Орон нутгийн Ардчилсан намын хороод жагсаалд нэгдэж үгээ хэлнэ
    2018 оны 01 сарын 26 нд

    Орон нутгийн Ардчилсан намын хороод ирэх сарын 1-нд улс орон даяар болох эсэргүүцлийн жагсаалд нэгдэхээ илэрхийлж байна.

     

     

    Хэнтий аймгийн Норовлин сумын АН-ын хорооны дэд дарга Д.Угтахбаяр: Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнээ зээлж авдаг болсон

     

     Улаанбаатарт шатахууны үнэ хэд байхад орон нутагт хэд байдаг билээ. Дагаад л нэмэгддэг. Суманд бэлэн мөнгөөр худалдан авалт хийдэг цаг хэдийнэ өнгөрсөн. Бүгд тэтгэвэр, цалингийн зээлтэй, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнээ ч зээлж авдаг. Орон нутагт амьдрал ийм л байна. Сумын төвийн малгүй, ядуу өрх тусламж, дэмжлэг харж өдөр хоногийг өнгөрөөнө. Тэдний амьдралыг мал дээр байгаа малчныхтай харьцуулж болохгүй. Иргэнээ ингэж амьдруулж чадаж байгаа өнөөдрийн төр, засагт харамсаж байна. Төлөвлөгөө, төлөвлөлтгүй, бодит тооцоололгүй ажилладаг МАН-д улсаа удирдах, хөгжүүлэх чадамж алга. Тэд ард иргэдийн толгойг угааж санал нь авах болохоор сайн ажилладаг юм билээ. Ийм хүнийрхүү хандаж болохгүй. Нийгмийн бухимдал дээд цэгтээ хүрч байна. Төрийн албан хаагчид нь өөрсдийгөө дарга гэж итгэдэг, намын харьяалалаар залуусаа ялгаварладаг энэ тогтолцоог халах хэрэгтэй. Манай гишүүд, иргэд энэ бүх болохгүйг эсэргүүцэж, жагсаалд нэгдэнэ гэдгээ хэлье.

     

     

    Архангай аймгийн Чулуут сумын АН-ын хорооны дарга Б.Туул: Эх орондоо ингэж амьдарч таарахгүй

     

    Шатахууны үнэ нэмэгдсэн нь хөдөө, орон нутгийн иргэдийн амьдралд шууд нөлөөлж байна. Манай сум төв замаас алслагдмал учраас “Шунхлай”, “Петровис” зэрэг орон даяар салбартай шатахуун түгээх станц байдаггүй. Хувийн шатахуун түгээх станцтай учраас шатахууны үнэ огцом нэмэгддэг. Үүнийг нь дагаад Улаанбаатараас татдаг өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өссөн. Энэ нь иргэдийн амьдралд хүнд тусч байгаа. Өнөөгийн эрх баригчдыг шүүмжлэхээс өөр арга алга. Өнгөрсөн хугацаанд татвар, тэтгэврийн нас, шатахууны үнийг нэмлээ. Үүнээс өөр хийсэн зүйл олж харахгүй байна. Халамжийн бодлогыг хавтгайруулахгүй, зорилтот бүлэгт чиглүүлж байсныг үгүй хийлээ. Тухайлбал, цалинтай ээж хөтөлбөр байна. Амьдралд дэм болохгүй хэдэн төгрөгөөр “нүглийн нүдийг гурилаар хуурав” гэдэг л боллоо. Ийм үр дүнгүй, иргэний амьдралд дэм болохгүй бодлогоо болих хэрэгтэй. Цалин, тэтгэвэр нэмэгдэхгүй байхад бүх юмны үнэ нэмэгдчихээр яаж амьдрах юм бэ. Эрүүл мэнд, нийгмийн даатгалаа хувиараа төлдөг байсан. Одоо төлөхөд хэцүү боллоо. Иргэдийн төрдөө итгэх итгэл алдарсан. Хүмүүс “Гадаад л гаръя, амьдрахад хэцүү байна” гэж ярьж байна. Эх орондоо ингэж амьдарч таарахгүй. Тиймээс ирэх сарын 1-нд болох жагсаалыг дэмжиж оролцоно.

     

     

    Төв аймгийн Эрдэнэ сумын АН-ын хорооны дарга А.Төмөрсүх: Болохгүй бүхнийг нэг дуугаар чанга хэлэх хэрэгтэй байна

     

    Хүйтэнтэй зэрэгцээд хөдөө, орон нутагт иргэдийн амьдрал хэцүүдэж байна. Шатахууны үнэ нэмэгдсэн. Дагаад бүх бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдчихсэн. Иргэд ууртай байна. Итгэлээ өгч сонгосон төр, засаг нь амлалтаа биелүүлэхгүй, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхгүй, иргэдээ иргэн гэж үзэхгүй байхад өөрөөр яах юм бэ. МАН-ын Засгийн газар маш муу ажиллаж байгаа. Үүнтэй санал нийлэх иргэн олон бий. Бид жагсаал, цуглаан хийж, төр, засагт сануулга өгөхгүй бол болохгүй цаг үе иржээ. Цахим мэдээллийн хэрэгсэлээр бухимдлаа илэрхийлэхээс хэтрэхгүй байна шүү дээ. Дэлхийн бусад улсад авлига, хууль зөрчсөн үйлдлийг ард иргэд нь эсэргүүцээд асуудлаа шийдэж болж байхад бид яагаад тэгж болдоггүй юм. Иргэд хүлцэнгүй байгаа учраас эрх баригчид даварч байна. Тиймээс төрд цочроо өгөх хэрэгтэй. Ингэж чадахгүй бол төр төр шиг оршихгүй. Бид жагсаж, болохгүй бүхнийг нэг дуугаар чанга хэлэх хэрэгтэй байна. Жагсаалыг дэмжиж оролцоно.