Ардчилсан залуучуудын холбооны Үндэсний чуулган эхэллээ
    2017 оны 12 сарын 16 нд
    315b2be3836554d7e365331e09f029a0.jpg

    АН-ын дэргэдэх Ардчилсан залуучуудын холбоо /АЗХ/-ны VIII дугаар Үндэсний чуулган өнөөдөр эхэлж, 21 аймаг, есөн дүүргийн 400 гаруй залуу нэг үзэл санаа, зорилгын доор нэгдлээ. Чуулганд АН-ын дарга С.Эрдэнэ, нийслэлийн АН-ын дарга Д.Баттулга, АЗХ-ны анхны Ерөнхийлөгч асан Г.Батхүү нар оролцож, мэндчилгээ дэвшүүлэн үйл ажиллагаанд нь амжилт хүсэв. АН-ын дарга С.Эрдэнэ залуучуудад хандан “АЗХ олон жил үргэлжилсэн хэвшмэл байдлыг эвдэж, 90 мянган гишүүнээс Ерөнхийлөгчөө сонгосон нь шинэчлэлийн эхлэл юм. Үүнээс цааш өгсөх шат олон бий. Тиймээс залуучууд мэдлэг, боловсролоо байнга дээшлүүлэх хэрэгтэй. Эзэн Чингис хааны хэлсэнчлэн алд биеэ үл хайхран улс орныхоо сайн, сайхны төлөө хичээн ажиллаарай. АН бүх талаар дэмжинэ” гэлээ. Мөн Д.Баттулга “Өнөөгийн залууст ахмад үеийн алдаа, оноог дэнслэх боломж бий. АН-ын хувь заяа та бүхний гарт байгаа гэдгийг мартаж болохгүй” хэмээлээ. Эдгээр үгнээс намын шинэчлэлийн цөм нь залуучууд байж, нийгэмд манлайлан залуусын дунд бодлогын түвшний шударга өрсөлдөөн, улс төрийн шинэ соёл, хандлагыг бий болгох хэрэгтэй гэсэн чухал сэдэв хөндөгдөж байв.

    Ингээд төлөөлөгчдийн саналаар АЗХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэболд, нийслэлийн АЗХ-ны тэргүүн Э.Өлзийбаяр нарыг албан ёсоор батламжилж, батламжийг С.Эрдэнэ, Д.Баттулга нар гардууллаа. С.Эрдэнэболд “АЗХ-ны Ерөнхийлөгчийн сонгууль 90 мянган гишүүний төлөөлөл болсон 7000 залуугийн дунд явагдлаа. Энэ бол яах аргагүй шинэчлэлийн давалгаа мөн. Залуусын дуу хоолой, итгэл үнэмшил шинээр түрэн орж ирж байна. Тиймээс ахмад, дунд, залуу үеийн холбоог гагнаж ажиллана. Би ямагт төвийн тоглогч байж, асуудлыг залуустайгаа хэлэлцэн шийдвэрлэнэ. Залуус биеэ оторлох ёсгүй” хэмээн онцлоод 21 аймаг, есөн дүүргийн АЗХ-ны тэргүүнд батламж гардууллаа.

    Энэ чуулганаар Үндсэн хууль ба засаглал, эдийн засаг ба уул уурхай, залуучууд ба оролцоо гэсэн гурван салбар хуралдаан зохион байгуулж, цаашдын бодлого, үйл ажиллагааны чиглэлийг батлахаар төлөвлөсөн байна. Үүнээс гадна залуучуудын хамтын ажиллагаа, нөхөрлөлийг бэхжүүлж, нийгмийн хөгжлийн төлөө бодит оролцоог дэмжих дэд хөтөлбөр бүхий “Андууд” санаачилгыг албан ёсоор хэрэгжүүлж эхэллээ. Ирэх он дуустал “Андууд-Нэг гэр бүл”, “Андууд-Илгээлтийн эзэн”, “Андууд- Сургалт, хөгжлийн хөтөлбөр”, “Андууд-Шинэ соёл” зэрэг дэд хөтөлбөр үргэлжлэх юм. Үүнээс “Андууд- Гэр бүл хөтөлбөр” өчигдрөөс хэрэгжсэн бөгөөд сугалаагаар тодорсон орон нутгийн 60 залуу АН-ын гишүүн, нийгэм, улс төрийн 60 лидерийн гэрт зочилж, санал бодлоо солилцсон байна.

     

    Энэ үеэр залуусын сэтгэгдлийг сонслоо.

     

     

    АЗХ-ны тав дахь Ерөнхийлөгч С.Дэмчиг:

     

    Шинэчлэлийн давалгаа залуучуудаас эхэлдэг. АЗХ Монгол Улсын хөгжлийг удирдан чиглүүлэх залуучуудын байгууллага болон төлөвшиж байна. Бидэнд намын бүтэц, шийдвэр гаргах түвшинд орж ажиллах шаардлага байсан. Үүнийг намын Үндсэн дүрэм, АЗХ-ны Үндсэн дүрмийн өөрчлөлтийн хүрээнд хийж чадлаа. Цаашид “Андууд” санаачилгыг дэвшүүлэн ажиллана. Үүний зорилго нь залуусыг сургаж, хөгжүүлэхэд чиглэх юм. Өмнө нь АЗХ намын бүтцийн шинжтэй байгууллага байв. Харин шинэ батлагдсан дүрмийн дагуу АЗХ АН-ын албан ёсны шийдвэр гаргах бүтэц буюу ҮБХ, улс төрийн зөвлөлд төлөөллөө оруулдаг боллоо. АН-ын тогтолцоо шинэчлэгдэж, бүх гишүүдээс асууж шийдвэр гаргадаг болсон нь том дэвшил юм.

     

     

    Ховд аймгийн АЗХ-ны тэргүүлэгч Б.Энхтуяа :

     

    АН-ын шинэчлэл анхан, дунд шатанд хэрэгжиж байна. Шинэчлэлтэй холбоотойгоор тухайн шатны даргыг гишүүдээсээ сонгодог жишиг тогтсон. Энэ зарчмаар АЗХ-ны Ерөнхийлөгчийг сонголоо. Чуулганаар бид АЗХ-ны шинэчилсэн дүрмийг батлана. Сүүлийн жилүүдэд орон нутгийн залуусын оролцоо нэмэгдсэн. Манай аймгаас 12 төлөөлөл чуулганд оролцож байна. Бусад аймагтай харьцуулахад дээд сургуультай учраас залуусын боловсролын түвшин, нийгэмд өөрсдийгөө илэрхийлэх байр суурь өндөр байдаг. АН-ын үйл ажиллагаа, залуучуудын бодлогын хүрээг тэлэх зорилготой “Андууд” санаачилгыг талархан дэмжиж байгаа. Залуусын боловсрол, мэдлэгийг дээшлүүлэхэд ач холбогдол өгсөн чухал санаачилга байх болно.

     

    Орхон аймгийн АЗХ-ны гишүүн Г.Батбаатар:

     

    АЗХ-ны шинэчлэл өргөн хүрээтэй давалгаалж буй үед Үндэсний чуулган болж байгаа нь залуусын нэгдлийн бат бэх суурийг тавьж байна. АЗХ 21 аймаг, есөн дүүргээс Ерөнхийлөгчөө сонгосон нь чухал ач холбогдолтой байсан. Бид бусад залуучуудын байгууллагыг манлайлж, хамгийн түрүүнд улс төрийн шинэ соёл нэвтрүүлж, шинэчлэл эхлүүлж чадлаа. Хэрэгжиж эхэлсэн “Андууд” санаачилгыг талархан дэмжиж байна. Ахмад, дунд, залуу үеийн залгамж чанарыг бэхжүүлж ажиллана гэдэг бол том алхам.