Мэндчилгээ
    2017 оны 12 сарын 28 нд
    68b8b5f12001b51f544542289f03efdf.jpg

    Залуу нас бол тэсрэлттэй, эрмэлзэл дүүрэн цэнэг юм. Залуусын эрч хүч, зорилго тэмүүлэл, шинийг эрэлхийлэх, өөрчлөх хүсэл нь тухайн нийгмийнхээ татах хүч, хөдөлгүүр байдаг. 1990 онд өрнөсөн Цагаан морин жилийн ардчилсан хувьсгал ард түмний хүсэл зориг, он удаан жилийн хүлээлтээс гадна залуусын зоригтой алхам, уйгагүй зүтгэлээр боссон гэж боддог.

    Ардчилсан залуучууд бид өнөөдөр 90 мянгуулаа болжээ. Ирэх онд миний бие өөрийн баг, бүрэлдэхүүний хамт эдгээр залуустайгаа уулзан мэдээлэл түгээж, хувь хүнийг чадавхжуулан сургахад чиглэсэн үйл ажиллагааг тасралтгүй явуулахад зорьж ажиллана. Энэ хүрээнд урт хугацааны сургалтуудаас гадна нийгэмд чиглэсэн олон ажил хийхээр төлөвлөөд байна.

    Залуус бид гар хумхин цэцэрхэж, биеэ оторлож, шүүмжлэгчийн байр сууринаас идэвхгүй байж таарахгүй. Харин нийгэмдээ идэвх оролцоо, санаачилга, эв нэгдлийг хангасан бүтээлч хамтрагчид байх нь чухал юм.

    Тиймээс бид “Андууд” цуврал төслийг санаачлан залуустаа санал болгож буй юм. Энэхүү төслийг хөгжүүлж, залууст төдийгүй нийгэмд хэрэгтэй, хүртээмжтэй болгохын тулд 21 аймаг, есөн дүүргийн АЗХ-ны гишүүдтэйгээ хамтран ажиллахад бэлэн байна.

    АЗХ нэгнийгээ сонсдог, хамтарч чаддаг, ахмад үеэ хүндэлдэг, шударга бус зүйлтэй тэмцдэг, эрх баригчдын бодлогын алдааг шүүмжилдэг, өөрсдийн алдааг мэдэрч, засаж чаддаг байгууллага байхын төлөө хичээнгүйлэн ажиллах болно.

    Эх сайхан монгол орныхоо өнцөг булан бүрт суугаа ардчиллын төлөөх үзэл санаа нэгтэй нийт залуустаа шинэ оны мэнд хүргэе!

     

    Ардчилсан Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэболд