Мэндчилгээ
    2018 оны 02 сарын 15 нд
    06ec9504abfbd27b794cec3ef86ccbf5.jpeg

    Монгол түмэндээ айлчлан ирж буй “Нөхөрсөг” хэмээх шар  нохой жилдээ төрлөөрөө түвшин амгалан, элгээрээ энх амгалан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Монголчууд бид хэзээнээс амны бэлгээс ашдын бэлгэ хэмээн бэлгэшээж, аливаа саар бүхнийг цайлгаж ирсэн сайхан уламжлалтай. Энэ сайхан эртний ёсыг үл эвдэн өтгөс буурлынхаа амрыг айлтгаж, өргөн түмнийхээ мэндийг мэдэхийн зэрэгцээ өвлийг өнтэй давж, хаврыг хавтай угтахын бэлгэдэл Сар шинийн баярын мэндийг та бүхэндээ хүргье. 
    “Алтан унжлагат” хэмээх тахиа жил Монгол түмний хувьд амаргүй олон сорилттой тулгарсан жил байлаа. Хоёр жилийн өмнө ард түмний итгэл найдварыг хүлээн сонгогдсон эрх баригчид хэдий 65-уулаа ч төрийн тогтвортой байдлаа хадгалж чадсангүй. Өвөр зуураа тэмцэлдсээр Засгийн газраа огцруулсан ч “Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов” гэгч болжээ. 
    Төрийн ойлгомжгүй, тогтворгүй байдлын улмаас есөн төрлийн татвар нэмэгдэж, улс орон даяар бензин шатахууны хомсдол нүүрлэж, үүнийг дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт өсөх болов. Эдийн засгаа сүйрлийн хэмжээнд хүргэж, 40 хувьтай байсан өрийг таазыг 100 хувьд хүргэж, 2012-2016 онд авсан Чингис бондын 1.2 тэрбум доллараас даруй 1.3 тэрбумаар их буюу 2.5 тэрбум долларын зээл авсан ч ганц километр зам тавьсангүй, энэ гээд үзүүлчих бүтээн байгуулалт нэгийг ч хийсэнгүй. 
    2016 онд 1.3 хувийн өсөлттэй, мөн 1.3 хувийн инфляцтай улс орныг хүлээн авсан эрх баригчид  дэлхийн зах зээл дээрх уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлтийн нөлөөгөөр 5.3 хувь өссөн эдийн засгаа тогтоон барьж чадалгүй, сайд нарынхаа хэт үрэлгэн тансаглал, бодлогогүй, харалган шийдвэрийнхээ харгайгаар инфляцыг 8.6 хувь хүртэл хөөрөгдлөө. Ийнхүү эдийн засгийн өсөлтөө инфляцид идүүлж, Олон улсын валютын сан хэмээх гаднын эрх ашгийг хамгаалсан байгууллагын амыг харж суудаг сул дорой төр нэгэнт бий болжээ. 
    Үүгээр зогсохгүй улс орныхоо эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болсон “Эрдэнэт” үйлдвэрийнхээ 51 хувийг гаднын банкны барьцаанд тавьж, алдах дээрээ тулаад байна. Олгой хагаравч тогоон дотроо гэгчээр “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудал бол монголчуудын дотоод асуудал. Хэн ч эзэмшсэн Монголдоо үлдэх баялаг. Харин 51 хувийн асуудал бол Үндсэн хуулиар “Монголын нийт ард түмний мэдэлд байна” гэж заасан үлэмж их баялгийг үнэгүйдүүлж харь улсын өмчлөлд шилжүүлэх гэж буй увайгүй алхам юм. 
    Иймд Ардчилсан нам сөрөг хүчний хувиар Монголын нийт ард түмний өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, эрх баригчдын бодлогогүй, увайгүй алхмын эсрэг тууштай тэмцэл өрнүүлж,УИХ-ын дарга, Ерөнхий сайдад хугацаатай шаардлага хүргүүлж, “Бүх нийтийн эсэргүүцлийн жагсаал” зохион байгуулж, есөн төрлийн татварыг цуцлах, Утааны эсрэг бодитой, дорвитой шийдэл гаргах, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар төрийн эрхийг хууль бусаар авах санаархлаа зогсоохыг шаардсан билээ. Эрх баригчид энэхүү шаардлагыг өнөөг хүртэл биелүүлээгүй төдийгүй иргэдийнхээ халаасыг сэгсэрсэн татварын бодлого үргэлжлүүлж, “Утаагүй” гэх утаат зуух тарааж,  Үндсэн хуулийн бус аргаар Үндсэн хуульд гар хүрэхээр зэхэж байна. 
    Тиймээс Ардчилсан нам ард түмэнтэйгээ амь нэг байж, эрх баригчдын алдааг засч, зөв замыг зааж өгөхийн төлөө айлчлан ирж буй нохой жилдээ тууштай тэмцэх болно. Бид эрх баригчдаас шаардлагынхаа хариуг нэхэж дахин жагсах болно гэдгээ нийт ард түмэндээ мэдэгдэхийн ялдамд энэхүү тэмцэлд та бүхнийг нэгдэж төр түмэндээ үгээ хэлж, эсэргүүцлээ илэрхийлэхийг уриалж байна. 
    “Нөхөрсөг” хэмээх шар нохой жилдээ Монгол түмэн маань сар шинэдээ өргөн дэлгэр сайхан шинэлээрэй. 

    УИХ-ЫН ГИШҮҮН, АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА
    СОДНОМЗУНДУЙН ЭРДЭНЭ