УИХ-ЫН ГИШҮҮН С.ЭРДЭНЭЭС МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХЭД ХАНДАН ОЮУ ТОЛГОЙН ТАЛААР ТАВЬСАН АСУУЛГАД ХАРИУ ӨГӨӨГҮЙ БАЙНА
    2018 оны 01 сарын 23 нд
    f426881fab4f251fab21320dd00b4eaf.jpg

    УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд энэ сарын 11-ний өдөр "Оюу толгой"-н асуудлаар асуулга хүргүүлсэн. Асуулгын хариуг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэгт заасан хугацаанд бичгээр ирүүлж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд сонсгох ёстой. Гэвч  өнөөдрийг хүртэл хариуг сонсгоогүй байна.  Уг асуулгад "Оюу Толгой"-н борлуулалтын орлого хаана төвлөрч, хэрхэн, ямар зориулалтаар ашиглаж байгаа талаарх мэдээлэл, тооцоог гаргаж танилцуулах, валютын нөөцийн хомсдолыг арилгахын тулд Монголын баялгийн орлогыг Монголоор дамжуулах ёстой. Гэтэл Олон Улсын Валютын Сан нэг компаний эрх ашгийг Монгол Улсын эрх ашгаас дээгүүрт тавьсан алхам хийсний учрыг тодруулах, "Оюутолгой" компани Монгол улсын нутаг дэвсгэр дээр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн дагуу бусад аж ахуй нэгжийн адил татвараа төлсөн тохиолдолд Монгол улсын эдийн засагт нэмэгдэх орлогын дүн мэдээний талаар асуусан. Мөн “Айвенхоу Майнз” компани 30 жил усны нөөцийг эзэмшихээр болсон. Энэ нь Монгол улсын үндсэн хуультай харшилж байгаа тул энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар, "Таван Толгой"-н цахилгаан станцыг анхны хөрөнгө оруулалтын гэрээ хийх үеэр тав, зургаан жилийн дотор барина гэсэн үүргийг Монголын тал хүлээж байсан. Гэтэл өнөөг хүртэл эхлээгүй цахилгааны төлбөр сард 7-8 сая ам.доллар гадагшаа урсгаж байгаа асуудлыг шийдвэрлэх боломж бий эсэх талаар зэрэг асуулгад тодорхой хариу ирүүлэхийг хүссэн юм.