Мэндчилгээ
    2017 оны 12 сарын 27 нд

     

     Монголын нийт оюутан, залуус та бүхэнд шинэ жилийн мэнд дэвшүүлье. Улиран одож буй 2017 он монголын оюутны түүхэнд төдийгүй, монголын улс төрийн томоохон хүчин Ардчилсан намын түүхэнд их ажил амжуулсан сайхан жил боллоо. Ардчилсан намын шинэчлэлийн хүрээнд 2017 оны тавдугаар сарын 21-ний өдөр Ардчилсан оюутны холбоог байгуулсан билээ. Тус холбоо нь хагас жилийн хугацаанд монголын хамгийн том оюутны байгууллага болж чаджээ. Энэ хугацаанд ардчилсан үзэлтэй оюутан, залуус бид 96 их, дээд сургуулийн 155 мянга гаруй оюутанд чиглэсэн найман бүлэг 88 ажлыг амжилттай хэрэгжүүлж, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран оюутан, залуусын хөгжил, эх орныхоо сайн сайханд чиглэсэн олон санаачилга гарган бодит ажил болголоо. Оюутан, залуусын оюуны хөгжилд чиглэсэн “Англи хэлтэй оюутан”, “Хүмүүжил, төлөвшилтэй оюутан”, “Мэдлэгтэй зөв оюутан” аян өрнүүлж, “Эрүүл чийрэг оюутан монголын ирээдүй” уриан доор урлаг, спортын бага наадам зохион байгуулав. 2017 онд оюутан, залуусын эрх ашиг хөндөгдсөн сайн болоод саар зүйлүүд ч байлаа. Гэхдээ Ардчилсан оюутны холбоо саар муугийн эсрэг сэтгэл зүрхээрээ тэмцэж, сайн сайханд түүчээлж чадсан. Ирэх онд бид оюутан, залуусын оюуны хөгжилд хандсан олон ажил хийх төлөвлөгөөтэй байна. Оюутан, залуусын төдийгүй улс орныхоо сайн сайханд хандсан олон зүйлийг бид санаачлах хэрэгтэй. 2017 он гантай байсан учраас өвөлжилт хүндэрч магадгүй байна. “Далайд дусал нэмэр” гэдэг. Малчиддаа дэм болохоор ардчилсан үзэлтэй оюутан, залуус өөрсдийн боломжоор 10 мянган нэмнээ цуглуулсан. Ирэх онд 21 аймгаар тойрч хандиваа малчидад хүргэх болно. 2018 он оюутан, залуус та бүхэнд сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт дагуулсан жил байх болтугай. Нийт оюутан, залуус та бүхний өмнө Ардчилсан оюутны холбооны үүд хаалга ямагт нээлттэй байх болно.

    Ардчилсан оюутны холбооны Ерөнхийлөгч Н.Лхагвадорж