Татварын асуудлаар иргэд байр сууриа илэрхийллээ
    2017 оны 12 сарын 20 нд

    Нэгдүгээр сарын 1-нээс гурван төрлийн татвар нэмэгдэнэ. Үүнд хувь хүний орлогын албан татварыг шатлалтай нэмэхээр тусгасан. Ингэхдээ цалин хөдөлмөрийн хөлс болон түүнтэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод 10-25 хувиар 4 шатлал бүхий татвар ноогдуулах юм. Энэ хууль хэрэгжиж эхэлснээр 500 мянгаас 1.5 сая хүртэлх цалинтай иргэдийн гар дээрх цалин багадаа 8 мянгаас 35 мянган төгрөгөөр танагдах тооцоо байна. Энэ талаар иргэд ямар сэтгэгдэлтэй байгааг сонирхлоо.

     

     

     

    Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл тосгоны иргэн О.Алтантуяа:

    Татварын бодлого ард түмэнд хүнд тусаж байна. Төсвийн тодорхой хэсгийг татвараас бүрдүүлдэг. Гэхдээ цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж нэмэхгүй байгаа энэ үед ард түмний халаасыг ухах нь зохисгүй. Өнөөдрийн хувьд сая 500 мянган төгрөг амьдралд хүрэлцэх мөнгө биш. Харин ч төсвийн байгууллагын ажилтнуудын цалинг нэмж, доод тал нь сая 500 мянга хүргэх хэрэгтэй. Ингэж байж л одоогийн нийгэмд амьдрана. Түүнээс цалингаас татвар авах ёсгүй. МАН татвар нэмэхгүй гэж хэлчихээд эсрэгээрээ байгаад сэтгэл дундуур байгаа. Бараа, бүтээгдэхүүний үнэ байнга нэмэгдэж байхад үнийг тогтворжуулах, бууруулах арга хэмжээ авсангүй. Хамгийн хүнд хэцүүг ард түмэн үүрч, дундаж амьдралтай хүмүүс доод давхаргад шилжиж байна. Баян, хоосны ялгаа их болохоор жирийн ардын амьдралыг ойшоодоггүй юм уу даа л гэж боддог. Төрийн бодлого тууштай хэрэгжиж, ард түмэн, улс оронд өгөөжөө өгөх л хэрэгтэй байна.

     

     

     

    Баянгол дүүргийн 3 дугаар хорооны иргэн Г.Сандагдорж:

    Аливаа улс орон татваргүйгээр хөгжихгүй. Гэхдээ өндөр цалинтай хүмүүсээс татвар авна гэдгийг иргэдийн цалингийн хэмжээг жигдрүүлэх оролдлого л юм болов уу гэж харж байна. Ингэж татвар нэмэх нь эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг сайжруулахад дэм болох нь зайлшгүй ч татвар төвлөрүүлж буй зарчим нь хэр зэрэг нүдээ олсон байдаг юм бол. Цаашид татварын бодлогыг зөв, шударга явуулах хэрэгтэй.

     

     

     

    Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны иргэн Д.Амарбаясгалан:

    Нэлээд хэдэн төрлийн татвар нэмж байгаа гэж сонссон. Иргэн хүний хувьд архи, тамхины татвар нэмэхийг дэмжиж байгаа. Харин цалингаас татвар авч байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Төр, засаг иргэд, ард түмнээ бодоогүй, бодлогогүй шийдвэр гаргасан. Нийгмийн байдал, иргэдийн амьдрал ямар хэцүү байгааг харах хэрэгтэй. Хөлс хүч, эрүүл мэнд, өөрт байгаа бүхнээ зориулж олсон хэдэн төгрөгөөс нь татвар нэрээр хумслаад байхаар яаж амьдрах юм бэ. Гэтэл өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өдөр бүр нэмэгдэж байна. Өнөөгийн монголд ямар амьдрал байгааг захын иргэнээс асуух хэрэгтэй. Ийм л байна. Зөв бодлого алга.

     

     

     

    Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны иргэн Ш.Баярсайхан:

    Татварын бодлогыг хэт дэвэргэж байгаа нь буруу. Одоо татваргүй зүйл гэж байхаа болилоо. Өнөөдөр нийгэм, улс төр нь тогтворгүй, ард түмний амьдрал өдрөөс өдөрт дордож байгаа дүр зураг л харагдаж байна. Засаг, төр иргэндээ хатуу хандсан гэж боддог. Татварын дарамт иргэдийн нуруун дээр хүнд ачаа нэмсэн. Түүнээс ачааг хөнгөлж чадахгүй байна. Төр, засгаас иргэнд хүрсэн, улс орны нийгэм, эдийн засгийг өөд нь татсан дорвитой шийдвэр гарсангүй. Сонгуульд оролцож, саналаа өгсөн иргэний хувьд сэтгэл дундуур явна.