Монгол Улсын Их Сургууль “Ардчиллын танхим”-тай боллоо
    2017 оны 12 сарын 22 нд
    6183dc1dbe78e03893a381f9196e5655.jpg

    Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, “Хан-Уул хөгжил” сангийн тэргүүн П.Батчимэгийн санхүүжилтээр МУИС дэргэдээ иж бүрэн тохижуулсан “Ардчиллын танхим”-тай боллоо. Тус танхимын нээлтэд Ерөнхийлөгчийн зөвлөх Н.Алтанхуяг, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, УИХ-ын гишүүн асан Р.Гончигдорж, МУИС-ын захирал Я.Төмөрбаатар болон Улс төр судлалын тэнхимийн эрдэмтэн, багш нар, оюутнууд оролцлоо.

    Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч П.Батчимэг хэлэхдээ, “Оюутнуудад оюуны том хөрөнгө оруулалт болж, багш нарын санаачилга бодитой хэрэгжиж байгаад баяртай байна” гэв. Ийнхүү “Ардчиллын танхим” байгуулагдсанаар оюутнуудад мэтгэлцээн, клубын зарчмаар суралцах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, харилцан санал солилцож, өөрсдийгөө бүх талаар хөгжүүлэх боломж нээгдэж байна.

    Энэ үеэр Н.Алтанхуяг МУИС-тай амьдралаа холбосон он жилүүдийн дурсамжаа хуваалцаж, “Бид 1990 онд нийгмийг үндэсээр нь өөрчлөхийн төлөө тууштай явж байв. 28 жилийн дараа эргэн харахад бидний бодсон, зорьсон зүйлс зүй тогтолтойгоор гажуудаж эхэлжээ. Тоталитар дэглэмээс гажуудсан ардчилал руу явж байна. Тиймээс үүнийг арилгаж, өөрчлөхөд улс төр судлалынхны дуу хоолой чухал үүрэгтэй юм” гэдгийг онцоллоо.