын намын бүлгийн хурлуудад хуулийн төслийн танилцуулга хийгдэхэд бүлгүүд дэмжсэн. Хэдийгээр бид улс төржиж хоорондоо маргаж талцдаг ч гэсэн хэлмэгдүүлэлттэй холбоотой асуудал дээр сэтгэл нэгдэж байгаа. Бид нэгдмээр олон асуудал байдгийг нэг нь энэ л дээ. Бүлгүүд дэмжсэн болохоор уг хууль маань богино хугацаанд хэлэлцэгдээд батлагдах боломжтой гэж бодож байгаа шүү. Нэг зүйлийг анхааруулахад өмнө нь хэлмэгдэгсдийн нөхөх олговор дэмжлэг аваагүй хүмүүс хамрагдана. Хэлмэгдэгсдийн үр хүүхдүүдийн байгуулсан хэд хэдэн холбоо байдаг. Тэдэнтэйгээ уулзаж санаа бодлыг нь хуулийн төсөлд тусгасан. Гэхдээ өргөдөл өгөөд л нөхөх олговор авчихна гэж байхгүй. 2018 онд иргэдийн өргөдлийг хүлээн авч архиваас материалыг нь шүүж, тагнуулынхан ажиллана, прокуророор орно. Нэг үгээр хэлбэл үүнийг батлах нотлох ажил нэг жил үргэлжилэх юм.

    -Энэ удаа тэгээд шууд орон сууцны дэмжлэг үзүүлэх юм уу, мөнгөн дэмжлэг үзүүлэх юм болов уу?

    -Мөнгөн дэмжлэг үзүүлнэ. Тухайн хэлмэгдсэн хүний хоёр хүүхэд байдаг бол өмнөх хуулинд нөхөх олговрыг авах заалт байдаг. Тэр дагуу явна. Мөн бидний гаргаж буй хуультай холбогдуулан дээд шүүх тодорхой хэмжээний тайлбар хийгээд явчихад ямар нэгэн маргаан үүсч, минийх, чинийх гэдэг асуудал үүсэхгүй. Шууд орон сууц олгоно гэж ойлгож болохгүй.

    -500 мянга, нэг сая төгрөгийн дэмжлэг авсан хүмүүс өмнө нь бид бага мөнгө авсан энэ удаа нэмж авах хэрэгтэй гээд явчих юм биш биз. Зарим хүмүүсийн хандлага тэгж анзаарагдсан шүү?

    -500 мянга, нэг сая төгрөг авсан хүмүүс үүнд хамрагдах боломжгүй. Авдгаа аваад асуудал нь шийдэгдсэн. Аливаа юманд эерэг, сөрөг талууд их гардаг. Эцэг, эх нь хилс хэргээр цаазлагдсан, шоронд гянданд нас барсан 400 орчим хүүхдийн л асуудал. Энэ хүрээнд хайрцаглана. Зарим хүмүүсийн зүгээс сөрөг зүйлийг нийгэмд цацаад байна л даа. Тодорхой эзэнтэй хаягтай, нэртэй устай хүмүүсийг тооцоод үзэхэд тийм тоо гарсан. Түүнээс биш үр ач, зээ, хүүхдийнх нь хүүхдийн тухай асуудал байхгүй. Яг төрсөн хүүхэд гэхээр 400 орчим байгаа юм.

    -Төрсөн хүүхэд гэхээр чинь өргөж авсан хүүхэд нь орж байна уу?

    -Өөрөө өргөж авсан хүүхэд нь орно.

    Э.ЭНХБОЛД