Б.Пүрэвдорж: Ард түмэн Засгийн газрын буруу шийдвэрийн улмаас хохирч байгаа учир жагсана
    2018 оны 01 сарын 30 нд
    0f7ac4d53e27cbfdb561eb2e1d3fcd0e.jpg

    УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой ярилцлаа.

    -Засгийн газар 100 хоногийн хугацаанд хийсэн ажлынхаа талаар дүгнэлээ. Сөрөг хүчний зүгээс Засгийн газрын энэ тайлантай хэр санаа нийлж байгаа вэ?

    -Засгийн газар 100 хоногийн хугацаанд хийсэн ажлынхаа тайлан гэж тавилаа. Засгийн газрын хийх ёстой л ажлуудын нэг шүү дээ. Үнэндээ Засгийн газар энэ хугацаанд дорвитой ажил хийгээгүй. Өнөөдөр ард түмний бухимдал их байгаа нь Засгийн газар ямар хэмжээнд, юу хийж ажилласан бэ гэдэгт өгч буй үнэлэлт дүгнэлт юм. 2018 оны төсвийг хар л даа. Маш их үрэлгэн зардалтай төсөв батлагдсан. Ард түмний татварын мөнгийг үргүй зарах асуудлыг төсөвт олноор нь суулгасан. МАН сонгуулиар ямар амлалт өгч гарч ирсэн бэ гэдэг ганцхан жишээ ярихад л хангалттай. Татвар нэмэхгүй гэж чангаар ярьж, иргэдийн сонголтоор гарч ирчихээд өнөөдөр есөн төрлийн татвар нэмж байгаа нь улс төрийн эрх баригч нам төдийгүй Засгийн газар 100 хоногийн хугацаанд яавч олигтой ажил хийсэн гэж хэлж болохгүй. Шатахууны үнэ нэмэгдсэн нь иргэдийн хувьд бухимдлыг дээд цэгт нь хүргэсэн.

    -Энэ асуудалд Засгийн газар өөрөө бие даан шийдвэр гаргах боломжгүй байв уу?

    -Тийм. Засгийн газар шатахууны үнийн асуудлыг заавал УИХ-аар хэлэлцээд байлгүй онцгой албан татварыг тэглэх боломжтой байсан. 2007 онд УИХ-аас Засгийн газарт шийдвэрлэх эрхийг нь өгчихсөн байдаг юм. Гэтэл үүнийгээ ч мэдэхгүй цаг хугацаа алдаж шатахууны үнэ нэмэгдээд зогсохгүй иргэд шатахуун авах гэж дугаарлах, хомсдол үүсэх зэрэг сөрөг нөхцөл байдал бий болгосон. Шатахууны үнэ нэмэгдэх сургаар хүнс, бараа бүтээгдэхүүний үнэ өсчихөөд байна шүү дээ. Гэтэл буцаад хэвийн түвшиндээ очих хүртэл цаг хугацаа алдлаа. Үүнээс болж шатахууны үнэ хэвийн хэмжээндээ очсон ч бараа бүтээгдэхүүний үнэ дагаад буусангүй. Энэ нь эдийн засагт тун хортой нөхцөл байдал үүсгэсэн гэсэн үг.

    -Ерөнхий сайд хоёр төрлийн татварыг ОУВС-тай ярилцаж шийдвэрлэсэн. Нөгөө талдаа бусад татварууд хэрхэх вэ гэдэг асуулт үлдэж байна?

    -Шатахууны онцгой албан татварыг тэглэлээ гэдэг нь цаашид шатахууны үнийг тогтвортой буулгах зөв шийдвэр болж чадаагүй гэж харж байгаа. АИ-92, А-80 шатахууны онцгой албан татварыг л тэглэсэн шүү дээ. Бусад шатахууны онцгой албан татвар хэвээрээ байгаа. МАН бодлого, судалгаагүй нам гэдэг нь харагдаж байгаа юм. “Приус”-ны татварыг л гэхэд долдугаар сарын нэгэн хүртэл болиулчихаад буцаагаад нэмчихсэн. Хүүхдийн мөнгийг 40 хувьд нь олгоно гэж байснаа Ерөнхийлөгчийн сонгуульд зориулж 100 хувь болгож байсан. Энэ мэтээр төр Засгийн гаргасан шийдвэр эргэж буцдаг баймааргүй байна. Төрийн бодлого шийдвэр судалгаан дээр үндэслэгдэж, урт хугацаанд хэрэгждэг байх нь төр тогтвортой байхад онцгой чухал нөлөөтэй. Гэтэл Засгийн газар эргэж буцсан шийдвэр их гаргалаа. Бизнес эрхлэгчдийнхээ төлөвлөгөөтэй ажиллах боломжийг хангаж өгч чадахгүй байна.

    -Ардчилсан нам хоёрдугаар сарын 1-нд орон даяар жагсаал цуглаан зохион байгуулна гэсэн. Хэвээрээ юү?

    -Энэ байр суурь хэвээрээ байгаа. Ардчилсан намаас эрх баригчдад гурван төрлийн шаардлага хүргүүлсэн. Нэгдүгээрт, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг “60 тэрбум”-д холбогдсон МАН-ын өнөөгийн удирдлагууд хийх эрхгүй. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахад маш сайн ул суурьтай судалгаа хэрэгтэй гэж үзэж байгаа. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажил зохион явуулахдаа Үндсэн хуулийн заалт зөрчсөн. Хоёрдугаарт, гамшгийн хэмжээнээс давсан утааны асуудал дээр зуух тараана гэдэг асуудлаа болих хэрэгтэй. Үүнд шийдвэртэй, боломжит гарцыг тодорхойлох ёстой. Гуравдугаарт, татварын асуудлаа эргэж харах нь зүйтэй гэсэн шаардлага хүргүүлсэн. Өнөөдөр Засгийн газраас нэг ч албан ёсны хариу өгөөгүй байна. Тиймээс Ардчилсан нам энэ гурван шаардлагынхаа хариуг нэхэж, орон даяар жагсаал, цуглаан өрнүүлэх болно.

    -Ардчилсан намыг ард түмнийг өдөөн турхирах гэж байна хэмээн нэр бүхий сайдууд шүүмжлээд амжсан. Та юу хэлэх вэ?

    -Энэ бол ард түмнийг өдөөн турхирсан явдал биш. Эрх баригчдын буруутай алхмыг ард түмэн, бизнес эрхлэгчид өнөөдөр шүүмжлэх завгүй ажиллаж байна. Гэтэл шүүмжлэх завгүй ажиллаж байгаа тэдний орлогоос танасан шийдвэр гаргана гэдэг эрх баригчдын хувьд улс орноо хөгжүүлэх шийдвэр мөн үү. Засгийн газрын энэ мэт буруу шийдвэрээс болж ард түмэн хохирч байгаа учраас нийтээрээ жагсаж, шүүмжлэлтэй хандах ёстой. Эрх баригчид ийм маягаар цаашид төрийн ажлыг үргэлжлүүлвэл үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд ч халтай. Тиймээс энэ мэт алдааг нь шүүмжилж, жагсах цаг нь болсон.

    -Ардчилсан нам Бодлогын зөвлөл байгуулж ажиллахаа албан ёсоор зарласан. Цаашид Засгийн газарт “Сүүдрийн Засгийн газар”-ын зарчмаар шахалт үзүүлж ажиллана гэж ойлгож болох уу?

    -Ардчилсан нам нэг жилийн хугацаанд гурван удаа Их хурал хуралдуулж байж намын дүрэмдээ асар их өөрчлөлт оруулж чадсан. Намын бүхий л албан тушаалтан гишүүдээсээ хамаардаг нам болж шинэчлэгдэж чадсан. Тийм учраас нам доторхи дүрмээрээ ажилладаг, эрүүл уур амьсгал нь Бодлогын зөвлөлийг байгуулах суурь нь болж өгсөн. Бодлогын зөвлөл Засгийн газраас гарч байгаа шийдвэрүүдийн зөвийг нь дэмжиж, бурууг нь шүүмжилж, бодлогын түвшинд ярина гэсэн үг. Засгийн газраас гаргаж байгаа, бодлого шийдвэрүүд бодлогын түвшинд тааруу байгаа учраас Бодлогын зөвлөл шүүмжлэлийг ил тод хэлээд явах болно.

    -Ардчилсан намын зарим гишүүд тусдаа нам байгуулна гэсэн яриа гарах боллоо. Энэ үнэн үү?

    -Ардчилсан нам бол олон ургальч үзлийг хүлээн зөвшөөрдөг нам. Ардчилсан нам дотор бие даан шийдвэр гаргах чадвартай маш олон хүн бий. Тэглээ гээд нам байгуулаад тусдаа гарсан асуудал байхгүй. Энэ бол зүгээр л Ардчилсан намын талаар сөрөг яриа гаргах гэсэн жижигхэн явуургүй арга төдий. Өнөөдрийн байдлаар Ардчилсан намын гишүүд намынхаа бодлогыг улам сайжруулж, ул суурьтай алхам хийхийн төлөө байнгын ажиллагаатай байгаа. Тэгэхээр энэ зэргийн увайгүй яриа намын дотоод эв нэгдлийг эвдэж чадахгүй гэдгийг хэлмээр байна.

    Ц.ТАМИР

    Эх сурвалж: medee.mn