Тэвчээр алдарч, тэнхээ сульдаж байна
    2018 оны 01 сарын 25 нд

    Эрх баригч МАН-ын үндсэндээ дангаараа бүрдүүлсэн УИХ хүлээн зөвшөөрсний дагуу МАН-ын дарга У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн Газраас явуулж буй үйлдэл бүр иргэдийн аж амьдралыг алхам алхамаар уруудуулж, амь нас, эрүүл мэндэд хором хоромоор заналхийлэх нь хэрээс хэтэрлээ.

    Иргэдийнхээ цалин, тэтгэвэр, орлогыг нэмэгдүүлэх нэг ч шийдвэр гаргаагүй атлаа олон төрлийн татвар нэмэж, шатахууны үнийг өсгөснөөр өргөн хэрэгцээний бараа бүтээгдэхүүний үнэ дээшлэх тул цалингаас цалин, тэтгэврээс тэтгэврийн хооронд арай ядан амь зууж байсан жирийн иргэд туйлдаж гүйцлээ. Эдийн засгийн хямрал дэлхий нийтийг хамарч байна гэж ухуулах атлаа төр засгийн дээдэс дэндүү тансаглаж, хөрөнгө мөнгийг хайр гамгүй үрэн тансаглах нь цагаандаа гарав. Эрх мэдэлтнүүдийн зориудаар өөгшүүлэн буй энэхүү хямралд хамгийн ихээр хэлмэгдэн хохирч буй хүмүүс бол нялх балчир хүүхдүүд, тэтгэврийн хөгшид.

    Сонгуулийн амлалтанд чинь хууртаж итгэлээ өгсөн МАН-ын эрхэм гишүүд чинь төр түших чадваргүй, ноён нуруугүй эсвэл тэр нуруу нь аль хэдийнээ хугарчихсан олон түмний элэг доог төдий мануухайнууд болж хувирлаа. Утаатай тэмцэх нэрийн дор хийж буй булхай, байдлыг сайжруулах нэрээр сэдэж буй санаачлага бүр чинь жирийн иргэдийн гарт үлдсэн хэдэн төгрөгийг хаман авахад л чиглэх боллоо. Эдийн засаг үнэхээр хямар ч буй нь үнэн бол захиргааны том зардлаа танах, гадаад дотоод томилолтоо багасгах, хүлэглэн буй өндөр үнэтэй жипнүүдээ болих, олон яамдаа цөөлж, дэд сайд, орлогч нарын тоог цомхотгох, найр наадам, зугаа цэнгэлээ болих гэхчлэн наад захын арга хэмжээ нэгийг ч авсангүй.

    • гишүүд чинь бохь, боов, дотоож, доодох төдийгөөс хэтрэхээ больж хүчин хийх, хүн дайрч алах байдлаар гэмт хэрэг үйлдэх мөртлөө “халдашгүй байдал” гэгчээрээ халхавчлан хууль ёсыг завхруулж байна. Аливаа зүйлд хэмжээ хязгаар гэж бий. Хүний тэвчээрт ч гэсэн тулаад зогсох өдөр гэж бий. Өнөөдөр ийм байдал бүрдчихлээ. Утааны эсрэг, офшорын эсрэг, хүчирхийллийн эсрэг, хөрсний бохирдлын эсрэг, хурдан морины өвлийн уралдааны эсрэг, татвар нэмэхийн эсрэг гэхчлэн олон жагсаал цуглаан болсонд хамрагдсан хүмүүс цөөвтөр байсан тал бий. Үүнийг гадна талаас нь харчихаад иргэд тайван байгаа мэтээр тайвширч суугаа бол том эндүүрэл. Иргэдийн уур бухимдал дээд цэгтээ хүрчихсэн шүү. Ялангуяа, ахмадууд маш их ууртай байна. Ахмадуудад албан тушаал, төсөл хөтөлбөр, тендер концесс гэх зэрэг ашиг сонирхолын зөрчил үгүй, бас ажилд орох, зээл авах гээд хүний наад захын эрх эдлэхээс ч хасагдчихсан тул алдах юмгүй онцлогтой. Яг гинжнээсээ өөр алдах юмгүй нүцгэн пролетариуд гэдэг шиг. Ахмадуудад зөвхөн тэтгэвэр нь саадгүй сар бүр ирж байхад л бараг болно. Харамсалтай нь өгч буй тэтгэвэр нэмэгдээгүй атлаа өдөр тутам авдаг хүнсний гол барааны үнэ бүгд өссөн учир харин ч тэтгэвэр хасагдсан гэхэд болно. Өнөөдөр бий болсон нөхцөл байдлыг цухасхан дурдав. Цаашид бидэнд тэвчиж суух хугацаа ч, нас ч үлдэхгүй нь. Арай танагтай дээр нь таслан зогсоохгүй бол улс орон ч сүйрэх нь. Хамгийн уудам газар нутаг, хамгийн цөөн хүн ам, хамгийн олон мал сүрэг, хамгийн их байгалын баялагтай Монгол Улс дэлхийн хамгийн их утаатай нийслэл, хамгийн их авлигатай улс, хамгийн ядуу иргэдтэй улсаар бүртгэгдэнэ гэдэг шившиг. Эх орноо, ард түмэнтэй нь ийм уруу дорой байдалд хүргэсэн түмэн бурууг төрийн эрх мэдлийг барьж байсан улс төрийн намууд, тэр дотроо хамгийн олон жил төр толгойлсон МАН-ын удирдлага хүлээх ёстой. Үүнээс цааш хүлээх боломжгүй. Ахмадууд бид үр хүүхэд, ач зээ нарынхаа ирээдүйг бодож, Үндсэн Хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу одоогийн УИХ-ыг тараах, Засгийн Газрыг огцруулах жагсаалд идэвхийлэн оролцохоо мэдэгдэхийн ялдамд, өргөн олны тэмцэлд нэгдэхийг нийт ахмадууддаа уриалж байна.

     

    Ардчилсан Ахмадын Холбоо