Аймгийн төв дээрээ нэгдэж, дуу хоолойгоо төр, засагт хүргэнэ
    2018 оны 01 сарын 30 нд

    Орон нутгийн АН-ын хороод ирэх сарын 1-нд улс орон даяар болох эсэргүүцлийн жагсаалд нэгдэхээ илэрхийлж байна.

     

     

    Төв аймгийн Цээл сумын АН-ын хорооны дарга Б.Нямбаатар: Хувиараа нийгмийн даатгал төлдөг байсан энэ жилээс төлж дийлэхгүйд хүрлээ

     

    Манай сум газар тариалангийн бүсэд хамаардаг. Бид тариа, ногоогоо тарьж амь зуудаг улс. Гэтэл сүүлийн хоёр жил тариа, ногоо ургаагүй, ургац алдсан. Ингээд банкнаас авсан өрөө төлж дийлэхгүйд хүрч байна. 2018 оныг хүн бүр өртэй угтлаа. Үүнээс гадна шатахууны үнийн өсөлттэй холбоотой өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн. Улаанбаатарт шатахууны үнэ нэмэгдэхээс өмнө манай суманд АИ-92 30 төгрөгөөр нэмэгдэж байсан. Гэтэл одоо тасарчихсан ирэхгүй байгаа гээд 2000 төгрөгөөр болчихож байна. Заримдаа шатахуун түгээх станцууд ажиллахгүй байгаа юм. Бодвол үнээ нэмэх гэж байгаа болов уу. Тэтгэврийн насыг нэмсэнээр энэ жил тэтгэвэрт гарна гэсэн хүмүүсийнх хойшилж байна. Миний хувьд хувиараа нийгмийн даатгал төлдөг байсан энэ жилээс төлж дийлэхгүйд хүрлээ. Энэ мэтчилэн асуудал үүсч байгаа учраас иргэд Засгийн газрын шийдвэрийг дэмжихгүй байх нь ойлгомжтой. Бид эсэргүүцлийн жагсаалыг дэмжиж оролцоно. Аймгийн төв дээрээ нэгдэж, дуу хоолойгоо төр, засагт хүргэнэ гэж бодож байгаа.

     

     

    Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын АН-ын хорооны дарга Б.Отгонбаяр: Төр, засаг хэлсэндээ хүрэхгүй, иргэнээ бодохгүй байхад бид яалтай билээ

     

    Засгийн газрын удаа дараа гаргасан шийдвэрүүд иргэдийн амьдралд шууд нөлөөлсөн. Өвөлжилт хүндэрсэн энэ үед шатахууны нөөц дууссан гээд шатахуун өгөхгүй байгаа. Үүнтэй зэрэгцээд нийгмийн даатгалын шимтгэл, татварын нэмэгдэл гээд ар араасаа асуудал ундарч, иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрлээ. Манайх гурван баг, нэг нь тосгонтой. Тосгоны хувьд иргэдийн амьдралын түвшин дундаж байдаг. Тиймээс бараа, бүтээгдэхүүний үнийн нэмэгдэл зэргээс шалтгаалан эмзэг давхаргад шилжих магадлал өндөртэй. Төрийн эрхийг барьж буй МАН хэлсэндээ хүрэх хэрэгтэй байна. Төр, засаг хэлсэндээ хүрэхгүй, иргэнээ бодохгүй байхад бид яалтай билээ. Ямартай ч орон даяар болох жагсаалыг санал нэгтэй дэмжинэ.

     

     

    Дархан-Уул аймгийн Орхон сумын АН-ын хорооны дарга Ц.Эрдэнэцогт: Өнөөгийн Засгийн газарт муу дүн тавина

     

    Сонгогч, жирийн иргэний хувьд өнөөгийн Засгийн газарт муу дүн тавина. МАН-ын сонгогчдод өгсөн амлалт бий. Түүнийгээ хэрэгжүүлэхийг шаардах ёстой. Иргэдийн амьдрал хэцүү байгааг хаана хаанаа мэдэж байгаа. Тэгсэн атал тэтгэврийн нас, нийгмийн даатгалын шимтгэл нэмэж, хүүхдийн мөнгийг хассанд иргэд дургүй байна. Манай сумын айл өрхийн 90 орчим хувь нь ногоо тарьж, амьдралаа залгуулдаг. Бидний хувьд байгалийн гэнэтийн хүчин зүйлээс шалтгаалан ургац алдах тохиолдол бий. Тиймээс ногоочдын амьдрал, хүч хөдөлмөрийг бодолцож байгалийн давагдашгүй хүчин зүйлээс учирсан хохирлын тодорхой хэмжээг нөхөн төлбөр хэлбэрээр олгодог байвал бидний амьдралд тустай байна. Үүнийг анхаарч үзэх зайлшгүй шаардлага бий. Өмнө нь уг асуудлыг олон удаа тавьж байсан боловч өнөөг болтол шийдвэрлэж өгсөнгүй. Түүнчлэн хөдөө, орон нутагт намчирхдаг үзлийг халах хэрэгтэй. Тухайлбал, манай суманд МАН олонх болсон. Гэтэл сонгуулийн үеэр МАН-ын талд ажилласан хүмүүс тэтгэвэр авахын зэрэгцээ ажил хийж төсвийн мөнгөөр давхар цалинжиж байна. Төрийн албаны нэг тогооноос хүртэж байж нэг хэсэг нь сардаа хоёр халбагдаад байж болохгүй. Тиймээс тэтгэвэрт гарсан л бол тэтгэвэрт нь гаргадаг баймаар байна. Ингэж намын харьяалалаар ажиллаж байгаа учраас зарим төрийн албан хаагчдад шахалт, дарамт үзүүлдэг нь наад захын асуудал. Энэ бүхнийг болиулахын төлөө жагсаалыг дэмжиж байгаа.